Цэргийн алба хаагчдад “Буянт Ухаа” хорооллоос квот олгохоор ярилцаж байна

Д.Тулга / Нийгэм

TSБатлан хамгаалахын салбарын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр болон “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, Цэргийн алба хаагчийн орон сууц” дэд хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн үүднээс Төрийн орон сууцны корпораци, Монгол Улсын Батлан хамгаалах яам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт хоёр талыг төлөөлөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн зорилго нь цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд Талуудын хамтран ажиллах зарчим, хэлбэр, чиглэлийг тодорхойлоход оршино. Мөн Төрийн орон сууцны корпораци болон төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамтрах, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах барилга инженерийн ангиудтай хамтран ажиллах юм байна. Түүнчлэн “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд хуваарилахаар тохирч байгаа ажээ.

Мөн “Эко шинэ яармаг”, VII хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд цэргийн алба хаагчийн хотхон, байрууд байгуулах болон аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн орон сууцнаас Зэвсэгт хүчний анги, салбар байрлах аймгуудад баригдаж буй орон сууцнаас цэргийн алба хаагчдад хуваарилахаар төлөвлөжээ. Цэргийн алба хаагчийг орон сууцжуулахад төрөөс баримтлах бодлого, чиглэлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Санамж бичиг байгуулсан хоёр талын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

З.Болдбаатар: "Буянт-Ухаа" хорооллоос 200 гаруй квот авахаар ярилцаж байна

-Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Төрийн орон сууцны корпорацитай гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах болсны ач холбогдол юу вэ?

-Цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилготой. Мөн энэ байгууллагатай хамтарч манай Зэвсэгт хүчний барилга, инженерийн цэргийн ангиудын алба хаагчдыг сургах, тэднийг тодорхой ажил мэргэжилд дадлагажуулах боломж бүрдэж байна. Мөн Төрийн орон сууцны корпораци болон төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамтрах, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах барилга инженерийн ангиудтай хамтран ажиллана.

-Өнөөдөр батлан хамгаалах салбарт орон сууц нэн шаардлагатай хэдэн албан хаагч байна вэ?

-1800 хүн байна. Үүнийг үе шаттай, төлөвлөгөөтэйгээр шийдвэрлэнэ. 1800 гаруй хүний 60 гаруй хувьд цэргийн алба хаагчид, үлдсэн нь энэ салбартаа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болон энгийн албан хаагчид байна.

-"Буянт-Ухаа-2" хорооллоос тодорхой квот авахаар ярилцаж байгаа гэлээ. Нууц биш бол хэдэн байр авахаар тохирч байгаа вэ?

-Бидний төлөвлөж байгаагаар 200-250 айлын орон сууц. Гэхдээ энэ тоо өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

А.Гантулга: Хамтран ажиллах болсондоо баяртай байна

-Төрийн бүх байгууллагууд алба хаагч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр хичээж ажилладаг. Түүний нэг нь Батлан хамгаалах яам юм. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй сайхан залуусаар дүүрэн батлан хамгаалах салбарынхантайгаа хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсандаа баяртай байна. "Буян-Ухаа" хороолол нь нийтдээ 6800 айлын орон сууцтай байх болно. Эхний байр нь 2700 байна. Үүнийхээ тодорхой хувийг батлан хамгаалах салбарт квотоор өгөх боломжтой. Гэхдээ бидний хамтын ажиллагаа ганцхан үүгээр зогсохгүй. Хэд, хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигтээ тусгасан байгаа.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.