МОНГОЛ ТЕХНОЛОГИ: Эрчим хүчийг арав дахин хэмнэх байгальд ээлтэй лед гэрэл

Д.Тулга / Орон нутаг

Монголчууд өнөөдрийг хүртэл амьдрал ахуйдаа гадны улс орнуудад үйлдвэрлэгдэж, импортоор оруулж ирсэн гэрлийг хэрэглэдэг байлаа. Харин өнөөдөр бид цахилгааны хэмнэлттэй, байгальд ээлтэй, эрүүл мэнд сөрөг нөлөөгүй, хамгийн гол нь эх орондоо угсарч үйлдвэрлэсэн лед гэрлийг худалдан авах боломжтой болж байна.

“ТОДЛЕД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир:

-ЛЕД ГЭРЛИЙГ БАЙГАЛИЙН БОЛОВСРУУЛСАН ЧУЛУУГААР ХИЙДЭГ ТУЛ ХОРГҮЙ-

-Юуны өмнө та лед гэрлийн талаараа танилцуулахгүй юу?

-Лед гэрэл бол дэлхийн гэрлийн хөгжлийн дөрөв дэхь хувьсал болж 1ватт-500ватт хүртэлх хэмжээний гэрлийг үүсгэх чадвартай гэсэн үг. Лед гэрэл нь улаасах гэрэл, сүүн гэрлийг бодвол туяа цацруулдаггүй учраас хүний биед болоод байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй. Учир нь лед гэрлийг боловсруулалт хийсэн байгалийн чулуугаар хийж цахилгаанд холбож байгаа гэж энгийнээр тайлбарлаж болно.

- Танайх яг ямар угсралт үйлдвэрлэл хийдэг юм бэ?

- Тод лед ХХК энэ эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлүүдийг угсардаг. Монголын анхдагч лед гэрэл угсрагч үйлдвэрлэл гэж хэлж болно. Манайх 2014 онд байгуулагдаж хоёр жилийн хугацаанд дотор, гадна гэрэл гэсэн хоёр ангиллын гэрлүүдийг угсарч үйлчилж байгаа. Дотор гэрэлд орон сууц болоод оффисын тохижилтын гэрэл, гадна гэрэлд зам талбай, барилгын гадна талбай, үйлдвэрлэлийн гадна талын гэрэлтүүлэг, спорт заалны гэрэлтүүлэг гэх мэт ордог. Цаашдаа бид автомашины гэрэлтүүлэг, бүх төрлийн ширээний гэрэл, лед обжур зэргийг угсрахаар төлөвлөж байна.

- Дотоодынхоо хэрэгцээг хангана гэсэн зорилготой байгаа гэсэн. Энэ зорилгодоо хүрэхэд ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Юуны өмнө хэрэглэгчдийн лед гэрлийн талаарх мэдлэг, ойлгох хангалттай биш байна. Яагаад эрчим хүчний хэмнэлттэй, яагаад байгальд ээлтэй юм гэдгийг нь сайн мэддэггүй. Нөгөө талаас төр засаг гаднаас орж ирж байгаа лед гэрлийн гаалийн татварыг нэмсэнээр дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа хэрэг болно. Манай улсад маш чанаргүй лед гэрлүүд гаалиар ямар ч хяналтгүй орж ирж байна. Хэрвээ гаалиар орж ирэхдээ татвараа төлөөд орж ирвэл манай гэрлээс хамаагүй үнэтэй байх юм. Өөрөөр хэлбэл чанар муутай гэрлүүдийг биднийхээс үнэтэй зарж эхэлнэ. Гэвч ямар ч хараа хяналт байдаггүй учраас гаалийн татваргүй орж ирдэг. Манай тендер авсан байгууллагууд энэ гэрлийг нь худалдаж авахдаа гаалийн татвар авсан үгүйг нь шалгаж, шаардалгүй шууд худалдан авалт хийдэг.

Gerel

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийе гэхээр үнэ өртөгийн хувьд өндөр байдаг гэдэг. Гэтэл энэ өртөгөө дагаад ямар давуу талууд байдаг юм бэ?

-Лед гэрэл бол энгийн улаасах гэрлээс арав дахин илүү цахилгаан хэмнэнэ. Ингэж бага хэмжээний цахилгаан зарцуулж байгаа учраас мэдээж байгальд ээлтэй. Мөн Монголдоо угсарч байгаа учраас тухайн гэрлээсээ шалтгаалан жилээс хоёр жилийн хугацаатай, гаднах гэрэлдээ гурван жилийн баталгаа өгдөг. Бас сервер үйлчилгээ хийдэг учраас ямар нэгэн асуудал гарвал бид эргүүлээд засч, засварлаад өгчихдөг.

-Импортоор орж ирж байгаа гэрлүүдийг бид шууд хараад таньж чадахгүй. Чанарын хувьд юугаараа ялгаатай, бид хэрхэн таньж болох вэ?

- Лед гэрэлд үндсэн цөөхөн эд анги байдаг. Эрчим хүч хэмнэж байгаа бууруулагч, цацруулагч буюу чип, корпус мөн бусад дагалдах эд ангиуд. Корпусыг бид урд хөршөөс оруулж ирж байгаа учраас адилхан, ялгах боломжгүй. Чипийг Тайвань улсаас оруулж ирдэг. Тайвань улсын чип дэлхийд гуравт бичигдэхүйц чанартай. Бууруулагчийг мөн урд хөршөөс авна. Гэхдээ чанарын хувьд Хятадад хамгийн чанартайд тооцогддог бууруулагчийг авч ашигладаг. Хятад улсад маш олон лед гэрлийн үйлдвэр байдаг, үүнээс Эрээнд угсрагдсан маш чанар муутай гэрлүүд манай зах зээлд орж ирдэг. Манай гэрэл урдаас орж ирж байгаа гэрлүүдээс тусгалын чадал, тусгалын өнгө, насжилт, халалт, асалт гээд маш олон зүйлсээрээ ялгаатай. Мэдээж сав баглаа боодол, борлуулах цэгээрээ ялгагдах болов уу.

Gerel

-ЦААШИД МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ-

-Иргэд зарим эд ангиудыг заавал гаднаас худалдаж авахгүйгээр Монголдоо шууд үйлдвэрлэхийг ихэвчлэн шаардаж, хүсдэг. Цаашид шууд Монголдоо үйлдвэрлэх боломж бий юу?

- Монголын зах зээл их жижигхэн. Тэр дундаа гэрлийн зах зээл, гэрлийн зах зээлд лед гэрэл хэрэглэдэг зах зээл бүр бага байдаг. Одоо л хүмүүс лед гэрлийн ач холбогдлыг ойлгож, таньж, хэрэглэж эхлэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад бол бүх гэрэл лед болсон байх жишээтэй. Дотооддоо шууд үйлдвэрлэх тухай бодож үзсэн. Бид гэрлийн гаднах корпусыг Монголд үйлдвэрлэх боломж байхгүй. Учир нь монголд хуванцар, төмрийн үйлдвэрлэлүүд сайтар хөгжих хэрэгтэй. Үүний дараа эдгээр үйлдвэрээр цутгуулаад хийлгэж болно. Цацруулагч гэж хэлж байгаа чипийг ч мөн Монголд хийх үйлдвэр байхгүй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдаж авах гэхээр санхүүгийн асуудалд орно. Учир нь ийм жижиг зах зээлд маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирснээрээ санхүүгээ эргээд нөхөж чадах уу гэдэг асуудал. Цаашид лед гэрлийн хэрэглээ Монголд нэмэгдэж, зах зээл өргөжихийн хэрээр Монголд үйлдвэрлэх боломж нээгдэх болно.

-Үйлдвэрлэх тоног төхөөрөмж шийдэгдлээ гэхэд боловсон хүчин бэлэн бий юу?

-Манайд Хятад улсад хоёр гурван том үйлдвэрээр судалгаа хийж явсан хүмүүс бий. Яг дагнаж суралцаж байгаа хүн байхгүй.

-Одоогоор танайхаас худалдан авалт хийж байгаа газрууд бий юу. Томоохон тендер авсан газруудын хандлага ямар байна вэ?

-Өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэг, Завхан аймаг гэх мэт газрууд гудамжны гаднах гэрэлтүүлэг хийсэн. Өөрөөр хэлбэл тендер авсан компаниудад угсарсан толгойгоо нийлүүлсэн гэсэн үг. Тэд чанарын шаардлага сайн байна гэж үзсэн. Бид ч энэ жил хийсэн ажлаа эргэж очсон. Тэгэхэд тусгалын хувьд бусад тавьсан гэрлүүдээс хоёр дахин илүү тусч байсан. Мөн гэр хорооллын гудамжаар өөрийн тавьсан гэрлийн доогуур явж шалгахад машины гэрлийг унтрааж явж болохуйц хэмжээний сайн тусгалтай байна.

Gerel

-Худалдаалагдах өртөг ямар байгаа вэ?

-Зуун айлд зарагдаж байгаа гэрлүүд Эрээнээс орж ирсэн. Эдгээр гэрлүүдээс ойролцоогоор 10 орчим хувиар, заримтай нь адил үнээр худалдаалагдаж байна. Мөн энэ хугацаанд Монголд орж ирсэн лед гэрлийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа, манайхтай чанарын хувьд ялгагдахгүй гэрлүүдээс үнийн хувьд хоёроос дөрөв дахин хямд байна. Чанар муутай гэрлийг бодвол илүү үнэтэй. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулбал хямд гэсэн үг. Бид аль болох ашгаа багасгаж, хямд зардлаар борлуулж байгаа.

-Тусгай зориулалтаар гэрэл ашигладаг газрууд танайхтай хамтран ажиллах боломж бий юу?

-Байлгүй яахав. Тухайлбал, колонкууд бензиний үнэ бичиж тавьсан самбарын гэрлүүд, уул уурхайн талбайн болоод бусад баттерейгаар ажилладаг гэрлүүд гээд хүсэлтээ илэрхийлвэл бид судлаж үзсний үндсэн дээр угсралт хийх боломжтой. Гол нь яаралтай худалдан авалт биш цаашдын хамтран ажиллах байдлаар судалгаа, туршилт хийж байж хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Угсралтаа хаана хийдэг вэ?

-Манайх өөрийн байрандаа угсралтаа хийдэг. Угсралт одоогоор байнга үргэлжилдэггүй, захиалга орж ирсэн тохиолдолд ажил үргэлжилнэ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.