Ч.Дамдиншарав: Мөөеө аварга хана цохиод “Би тэр америкийг дэлгээд өгнө өө” гээд дэвжээ рүү гарч билээ

Д.Тулга / Спорт

damdinsharaw

1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, ардын багш Ч.Дамдиншаравтай ярилцлаа.

-Танайхныг Эрдэнэ Мэргэн ноён хутагт Содномцэрэнгийн удам гэж дуулсан. Таныг хутагтын ач хүү гэдэг юм билээ?

-Монголын түүхэнд Эрдэм мэргэн ноён хутагт Содномцэрэн гэж хүн байсан. Өршөө багш ч гэдэг юм. Тэр хүн бол миний өвөө. Монголд ноён хутагт зуу гаруй хүн байсан гэдэг. Тэрэн дотроо тамгатай нь 13-хан байсан юм билээ.

-Тамгатай гэхээрээ өөрийн шавь албадтай байсан гэсэн үг үү?

-Хамжлагандаа хоёр мянга шахам өрхтэй. Бурхан шашны үйл ажиллагаа явуулна, ардууд нь татвараас чөлөөлөгдөнө, цэргийн албанд явахгүй гэх мэт давуу талтай байсан гэдэг. Ийм л давуу эрхтэй 13хутагтын нэг нь миний өвөө. Уржнан Өвөрхангай аймаг өвөөгийн маань 130 насны ойг аймгийнхаа ойтой хамтатган тэмдэглэсэн юм. Өвөө маань 1937 онд цаазлуулсан. 1933 оноос хойш хоёр удаа баривчлагдаж, хар болж хөдөө гараад сүүлчийнхэд нь баривчлагдахдаа тэгээд л цаазлагдсан юм билээ. 55 настайдаа цаазлагдсан байдаг. Манай аав бас баривчлагдаад долоо, найман жил суусан шиг байна лээ. Тэгээд 1941 онд суллагдсан. Ийм л түүхтэй.

-Аав тань барилддаг байсан уу?

-Аавын минь төрсөн дүү аймгийн арслан цолтой Хоовон гэж хүн байсан. Эхийн талд аймгийн заан Тогооч гэж хүн байсан юм. Хоёр талаасаа бөхийн бага зэргийн, аймгийн хэмжээний л удамтай гэх үү дээ (инээв). Бид эхээс наймуулаа. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй.

-Эрэгтэйчүүд нь бүгд барилддаг?

-Бүгд барилддаг. Эмэгтэйчүүд нь барилдахгүй. Малчны хүүхдүүд янз бүрийн л ажил хийнэ. Одоо ч нутагтаа амьдраад л байж байна.

Багадаа ноцолдож үзээгүй хөдөөний хүүхэд гэж байхгүй шүү дээ. Би ахтайгаа нэг ангид байсан юм. Батдорж ахтайгаа. Манай ах чинь чөлөөтөөр улсын аваргаас гурван медаль авч, 1971 оны Бүх ард түмний спартикиадаар мөнгөн медаль авч спортын мастер цолны болзлоо хөдөө орон нутгаас биелүүлж байсан юм. Ах бид хоёр үе тэнгийн, нас ойрхон учраас байнга ноцолдоно. Бид хоёрын дээлний энгэр заам, суга байнга урагдчихна. Тэр үед сахилгагүй хүүхдийг сургуулийнх нь эрхлэгч хөтлөөд ангиудаар дагуулан явж ичээж, уйлуулж дахиж сахилгагүйтэхгүй гэдэг ам мөчгийг нь авахуулна. Хөдөөний сургуулийн гадаа модон морь, турник савлуур л байна. Тэрэн дээр л өнжинө. Тэр нь бидэнд биеийн тамир болдог байж. Зун нь хөдөө гараад явчихна. Морь малтай ноцолдоно. Эргээд бодоход ажил нь дасгал хөдөлгөөн болчихдог байж л дээ.

damdinsharaw

-Та бүхнийг ид барилддаг байсан үеийн тухай өгүүлсэн ном зохиол, киног харахад тэр үеийн бөхчүүд төрмөл байжээ гэж харагддаг. Бие хаа, төрх байдал, араншин нь хүртэл. Одоо бол жаахан таримал болчихоо юу гэмээр. Та нар илүү байгаль тал руугаа байж ээ?

-Тийм. Байгалиасаа заяасан төрмөл, нөгөө талаасаа үзэл бодолдоо үнэнч. Бидний үеийнхэн чинь бүгдээрээ олимп, дэлхийгээс медаль авч байж бөхөө хаяна. Ингэхийн тулд бид сахилга баттай, дэглэмтэй. Багшийн хэлснийг л биелүүлж явах хэрэгтэй гэдгийг мэддэг хүмүүжилтэй байсан. Тиймдээ бид олимп, дэлхийгээс анхны медалиудыг авсан гэж боддог юм.

-Таныг олимпийн анхны медалийг хүртлээ гэх мэдээг тэр үед манайхан яаж хүлээж авч байсан бол?

-Тэр үед ингэж байсан гэдэг, сонин хэвлэлд бичиж үлдсэнээр. Төв шуудангийн урд хүмүүс хоносон гэдэг. “Финалд төчнөөн хүн үлдчихлээ. Медаль авахад тийм тийм нөхцөл байдалтай байна" гэсэн л мэдээлэлтэй. Хүмүүс тэнд хоноод хоёр өдөр мэдээ хүлээсэн байгаа юм. Оросоос утсаар л мэдээ авдаг байсан юм шиг байгаа юм. Мэдээ дуулахын тулд ингэж хоносон тухай сонин хэвлэлээс л сүүлд нь уншиж байлаа.

-Хэдий олон жил өнгөрсөн ч гэлээ олимпийн анхны медалийг авчирсан хүнээс тэр торгон агшных нь талаар сонсвол сонирхолтой л байх болов уу?

-Дөчин хэдэн жилийн өмнө болсон асуудал. Одоо нэг их сонин биш л болов уу(инээв).

-Сонин байлгүй яахав. Хүүхэд залуус анхны алтан медалийг Н.Түвшинбаяр авсан гэдгийг мэддэг мөртлөө анхны медалийг хэн авчирсныг төдийлөн мэддэггүй юм?

-2008 оны олимпоос л анхны медалийг авсан юм шиг ойлгоод байдаг юм шиг ээ. Албан байгууллагуудын хананд өлгөсөн зураг, зурагт хуудаснаас анзаарахад. Ийм ойлголт байдаг юм. Бид тэр үеийнхээ тухай ярих гэхээр ойлгохгүй юм шиг санагдаад байдаг юм.

-Хүмүүс юмыг хурдан мартдаг?

-Дөрвөн хүн финалд үлдсэн шүү дээ. Мөнхбат аварга, Сэрээтэр, Артаг бид дөрөв. Зарим нь медаль авах нь тодорхой биш байсан. Мөнхбат аварга Америкийн бөхийг ялбал авна. Ялагдвал ямар ч медальгүй хоцрох тийм л эгзэгтэй мөч байлаа. Тэр үед би хамгийн эхэлж салхийг нь хагалах хүн. Хөнгөн жингийн бөх. 52 кг-ын жинд барилддаг байлаа. Тэгэхэд ингэдэг байлаа. Дөрөв хоног тэмцээн болно. Өглөө болгон найман цагт жингээ үзүүлнэ. Одоо бол барилдах өдрийнхөө урд өдөр нь жингээ үзүүлчихээд сайхан амраад маргааш өглөө нь тэмцээндээ орчихдог. Тэр үед барилдах гэхээсээ жингээ барина гэдэг чинь хэцүү асуудал байлаа. Дөрөв хоног хоол ундгүй гэсэн үг. Бидний иддэг уудаг юм гэвэл С витамин, поливитамин төдий. Бидний гол юм үхрийн махан борц. Борцтой шөлөө уучихаад л барилдана. Бүдүүн хадуун байж дээ. Нийгэм нь тийм байсан юм чинь. Хатуужил, тэвчээртэй, хөдөөний хүүхдүүд жинхэнэ байгаль, оргиналиараа үзэж медаль дээр буудаг байж.

Нөгөө гурав маань намайг хүлээж байсан юм, бэлтгэлийн заалнаас гараад. “Чи эхлээд медаль авна шүү. Чамайг медаль авбал бид гурав авна" гэсэн хүлээлттэй байсан. Би ч хүрэл медаль дээр буулаа. Намайг нөгөө гурав маань тэвэрч авлаа. Мөөеө аваргыг санадаг юм. Хана шаагаад л “Би америкийг дэлгэж өгнө өө" гээд л гарсан. Цөмөөрөө медалийн болзол хангасан. Миний хувьд тийм л юм. Азтай байсан байх. Одооны хүүхдийн ярьдгаар ёндоотой байсан болохоороо л анхны медалийг авсан болов уу гэж боддог шүү.

-Та шигшээд арваад жил тамирчин байгаад гэмтэл аваад дасгалжуулагчийн орон тоо руу шилжсэн байдаг?

-1970 онд гэмтсэн юм. Энэ гарандаа гурван удаа мэс засал хийлгэсэн шүү дээ (Зүүн гарын шуун дахь мэс заслын сорвиудаа харуулав.сурв). Тэмцээний үеэр бэртсэн юм. Залуухнаараа 27 насандаа зодог тайлчихсан хүн. Зодог тайлах юу байх вэ тамирчны замналаа зогсоогоод дасгалжуулагчийн ажилд шилжсэн.

-Та чөлөөт бөхийн олон мундаг тамирчны багш. Тамирчин болгонд тааруулдаг олон түлхүүртэй байсан байх шүү?

-Тамирчин байхад зөвхөн өөрийнхөө төлөө л санаа зовдог юм. Дасгалжуулагчийн ажил маш хэцүү. Арван бөх байлаа гэхэд арван янзын зан ааш, характертай байдаг. Тэр болгоны түлхүүрийг нь олж заримыг нь аргадна, заримыг нь магтана, заримыг загнана. Зарим ухаантай хүүхэд багшийн хэлснээр өөрийгөө аваад явчихдаг. Манай Оюунболдод “Чи сайн байна. Чи ялна. Чи үнэхээрийн илүү байна" гээд байвал хамгийн сайн үзнэ. Бүргэдээг жаахан загнаад “Чи ялах юм бол тийм шагнал авна ш дээ. Ялчих юм бол ингэнэ ш дээ" гэчихээр ондоо үзнэ. Манай Болд их ухаантай. “Чи ингэмээр байна. Тэгчихвэл болмоор байна" гэвэл хүний үгийг сайн тусгаж авна. Манай Дүвчин байна. Бас тийм. Манай Энхээ их ухаанаар барилдана. Багшийн зөвлөгөөг тусгаж авна. Ингээд яривал зөндөө олон шавь нар байна. Хэлээд дуусашгүй нь.

-Та одоо Монголын чөлөөт бөхийн холбоондоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Сургалт, дасгалжуулалтад зөвлөгөө өгдөг. Сүүлийн хоёр жил ийм ажил хийж байна.

2009 оноос манай холбоо шинэчлэгдэж нээлттэй болсон. Элдэв янзын хэл ам, хэрүүл хараалгүй болж, эв нэгдэл сайжирсан. Л.Чинбат захирал манай чөлөөт бөхөд асар их хөрөнгө оруулсан. Хувийн компанийн эзэн хүн шүү дээ. Түүнийг манай чөлөөт бөхийн тамирчид мартаж болохгүй. Одоо ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Улсын ачааг нуруундаа үүрч яваа ийм хувийн салбарынхныг дэмжих ёстой. Асашёорюү аварга маань дэлхийн хүн. Аварга маань Л.Чинбатыг залгамжилж авсан. Манайд Азийн өсвөрийн, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн хэзээ ч болж байгаагүй. Сүүлийн хоёр жил дараалан зохиогдлоо. Энэ бүхэнд ямар хэмжээний хөрөнгө орсон гэж санана. Ирэх жил олимпийн эрх олгох тэмцээн Монголд болно. Ийм тэмцээн зохиоход улаан нүүрээрээ гуйгаад авчихдаг юм биш. Эрхийг нь авахад янз бүрийн менежмент хэрэгтэй. Үүнийг спортын хүмүүс л ойлгоно. Асашёорюү аваргаа Монголын спортод том буян хийж яваа хүн гэж ойлгож, хүндэтгэдэг. Олон улсын зэрэгтэй арав гаруй шүүгчтэй ч боллоо. Би энд зарим нэг зүйлийг онцолж хэлье. Аливаа спортыг хөгжүүлэхэд залгамж халаа, өсвөрийн тамирчид чухал байдаг. Жүдотой харьцуулбал чөлөөт бөхөд өсвөрийн тамирчдыг дэмжих, хөгжүүлэх тал сул байдаг юм. Нэг ёсондоо нөөцгүй байна. Гэхдээ хүүхэдтэй ажиллаж байгаа олон сайн дасгалжуулагч байна. Сая гавьяат болсон Хосбаяр, Орхон-Уул аймгийн Идэрсайхан, Өвөрхангайн Баттүшиг, Баянхонгор аймгийнМөнхдуулдах, Булганы дасгалжуулагч Дарханбаатар, “Хасу мегаватт"-ын Баярсайхан гээд олон сайхан дасгалжуулагчид ажиллаж байна. Манай А.Энхээ гавьяат маань харамсалтайгаар гэмтсэнээс хойш хорь гаруй жил болжээ. Гэсэн ч Энхээ маань өнөөдөр дэвжээн дээрээ л байна. Түүний бэлтгэсэн баг улсын тэмцээнд амжилтаараа эхний гуравт багтаад явж байна. Хүн түүнээс сурах ёстой. Энхээгийн шавь Бэхээ ирэх олимпоос медаль авах хамгийн боломжтой бөх гэж бид үзэж байгаа. Өвөрмөц барилдаантай бөх л дөө. Үүний нөгөө талд хүний хань ямар сайхан юм бэ гэдгийг Энхээгийнхээ хань Болормаагаас харж байна. Л.Болормаа маань ийм олон жил ханиа асраад явж байна. Одоо үед чинь нөхрөө гэмтвэл орхиод явчихдаг болж. Л.Болормаа маань олон улсын шүүгч хүн. Эдний гэр бүлд баярлаж явдаг юм. Спортод зүрх сэтгэлээ өгсөн хүн яаж явдгийг Энхээгээс харах хэрэгтэй гэж залуу дасгалжуулагчдадаа хэлмээр байдаг даа.

-Аймаг бүр жүдо бөхийн дэвжээтэй болчихсон. Гэтэл чөлөөт бөхийн секц дугуйлангүй аймаг байдаг гэсэн?

-Чөлөөт бөхийг одоо болтол хөгжүүлэхгүй яваа аймгууд байна. Ямар аймгууд байна гэдгийг зориуд хэлье. Дорнод аймаг байна. Хойд талаараа Агын буриадтай хил залгаа. Агын буриадад дөрвөн том сургууль бий. Оросын бөхийн шилдгүүдийг Агын буриадад бэлтгэдэг юм. Хамгийн сайн бөх, дасгалжуулагч тэнд байдаг. Гэтэл Дорнод аймагт чөлөөт бөхийг хөгжүүлье гэсэн ямар ч санал санаачилга байдаггүй. Материаллаг баазаа хөгжүүлье гэвэл цаана нь Хөлөнбуйр аймаг байна. Хятадын бөхийн том уурхай нь Хөлөнбуйрт байдаг. Хятадын нэрийн хуудас болсон аваргууд бүгд Хөлөнбуйрын барга хүүхдүүд байдаг юм. Ийм сайхан нөхцөлд байгаа, дэд бүтэц сайн хөгжсөн, бусад аймгуудтай харьцуулбал харьцангуй олон хүн амтай Дорнод аймагт чөлөөт бөхийг хөгжүүлэхгүй байна. Энэ аймагт спортыг хөгжүүлж байгаа нь гэвэл боксын Төмөрбат багш л байна. Хэнтий аймаг бол Монголын бөхийн нэг том уурхай. Тэр аймагт бөхийн дэвжээ өглөө. Одоо болтол багшгүй. Дундговь аймагт ямар ч дасгалжуулагч байдаггүй. Өсвөр үеийн УАШТ-д тамирчдаа оролцуулдаггүй. Баян-Өлгий аймгийнхан чөлөөт бөхийг хөгжүүлэх тал дээр сэтгэлгүй ханддаг. Дээр дурдсан энэ дөрвөн аймгийнхан чөлөөт бөхийн УАШТ-д өсвөрийн тамирчдаа ерөөсөө оролцуулдаггүй. Уг нь бөхийн уурхай хөдөөдөө л байдаг юмсан.

-Олимп, дэлхийгээс медаль авч байгаа эмэгтэй бөхчүүд монгол мэхээ голчлон хийж байгаа харагддаг?

-Монгол брэнд мэх гэж байна. Монголын чөлөөт бөхийн оргил үеийн бөхчүүд хэн хэн байна гэвэл Ойдов, Баянмөнх, Нацагдорж, Хойлогдорж гэж хэлдэг. Сүүлийн үед Болд, Пүрэвбаатар, Пунцагийн Сүхбат, Наранбаатар энэ хэд л байна. Эд чинь цөмөөрөө Монгол мэхээрээ гадаадын бөхийг ялж медаль авсан. Ойдовын бүх мэх тэр чигээрээ монгол мэх. Хөлд орох мэхийг Нацагдорж шиг эзэмшсэн бөх байхгүй. Хөлийн хамгаалалтаа хамгийн сайн хамгаалдаг нь Болд. Болд баруун талдаа хүнд ялагдаж үзээгүй. Өөрөө зүүн талтай. Пүрэвбаатар аль ч талдаа хөлөө алддаггүй. Ийм брэнд болсон бөхчүүдийнхээ арга туршлагыг бид хөгжүүлж чадахгүй байна. Шигшээ багтаа ахмадуудаа аваачаад мэхийг нь заалгах хэрэгтэй. Сүүлийн үед Дүвчин маань өөрийнхөө шавь нарт мэхээ сургасан. С.Батцэцэг, Д.Сумъяа, Г.Наранчимэг гээд түүний шавь нар монгол мэхээрээ дэлхийд аваргалж байна. Энэ ховорхон брэнд мэхүүдээ бид Монголынхоо хөрс шороон дээр хийхгүй бол гадныхан биднээс түрүүлж хийх нь. Ойдовын сүйлэх, тонгорох мэхийг гадныхан л хийдэг болчихоод байна. Энэ бол их чухал. Монгол брэнд мэхийг бид сургалтдаа нутагшуулах хэрэгтэй.

-2016 оны олимпийг монголчуудад хатуу байна гэлцэх юм?

-Чөлөөт бөхийн ДАШТ ирэх намар АНУ-ын Лас вегаст болно. 2016 оны олимп өмнөх олимпоос онцлогтой. Бразил чинь манайхаас олон цагийн зөрүүтэй, далайн эргийн улс. Бээжин манайд олон талаараа ээлтэй байсан. Бразилээс медаль авахад хүндрэлтэй. Өмнө нь эмэгтэйчүүд дөрвөн жинд өрсөлддөг байсан бол одоо зургаан жинд барилдана. Эрэгтэйчүүд ч ялгаагүй. Өнөө жилийн ДАШТ-д эхний зургаан байрт шалгарсан тамирчид олимпийн эрхээ авна. Энэ хатуу шалгуур. Ухаанаар бэлтгэх хэрэгтэй. Манай чөлөөт бөхийнхөн олимпоос алтан медаль авах зорилготой. Олимпоос медаль авах боломжтой. Ийм боломжтой гэдгээ ч харуулсаар байгаа.

-Таныг чөлөөт бөхөд оруулж, дэвжээнээ гаргасан багш тань гэвэл?

-Хүн өөрийнхөө багшид байнга талархаж явах ёстой гэж боддог юм. Тамирчдын өгсөн ярилцлагыг харж байхад зарим нь багшаа дурддаггүй. Хүний багш гэдэг чинь тийм жаахан юманд л баярлаж хардаг байхгүй юу. Би, би гээд л. Бид ч залуудаа тэгдэг л байсан байх. Миний анхны багш бол, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва. Энэ хүн намайг бөхөд хөлд оруулж, шигшээ багийн тамирчин болгосон. Сүүлд ардын багш С.Магсар маань надад бүхнийг заасан. Намайг тамирчин байхад, дасгалжуулагч болоход гол хувь нэмэр оруулсан хүн. Энэ хоёр хүн бол миний мөнхийн багш. Тухайн үед ЗХУ-аас олон мэргэжилтэн ирж шигшээд ажилладаг байлаа. И.В.Лосика гэдэг мэргэжилтэн багш Беларусын Минскт одоо ч амьд сэрүүн байгаа. Энэ багш биднийг тамирчин байхад барилдах ур чадварыг суулгасан. Сүүлд 1985 оны үед Дагестаны М.Юсупов багш мэргэжилтнээр ирж байлаа.

Д.ГАНСАРУУЛ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.