Их, дээд сургуульд элсэгчдийн тоо эрс буурчээ

Д.Тулга / Боловсрол

muisЗах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр үр хүүхдээ их, дээд сургуульд суралцуулж дээд боловсролтой болгохоор мэрийх болсон. Хот, хөдөөнөөс жил бүр хэдэн мянган оюутан их, дээд сургуулийн босго алхаж, тэр хэмжээгээр жил бүр олон мянган залуу мэргэжилтэн бэлтгэгдэн гардаг ч манай улсын нийгэмд ажлын байрнаасаа олон мэргэжилтэн түрэн гарах нь бий. Нөгөөтэйгүүр хэрэгцээтэй мэргэжлээр залуус суралцахаа больж, нийгэмд эрэлттэй мэргэжлийг сонгодог байв. Гэхдээ энэ жилийн хувьд их, дээд сургуулиудын элсэлтээс харвал энэ байдал эрс өөрчлөгджээ.

-ХУВИЙН ГЭЛТГҮЙ УЛСЫН СУРГУУЛИУДЫН ЭЛСЭГЧ ЭРС ЦӨӨРЧЭЭ-

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 101 их, дээд сургууль, коллеж бий. Хөдөө орон нутгийн болон нийслэлийн хотын дунд сургуулийн төгсөгчид хувийн гэхээсээ улсын сургуульд орох сонирхол өндөр бий. Манайдаа дээгүүрт цохидог Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгэн ажилтан “Энэ жил наймдугаар сар гарчихаад байхад нэг ч элсэгчгүй байлаа” хэмээн уулга алдаж байжээ. СУИС-ийн харьяа нэгэн сургууль жилдээ дунджаар 150-160 элсэгчтэй байдаг бол энэ жил ердөө 60 элсэгч бүртгүүлсэн байна. Манайд улсын гэх тодотголтой, төрийн өмчийн 16 сургууль, хувийн хэвшлийн 80 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Элсэгчдийнхээ тоогоор Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль тэргүүлдэг. Гэтэл энэ жилийн хувьд улсын хэмжээний хамгийн олон элсэгчтэй сургуулиуд маань ч элсэгчгүй болохдоо тулжээ. Ерөнхий боловсролын сургуулийг жил бүр 30-39 мянган хүүхэд төгсдөг. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд жилд ойролцоогоор 43 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. 2012 онд улсын хэмжээнд 39 мянга 200 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгсчээ. Элсэлтийн шалгалт өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлсэн байна. 2013 онд 43 мянга 864 хүүхэд шалгалт өгсөн байна. Үүнээс харахад 2012-2013 онд элсэгчдийн тоо 770-аар өссөн байна. Харин сүүлийн хоёр жилд огцом буурчээ. 2014-2015 оны хичээлийн жилд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгссөн байна. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөх хүсэлт гаргажээ. Харин энэ жилийн хувьд 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их дээд сургуульд элсэн орох онцлог жил. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийг хамгийн цөөхөн буюу 19300 сурагч төгссөн. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлээд ердөө 25813 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Үүнээс харахад сүүлийн хоёр жилд их, дээд сургуулийн босго алхах элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянга 700-гаар буурчээ.

-ЭДИЙН ЗАСАГЧААС ИЛҮҮТЭЙ БАРИЛГАЧИН, МУЖААН, ТОГООЧ БОЛОХ НЬ ИХЭСЧЭЭ-

Энэ нь эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй нийгэмд залуус заавал “дээд боловсрол”-той болж гарах албагүй юм гэдгийг ойлгож байгаагийн жишээ. Өөрөөр хэлбэл энэ жилийн хувьд барилгын инжежер, сантехникч, өрлөгчин, мужаан, токарьчин, дотоод засал, гагнуурчин зэрэг нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийг залуус ихээр сонгох болжээ. Ихэвчлэн коллеж, мэргэжлийн сургалтуудад суралцаж байгаа нь ихэссэн талаар албаны мэргэжилтнүүд хэлж байв. Нэг хэсэг менежер, эдийн засагч, улс төрч, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлүүдээр толгойтой болгон суралцаж “болсон, болоогүй дипломтой” төгсөж байсан бол жил ирэх бүр энэ байдал хумигдсаар энэ жилийн хувьд эрс буурсан нь нийгмийн нэг сайн үзэгдэл гэлтэй. Нөгөөтэйгүүр нийгэмд дээд боловсролтонгууд ихсэхийн хэрээр хувийн их,дээд сургуулиуд ч олширч байсан нь одоо цөөрөх нэгэн шалтгаан болсон аж. Энэ нь цаашид чанартай, өндөр өртөгтэй боловсролыг залуус өөрсдөө сонгож суралцах боломжийг олгох нэг гарц юм. Барууны улс орнуудын жишээ л гэхэд залуус нь жилийн 20 мянган ам.доллартай тэнцэх дээд боловсрол эзэмшихийн тулд уйгагүй мэрийж суралцдаг. Ингэснээр чанартай, цөөн тооны мэргэжилтнүүд зах зээлд шинээр бэлтгэгдэн гарч ирдэг. Манай улсын хувьд энэ тогтолцоонд очихын тулд нэн тэргүүний алхам бол залуус нь заавал дээд боловсрол эзэмшихгүйгээр “сайн мэргэжилтэн” болох арга замд хүрэх юм. Өөрөөр хэлбэл заавал эдийн засагч болохгүйгээр сайн худалдагч, сайн барилгачин, мужаан болох боломж нь зах зээлд нэхэгдэж байгааг олж харах.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.