Хятадын төрийн банк Монголд ..,

Д.Тулга / Эдийн засаг

хятадын банк

Эдийн засгийн царцанги нөхцөл байдлыг далимдуулан гадны банк манай улсад орж ирэх нь гэсэн мэдээлэл нэг хэсэг олны дунд яригдаж байсан нь биеллээ олж, урд хөршийн “Bank of China” манай улсад салбараа нээгээд багагүй хугацаа өнгөрүүлж байна. Монгол Улс банк санхүүгийн жижиг зах зээлээ хамгаалж чадах эсэхийг нэг талаар сорьж буй хэрэг хэмээн хэвлэлээр Хятадын төрийн банкны талд тасралтгүй ярьж байсан хүмүүс бол Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг гэлцдэг. Жирийн нэг Хятад иргэний хувийн банк биш БНХАУ 67 хувийг нь эзэмшдэг тус банк манай улсад салбараа нээнэ гэдэг эдийн засгийн үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтайг захын хүн ч ойлгохоор.

-ӨНӨӨДӨР АШИГТАЙ МЭТ БОЛОВЧ ИРЭЭДҮЙД АШИГГҮЙ-

“Bank of China” Монголд салбараа нээвэл бизнесийн төслийн санхүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай зэрэг бүх салбарт хамтран ажиллах боломжтой хэмээн ярьж байсан. Одоогийн байдлаар Монголын нэр нөлөө бүхий 3 томоохон компанид зээл өгсөн гэх. Эдийн засгийн ийм эрсдэлтэй цаг үед Монголын нөлөө бүхий компаний өмчлөлийг өөрийн болгох гэсэн л нэг арга зам гэлтэй.

Өнөөдөр тус банк дотоодын арилжааны банкуудыг сайтар судалсны үндсэн дээр хамгийн бага хүүтэй зээлээр нөхцлөө тавих нь ямар ч бизнесмэн, ААН-д хэрэгтэй мэт санагдана. Эдийн засгийн эмзэг нөхцөл байдлыг далимдуулж наашаа харж инээх ч, нөгөөтэйгүүр Монголын банк санхүүгийн салбар Хятадын төрийн банкны хяналтад очиж байна гэсэн үг.

Одоогоор Монголд ашигтай мэт харагдаж байгаа ч хожим гарах эрсдэлийг таамаглахад хэцүү.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг тус банкны салбарыг оруулж ирэхэд гар бие оролцож байгаа хэмээн хэвлэлүүдээр мэдээлсэн. Тэрээр өнгөрөгч оны зургадугаар сард энэ талаар өгсөн ярилцлагадаа “Монголд одоогоор "Bank of China"-гийн салбар биш төлөөлөгчийн газар нь бүртгэгдсэн таван компани байгаа юм билээ. Одоогоор Монголд салбараа байгуулах гэсэн аливаа улсын банк алга гэсэн. Монгол Улсын хуулиар гадаадын банкны салбар байгуулагдах тодорхой шалгууртай. Дэлхийн 100 банкны нэгд орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэрэг хуулиар тогтоосон шалгууртай” хэмээж байсан билээ. Гэтэл өнөөдөр гадны банк хэдийнэ үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байна.

-ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨН-

“Bank of China” гэнэтхэн л манай улсад салбараа нээчихээгүй. Энэ талаар улс төрчид мэдэн будилсан царайлж байх зуур оюутнуудад тэтгэлэг өгч, спортын зарим тамирчдыг дэмжиж, ядуу өрхүүдэд тусламж үзүүлэх зэргээр нийгмийн үйл ажиллагаануудад гар бие оролцон аажмаар сууриа тавьж эхэлсэн юм. Тус банкны зүгээс “Жижиг дунд бизнесийн санхүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэсэн бодлого барина” хэмээн чихэнд сонсголонтой үг хэлж байсан.

АНУ, Энэтхэг, Англи, Франц гэх зэрэг хэд хэдэн улсад салбартай тус банкны хувьд манай улсын зах зээл дэндүү жижигдэхээр харагдаж буйг “Bank of China”-гийн Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Синжуны хэлсэн үгээс төвөггүй ойлгож болохоор.

Ямартай ч манай улсаас ашиг горилж салбараа нээгээгүй бололтой. Өнөөдөр “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Төрийн банк” гээд манайдаа томоохон банкууд Монголынхоо банк санхүүгийн зах зээл дээр байр сууриа олж, өөрийн орон зайг бий болгосон. Гэтэл “Bank of China” манай арилжааны банкуудаас хэдэн арав дахин том активтай атлаа “арилжааны банкуудтай өрсөлдөхгүй” хэмээн даруухан царайлах нь сонирхолтой. Тэгсэн хэрнээ хамгийн бага хүү амалсан зээл гаргаж, үндэсний томоохон компаниудад зээл олгож байгаа нь шударга өрсөлдөөн мөн гэж үү.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Монголын уул уурхайн ихэнхи лиценз энэ банкны барьцаанд байгаа” гэх нь ч бий. Манай улсад дотоодын арилжааны банкууд үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулаад болоод л ирсэн. Заавал ч үгүй Хятадын төрийн банкийг оруулж ирэх шаардлага манай зах зээлд бий гэж үү. Энэ мэт үргэлжилсээр байвал хэдхэн жилийн дараа муур багшийн үлгэр шиг үндэсний хэдэн компани, ААН, уул уурхайн лицензүүдээ урд хөршдөө алдаад дуусах бололтой.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.