“Хүүхдийн аюултай хөдөлмөр”

Д.Тулга / Хууль

mori

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрх судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь зөвхөн өвөл, хаврын үед зохион байгуулагдаж байгаа уралдааныг авч үзсэн байна.

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй буюу эдгээр хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо байхгүй байгаа аж. Тиймээс судалгааг хийсэн хуульчдын зүгээс хаврын хурдан морь унаач хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой бие бялдар, нас, оюун ухааны хувьд өөрийн болоод бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухаарах насанд хүрсэн үед нь хаврын хурдан морины уралдаанд оролцуулах, өөрөөр хэлбэл 16 наснаас дээш насныхныг хаврын хурдан морины уралдаанд оролцуулж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор санал нэгдэж, зөвлөмждөө тусгасан байна.

Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-г нийтийн эрх зүйн хуулийн этгээд болгох, Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, уралдаан, сунгааны үед тээврийн хэрэгслээр дагахад хязгаарлалт хийж, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг зөвлөмжилжээ.

mori

-АЙЛЫН МОРЬ УНАЖ БУЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ ЯЛГААТАЙ-

Хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиогдох болсон. Ингэснээр хүүхэд унаж бэртэх, тэр бүү хэл амь насаа алдах хүртэл тохиолдол гарч байгаа тул олон улсын байгууллагууд болон Монголын ард түмэн ч уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулах болжээ.

Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхэд бол эрх зүйн бие даасан субьект мөн хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч түүгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хаврын хурдан морины уралдаан дахь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, тэдний эрх зөрчигдсөөр байгаараар нотлогдож байна.

Хурдан морь унаач хүүхдийн бэртэл, гэмтлийн бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй ярилцсаны үндсэн дээр хаврын хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бий болгож байгаа хүчин зүйлүүдийг дараахи байдлаар тодорхойлж болохоор байна. Үүнд: Хурдан морь унаач хүүхдийн нас, Цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдал, Адуу, Уралдааны зохион байгуулалт, Уяачдын туршлага, чадварын асуудал зэргийг нэрлэж байна.

Эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээгээр хурдан морины уралдаанч хүүхдэд Толгой болон мөчдийн гэмтэл, Ясны хугаралт. Хөлдөлт, осголт, Амьсгалын замын өвчин, Дотор эрхтэний доргилт, өвчлөлт, Нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэл авдаг байна.

Хурдан морь унадаг хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нь хаана хэний морийг унаж байгаа эсэхээс ихээхэн хамаарч байгаа нь хурдан морь унадаг хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын явцад сэтгэл зүйн тодорхойлолтыг гаргасан сэтгэл судлаачийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байгаа нь ажиглагдсан байна.

-ХИЧЭЭЛЭЭС ХОЦРОГДСОН ХҮҮХДҮҮД МОРЬ УНАЖ АМЬДРАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ-

Хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд урт хугацаагаар хичээлээс чөлөө авах, таслах байдал их байдаг тул хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна.

Хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болдог байна. Гэвч хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдарын хөгжлөөс шалтгаалан морь унаж уралдах нас нь (ихэвчлэн 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог) өнгөрсөн тохиолдолд сурсан сургуульгүй, эзэмшсэн мэдлэг боловсролгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцлийг бүрдүүлдэг байна.

2010 оны 10 дугаар сард ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн Жагсаалтад “Монголын уламжлалт баяр болох Наадам” бүртгэгдсэн. Гэвч Хурдан морины уралдаан нь монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиож, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрийн шинжийг агуулах хандлагатай байна.

Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Наадмын баримтын цуглуулга дансыг (1803-1920) шүүж үзэхэд баримтууд нь тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байжээ.

-УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО АЛГА-

Хаврын хурдан морины уралдаан маш олон эрсдэлтэй нөхцөлд болж, энэ эрсдэлийг үл харгалзан хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлж байна гэж үзэж болохыг энэхүү судалгааны баримтууд нотолж байна. Хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд эрсдэл бий болгож байгаа болон сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж байгаа байдал зэрэг нь хаврын хурдан морины уралдаанд оролцож байгаа унаач хүүхдийн хөдөлмөр нь ОУХБ-ын “Хүүхдийн аюултай хөдөлмөр” гэсэн ойлголтод шууд хамаарч байна.

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо манай улсад одоогоор байхгүй ажээ.

Хурдан морь унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохироход уяач, эцэг эх нар хоорондоо тохиролцоод эмчилгээний зардлыг төлөх төдийгөөр өнгөрөх, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх болон хүлээлгэх эзэнгүй, хэн нэгэн буруутай этгээдийг тогтоож хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болж байна.

Өвөл, хаврын хурдан морины уралдаан нь зохион байгуулагдах үеийн цаг агаарын байдал, уралдааны зам болон зохион байгуулалт, унаач хүүхдийн насны байдал нь хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж, хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтэд тооцогдох нөхцлийг бий болгож байна гэж судлаачид дүгнэжээ.

Хурдан морь унадаг хүүхдүүдийн дийлэнхи нь хурдан морийг сонирхолоороо унадаг хэмээн хариулж байгаа хэдий ч түүний ар гэр, амьдралын түвшин, гэр бүлийн анхаарал халамж, эцэг эхийн боломж бололцоо зэргээс ихээхэн хамаарч энэхүү замыг сонгож байгаа нь тодорхой байна.

Өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхдийг хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлж, хоцрогдуудах, сурлагын түвшинг бууруулах, цаашилбал хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах зэрэг сөрөг асуудлуудыг дагуулсаар байна. Энэ нь эдгээр хүүхдүүд өсч том болон цаашид сурч боловсрох боломжийг бага наснаас нь үгүй хийж, амьдралын баталгаагүй болгох нөхцөл үүсгэж байна.

mori

-ХҮҮХДЭЭ ХУРДАН МОРЬ УНУУЛЖ, АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛЖ БУЙ
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛОХ НЬ ЧУХАЛ-

Судалгааны үр дүнгээс өвөл, хаврын үед хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх дараах зөвлөмжийг судалгааны багийн зүгээс гаргажээ.

1. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах дотоодын эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотойгоор:

-Хаврын хурдан морины уралдаан болон бэлтгэл сунгааны үеэр хүүхэд бэртэж гэмтэн хохирсон тохиолдолд буруутай этгээдийг тогтоож, хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох.

-Хаврын хурдан морь унаач хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой бие бялдар, нас, оюун ухааны хувьд өөрийн болоод бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухаарах насанд хүрсэн үед нь хаврын хурдан морины уралдаанд оролцуулах, өөрөөр хэлбэл ядаж 16 наснаас дээш насныхныг хаврын хурдан морины уралдаанд оролцуулж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох,

-Хаврын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайжруулж уралдааны замын стандартыг бий болгох,

-Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, уралдаан, сунгааны үед тээврийн хэрэгслээр дагахад хязгаарлалт хийж, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх,

-Хүүхдээ хурдан морь унуулж, хөлс мөнгөөр нь амьжиргаагаа залгуулж байгаа эцэг эхийг хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн хэмээн үзэж хариуцлага тооцдог болох,

-Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулахад Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллаж цаг агаарын урьдчилсан мэдээ болон уралдаан болох газрын орчин нөхцөлийг урьдчилан тооцоолсон байх,

-Өвөл, хаврын улиралд болж байгаа олон уралдааныг цөөрүүлж, морь уралдуулах зөвшөөрөл олгох нөхцөл журмыг нарийвчлан боловсруулах,

-Хүүхдийн тэвчишгүй хэлбэр, түүний төрлийн жагсаалтыг шинэчлэн батлах, үүнд насанд хүрээгүй хүүхэд хөлсөөр айлд хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн нэг болох асуудлыг нэг мөр болгох.

2. Хаврын хурдан морь унаач хүүхдийн эрхийн олон улсын эрх зүйн асуудлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор:

-Дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлагын дагуу шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх

3. Хаврын хурдан морины уралдаанд унаач хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор:

-Хаврын уралдаанд бага насны хүүхдийг оролцуулахгүй байх,

-Хаврын уралдаанд оролцож байгаа уралдаанч өдөрт хэдэн км замыг туулж уралдаж болох хязгаар стандартыг нарийвчилсан судалгааны үндсэн дээр тогтоох,

-Морин уралдаан зохион байгуулах хугацааг хүүхдийн эрүүл мэндтэй уялдуулан тогтоож, тогтсон хугацаанд тохиолдох цаг агаарын аюулт үзэгдэл болох хүйтрэлт, тоосжилт, халалт, цасан болон шороон шуурга, ширүүн бороотой зэрэг үед уралдааныг тохиромжтой үе хүртэл хойшлуулдаг байх журмыг боловсруулах. Энэ нь бүс нутаг тус бүрийн онцлогт тохирсон, тэр нутаг орны иргэдийн болон унаач хүүхдүүдийн санал бодлыг тусгах,

-Хурдан морины уралдааны замын стандартыг бий болгож уралдаан болох бүрт орон нутгийн удирдлага морины комисс, хүүхдийн эрхийн төлөө байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийж баталгаажуулах, стандартын бус зам дээр морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргаж байх,

-Хурдан морь унаач хүүхдэд уралдааны өмнө болон бэлтгэл сунгааны үед учирч болох эрсдэлийг тайлбарлаж, ойлгуулах, заавал хурдан морь унахгүй байж болох талаар сануулах,

-Хурдан морины уралдаан, сунгааг тээврийн хэрэгслээр дагахыг хориглох,

-Цаг уурын байдлаас шалтгаалан газарзүйн бүсчлэл хийж, уг бүсчлэлийн дагуу тодорхой хугацаанаас эхэлж тухайн аймаг, бүсийн уралдаануудыг зохион байгуулж эхлэх хугацааг хуульчилж өгөх,

-Нэг уралдаанд хэдэн морь зэрэг уралдаж болох тоог тогтоож өгөх зэрэг зөвлөмжүүдийг гаргажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.