Г.Гангансүх: Харуул хамгаалалтын газруудад шалгалт хийж байна

Д.Тулга / Хууль

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Гангансүхээс тодрууллаа.

Энэ шалгалтын зорилго нь юу вэ?

Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлийн 1.3, “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад чиглэгдэж байгаа. Одоо шалгалтын ажил явагдаж байна.

Шалгалт ямар хугацаанд үргэлжилж, ямар байгууллагууд хамтран зохион байгуулах вэ?

Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Линцензийн төв, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар аймаг, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна. Шалгалтыг 2015-10.08-11.05 ны хооронд ажлын 21 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна.

Хамрах хүрээ, шалгах чиглэл нь ямар байх вэ?

Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй 264 хуулийн этгээдийн хамгаалалтын албад хамрагдана. Нэгдсэн шалгалтын явцад гэрээт харуул хамгаалалтын алба нь харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг хангаж буй байдал, харуул хамгаалалтын алба хаагчдыг сургалтанд хамруулсан эсэх алба хаагчдыг сургаж дадлагажуулах, чиглэлээр зохиосон ажлын үр дүнг шалгана. Мөн ашиглагдаж байгаа харилцаа холбооны техник тоног төхөөрөмж, радио станцууд, үзлэг үйлчилгээний стандарт, радио долгионыг ашиглах давтамжийн эрхийн бичигтэй эсэх, гэрээгээр хамгаалж байгаа обьектын нэр байршил, тоо хамгаалалтын хэлбэр зэргийг шалгана.

Хамгаалалтын албаныханд дуут дохио хэрэглэх зөвшөөрөл байдаг уу?

Байдаг. Энэ чиглэлээр ч бас шалгана. Хууль зүйн сайдын “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” 2013 оны а/121 дүгээр журмын 2 дугаар бүлгийн 3.1 -р заалтын шаардлага хангаж байгаа эсэх, ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгогдсон дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэх, гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудаас гэмт хэрэг захиргааны зөрчил илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бүртгэл судалгаа цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтын ажиллагаа явуулж байгаа зэргийг шалгана.

Галт зэвсэг, бусад техник хэрэгслийн талаар ямар хяналт шалгалт явуулдаг вэ?

Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, тоо, нэр төрөл, дугаар, эх үүсвэр, хадгалалт хамгаалалтын байдал зэргийг тогтооно. Мөн ЦЕГ-ын даргын 2008 оны 126–р тушаалын хэрэгжилт, ажилтнуудаа дүрэмт хувцасаар жигдэрсэн байдлыг ч мөн шалгана. Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалт, техникийн үйлчилгээ засварын газар, талбай, дулаан зогсоол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.

Зөрчил илэрсэн хамгаалалтын албанд ямар хариуцлага тооцох юм?

Ажлыг нь шалган зааварчилж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ноцтой зөрчил илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авна. Мөн шалгалтын явцад зөрчлийг дахин гаргуулахгүй байх, холбогдох хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал асуулга авч танилцуулах, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.