Бизнес эрхлэгчдийн зовлонг мэдэх үү

Д.Тулга / Эдийн засаг

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

УИХ-ын дарга З.Энхболд

МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа

Эдийн засаг хямарлаа гээд дээр дооргүй, хэн хүнгүй хэрхэн хямрал багатай даван туулах талаар ярьж байна. Уул уурхайн салбарын олборлолт, экспортоос ихээхэн хамааралтай манай улс одоо л нэг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, баялаг бүтээгчдийг нэмэгдүүлэх талаар ярьж эхэлсэн нь үнэхээр гайхалтай. Гэвч хямралгүй үеэс хямралтай залгах хүртэл төрийн байгууллагын хүнд суртал, олон бичиг баримт бүрдүүлэлтийн дарамт, шалгалт, авлига дунд өссөн үйлдвэрлэгчид хямралын энэ үед нэмэгдэж хөгжихөөсөө илүү мөхөн дампуурахын ирмэгт бүрэн тулж байгааг та бүхэн мэдэж байна уу. Төрийн байгууллагуудын яг одоогийн энэ системд, хувийн хэвшил бий болохоос биежин хөгжих замын туршид үзүүлэх дарамтын сүлжээнд засвар хийж өөрчлөхгүй л бол шинээр бий болох үндэсний үйлдвэрлэгч бүхний өмнө авлига, бэрхшээл тулгарч, шантарч байна.

Би бол хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгч нэгэн. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт шинээр орж ирсэн балчир компанитай. Нэг ёсондоо жижиг дундын бизнес эрхлэгч. Энд би компанийнхаа нэрийг бичихгүй, учир нь ирэх дарамт, учрах бэрхшээлээс үнэхээр залхаж байна. Хямралын энэ цаг үед овойж оцойсон ашиг олохгүй ч хаалгаа барьчилгүй, хэдэн хүнийг ч гэсэн ажлын байртай нь байлгаад тэсээд гарчих юмсан гэсэн чин сэтгэлийн хүсэл минь унтрах вий гэхээс эмээж байна.

Манай компани саалийн хэдэн үнээнээсээ энэ бизнесийнхээ эхлэлийг тавьсан. Өөрийн хөрөнгөөр ферм байгуулж, бас зээл авч үйлдвэр байгуулсан. Одоогоор ганцхан төрлийн, чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа нь бидний оршин тогтнож байгаа гол үндэс. Уг нь өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болсон, бүтээгдэхүүний борлуулалт сайн байна гээд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх гээд зүтгэж яваа. Гэвч хууль, дүрмээр нь явах тусам жижиг дунд бизнес эрхлэгчид өндийх аргагүй зовлон, бэрхшээлтэй тулгарч байна. Би энд өөрт тохиолдсон хамгийн наад захын бэрхшээлүүдээс жишээ болгон эрхэм түшээдүүдэд сонирхуулъя.

Бид үйлдвэр байгуулахдаа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, тэлэлтийг төсөөлөн нийслэлээс 30 км-ийн зайд, зэлүүд шахам газарт хашаа хатгасан. Өөрсдийн хөрөнгөөр эрчим хүчээ татлаа. Үүнийг дагаад ойр орчмын айлууд тогтой боллоо. Хоёр ч үйлдвэр, ажилчдын орон сууц гээд цогцолбор босгож байгаагийн хувьд дэд бүтцийн асуудал хамгийн хэцүү байсан. Мэдээж төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй учир мөн л өөрсдийн хөрөнгөөр дэд бүтцээ шийдэж, чухамдаа юу ч үгүй хоосон газарт баахан хөрөнгө оруулалт хийсэн. Баялаг бүтээгч болох гээд зүтгэхдээ төрөөс мөнгө гуйгаагүй, бусдаас зээл авахдаа авч, өр тавьж үйлдвэрлэгч болох гээд зүтгэж байна. Төрөөс гуйсан юм гэвэл газар эзэмших эрх. Бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алт шиг үнэтэй байдаг. Албан тушаалтан бүтэн өдөр хуралдаж суугаад бичиг баримтанд гарын үсгээ зурж амжаагүй тэр өдрийг алдахад л бизнес эрхлэгчид үнэтэй "алтан цаг"-аа алдаж байдаг. За энэ нь ч дүүрсэн хэрэг. Тэр эзэмших эрх нь олдож л байвал боллоо гээд нийслэлийн, дүүргийн олон албан тушаалтны үүдийг сахиж олон "алтан цаг"-аа алдсан. Эцэст нь газар эзэмших гэрчилгээ нэг юм авах боллоо. Гэтэл дуудлага худалдааны анхны үнэ гээд 500 сая төгрөг төл гэдэг байгаа. Хагас тэрбум төгрөг шүү дээ. Ямар ч тог, цахилгаангүй, дулааны ямар ч шугам сүлжээгүй газарт дэд бүтэц босгож 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд төрд 500 сая төгрөг тушаах боллоо. Төр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа нь энэ. Эсвэл Э.Бат-Үүл дарга газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа нь тэр байх.

Хамгийн индээмтэй нь яасан гээч. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан өнгөрсөн оны 11 сард Капитал банкаар дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд 5 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно гээд төсөл авч эхэллээ. Банкинд өргүй, бүтээгдэхүүний борлуулалт сайн, өөрийн хөрөнгөөр үйлдвэр байгуулсан гээд манайх шиг компани л авдаггүй юм бол өөр ямар компанид өгөх вэ гээд л бид эргэлтийн хөрөнгөтэй болох гээд 100 сая төгрөгийн төслөө бичээд орууллаа. Банк ч төсөл чинь шалгарсан, үйл ажиллагааг нь шалгая гээд үзэж хараад явсан. Төсөлд бид нөгөө хагас тэрбум төгрөгийн үнэтэй газрын гэрчилгээгээ үл хөдлөхөд бүртгүүлээд барьцаа хөрөнгө болгохоор өгсөн юм. Гэтэл нөгөө газрын гэрчилгээ зээлийн чинь барьцаа болж чадахгүй нь ээ гээд банкнаас ярьдаг байгаа. Юун 500 сая төгрөг, хүссэн зээлийн дөнгөж 10 хувьд буюу 10 сая төгрөгт л үнэлэгдэж. Эцэст нь барьцаа шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр төсөл маань буцаагдсан юм. Газар эдийн засгийн эргэлтэнд ингэж л орж байна. 500 сая төгрөг төрд тушааж эзэмшсэн газар банкинд аравхан сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Э.Бат-Үүл дарга та газрын үнэлгээний энэ системийг гайхалтай гэж хэлэх үү. Жижиг дунд бизнес эрхлэгчид чинь яаж хөгжих вэ. Цөөхөн хүн амтай Монголын хамгийн том зах зээл нь Улаанбаатар хотод л байдаг. Үнэ төлбөргүй газар эзэмшинэ гэвэл орон нутагт очих хэрэг гарч байна. Гэтэл нөгөө бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ яах билээ. Дотоодын бүтээгдэхүүн тээврийн үнэ нэмээгүй байхдаа үнэтэй байна гэж адлагддаг. Тэгвэл орон нутагт байгаа үйлдвэрээс бүтээгдэхүүнээ зөөнө гэвэл тээврийн үнэ нэмэгдэж тэнгэрт хадсан үнэтэй, хүн ч авдаггүй үйлдвэр нь ч хөгждөггүй, эцэстээ бас нэг баялаг бүтээгч хаалга барихдаа хүрнэ.

Бизнес эрхлэгчид алхам тутамдаа авлига өгч амьдарч байна. Дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Лангуу хариуцсан худалдагч авлига нэхнэ. Өгөхгүй бол манай бүтээгдэхүүний борлуулалт "будаа". Саяхан нэг төрийн байгууллагатай гэрээ хийж бүтээгдэхүүн нийлүүлэхээр боллоо. Гэрээнд гарын үсэг зурдаг дарга нараас нь эхлээд бүтээгдэхүүн хүлээж авдаг ажилтан, за тэгээд бүтээгдэхүүн хэрэглэгчидтэй нь хүртэл уулзаж компаниа танилцуулж, бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Олон хоногийн яриа хэлцэл, танилцуулга, шалгаруулалтын үр дүнд гэрээ батлагдаж бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Гэтэл Ерөнхий нягтлан бодогч нь яаж мөнгөө нэхэмжилж авах гэж байгаа юм бэ, хэн зөвшөөрч гарын үсэг зурав гээд л байгууллагынхаа санхүүгийн ажилтнууддаа хаагиж эхэлсэн юм байх. Нэг нягтлан нь утасдаад Ерөнхий ня-ботой яаралтай ирж уулза гэсэн лүндэн буулгав. Дарга нар нь танилцаж гэрээ батлагдчихаад байхад шүү дээ. Ерөнхий нягтлан бодогч албан тушаалынхаа түвшинд авлигаа нэхэж буй нь тэр байх. Яалт ч үгүй мөнгө шилжүүлэх гол эрх мэдлийг тэр эрхэм атгаж байгаа. Ингээд бүтээгдэхүүнээ барьж очоод хөлд нь суух хэрэг гарч байна. Магадгүй шилжүүлэх мөнгөний тэдэн хувийг өг гэсэн шаардлага тавьж мэднэ. Ийм авлига, өглөгөөр бизнес явдаг шударга бус өрсөлдөөн, нийлүүлэлт, худалдан авалт бас бий болчиж.

Эдийн засгийн хямралыг давахад үндэсний үйлдвэрээ дэмжье гээд эрхэм дарга нар яриад байгаа. Үнэхээр үйлдвэрлэгч бүрийг дэмжвэл, гадагш урсаад байгаа мөнгийг дотооддоо үлдээвэл Монгол маань хөгжинө дөө гэж би ч хувьдаа хардаг. Дан ганц жижиг дунд бизнес эрхлэгчид ч биш, бичил бизнес эрхлэгчдийг хүртэл дэмжээд өгвөл, өрх бүр орлоготой байвал энэ хямралыг хямрал багатай таван туулах тухай төсөөлөл ярьж болох байх. Манай компани саяхан сүү борлуулах шинэ төхөөрөмж оруулж ирсэн юм. Ил задгай газарт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаагүй, ариутгаагүй сүү зарахыг хориглосон Э.Бат-Үүл даргын захирамжийг хангах, литрийн сүү зарж өдрийн орлоготойгоо залгадаг бичил худалдаа эрхлэгчдэд тохирсон шинэ төхөөрөмжийг маань ферм эрхлэгч нар сонирхоод лизингээр авъя гэлээ. Бид авчирсан төхөөрөмжиндөө нэг төгрөгийн ч ашиг харахгүйгээр, ферм эрхлэгч нартайгаа хамтдаа хөгжье гээд өнөөдөр ХААН банк орж лизингийн гэрээ байгуулах асуудлыг ярилцаж үзлээ. Гэтэл таны төхөөрөмжийг хэрэглээний лизингээр биш санхүүгийн түрээсийн гэрээгээр борлуулах боломжтой. Энэ гэрээг хийхэд та бүтээгдэхүүнээ нэг жилийн хугацаанд эхлээд борлуулсан байх мэдээлэл авчрах шаардлагатай гэв. Энэ хямралтай үед бэлэн мөнгө гаргаад шууд худалдан авалт хийх хүн ховор байна. Тэгээд ч сүү борлуулах төхөөрөмжийг хэрэгтэй хүн нь зээлээр ч болтугай авч чадахгүй байхад бид хэзээ борлуулалт хийж ХААН банктэй гэрээ хийнэ гэж хүлээж суух вэ. Ингээд л хөөрхий фермерчид хууль дүрэм, захирамжинд нь нийцүүлээд шинэ төхөөрөмжөөр сүүгээ борлуулаад орлогтой байна гэсэн горьдлого нь тасрав. Банкууд барих юмгүй, хэзээ ч халагдаж мэдэх барьцгүй албан тушаалтны тодорхойлолт авч цалингийн зээл олгодог мөртлөө, баялаг бүтээгчдэд ингэж л хандаж байна. Би энэ төрд ажилладаг нь үнэн гэсэн төр барьцаалсан тодорхойлолтоос өөр барьцаагүй ажилтан цалингийн зээл авч болдог, би энэ төхөөрөмжөөр сүүгээ зараад орлогтой байя гэсэн бизнес эрхлэгч зээл авч болдоггүй ийм л гажиг систем бизнес эрхэгчдэд учирч байна. Шинээр бизнес эрхлэгч бүрт тулгардаг наад захын зовлон, бэрхшээл ийм л байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Нийслэлийн Засаг дарга аа, шат шатны энэ хүнд суртал авлига, бизнеэс эрхлэгчдээс шаарддаг олон бичиг баримт, зөвшөөрлөө хэзээ багасгах вэ, бичил болоод жижиг дунд бизнес эрхлэгчидээ хэзээ дэмжиж, банк нь уян хатан нөхцлөөр зээл олгочихдог, хамтдаа хөгждөг болох вэ.

Б.Алтантуул /Жижиг дунд бизнес эрхлэгч/


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:52


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.