Өрхийн эмнэлэгтээ ШИНЖИЛГЭЭ ӨГДӨГ болно

Д.Тулга / Эрүүл мэнд

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн чадамж, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан иргэд шээс болон цусны шинжилгээгээ заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж өгдөг. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газраас буцалтгүй тусламжаар БНСУ-аас 142 шинжилгээний аппарат оруулж ирсэн тул энэ сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй болж, шууд өрхийн эмнэлэгтээ шинжилгээгээ өгдөг болно гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ.

-АППАРАТАД МОНГОЛ ХЭЛ, НЭР ТОМЪЁО СУУЛГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА-

Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мэдээллийн хэрэгслүүдээр өрхийн эмнэлгүүд шинжилгээ авч эхэлсэн тухай мэдээллүүд цацагдсан. Энэ тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад “Одоогоор нэг ч өрхийн эмнэлэгт тусгай аппарат тараагаагүй байна. Энэ сарын 22-ны өдөр албан ёсны нээлт болно” гэв.

Нээлтийн ёслолын үеэр эмч нарыг чадваржуулах сургалт бүрэн дууссан байх юм байна. Өнгөрсөн саруудад эмч нарыг чадваржуулах нэг, хоёрдугаар шатны сургалт болсон бол энэ сарын 8, 9-ний өдрүүдэд гурав дахь буюу сүүлийн шатны сургалт болох аж. Нийслэлийн дүүргүүд хүн амынхаа тооноос шалтгаалан нэг дүүрэгт 4-31 өрхийн эмнэлэг байдаг. Ингэхээр нийт 129 салбар өрхийн эмнэлэг, 13 салбар гэж тооцвол нийслэлийн хэмжээнд бүх өрхийн эмнэлэг энэхүү тоног төхөөрөмж хүрэлцээтэй юм. БНСУ-аас ирэх тус аппаратад монгол хэл суулгах, бусад нэр томъёог сануулах ажил хийгдэж байна.

-ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ЗӨВХӨН ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭ АВНА-

Иргэд өрхийн эмнэлэгтээ шээс болон цусны шинжилгээ өгнө гэсэн мэдээллийг авсан. “Руйсанса” корпорациас буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж нь зөвхөн шээсний шинжилгээ авах зориулалттай аж. Шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлэх юм. Ингэснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянах боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болох аж.

Энэхүү үйлчилгээг өөрийн орны хөрсөн дээр буулгаж чадсаны дараа, цаашид хамтран ажиллах гэрээнд цусны шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, биеийн жингийн харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг үзэх аппаратыг оруулж ирэхээр тусгасан байгаа юм байна. Тэгэхээр иргэд эхний ээлжинд зөвхөн шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгтээ өгөх боломжтой болж байгаа юм.

Өрхийн эмнэлэгтээ ирж шинжилгээ өгсөн иргэн шинжилгээнийхээ хариуг заавал өрхийн эмнэлэг дээр ирж авах шаардлагагүй. Учир нь хүлээн авах, унших “Hybrid” тусгай вэб сайт ажиллуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж, оочер дараалал үүсдэг асуудлууд бүрэн шийдэгдэж байгаа аж. Хариуцсан эмч шинжилгээний хариуг вэб сайтад байрлуулахдаа тухайн өвчтөнд өгөх зөвлөгөө, эмийн жор найрлагыг дэлгэрэнгүй бичиж оруулах юм байна.

Иргэд өөрийн өрхийн эмнэлэгтээ шээсний шинжилгээгээ үнэ төлбөргүй өгнө.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.