Хеликобактер оношлуурыг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

Д.Тулга / Эрүүл мэнд

-ХОДООДНЫ ХЕЛИКО БАКТЕРИЙГ ХАМГИЙН ХЯМД ТҮРГЭН ОНОШЛОНО-

Өнөөдөр АШУҮИС дээр тус сургуулийг түшиглэн байгуулагдсан “Нано мед”, “МОН-HP” компаниудын үйл ажиллагааны нээлт боллоо. Энэ үеэр АШУҮИС-ийн Ерөнхий захирал, доктор, профессор Г.Батбаатар "Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжил энэ салбарт ажиллах эмч, мэргэжилтний чанартай бэлтгэл юм. Энэ чиглэл рүү бид нэлээн том зүйл хүсч, төлөвлөж явж байна. Манай их сургуулийн эрдэмтэн багш нар хэнээс ч дутахгүй сэтгэж, бодож, зохиож чаддаг. Тэдний мэдлэгийг бүтээгдэхүүн болгож зах зээл дээр гаргах ажлыг дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж болох хууль эрх зүйн үндэс нь нээгдээд байна. Бид өнөөдрийг хүртэл олон арван жил зөвхөн хэрэглэгч байж, бусад улс орны хийсэн зүйлсийг хэрэглэж ирлээ. Харин өнөөдөр бид өөрсдөө бүтээж чадаж байна" гэдгийг энд онцлох нь зүйтэй гэв.

“МОН-HP” компанийг үүсгэн байгуулагч, эрдэмтэн Х.Оюунцэцэг хэлэхдээ "Ходоодны өвчлөл, хорт хавдрын олон шалтгааны нэг Хелико бактерийн оношилгоо, эмчилгээний асуудал тулгамдаж байдаг. Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан зөв оношилгоо шаардлагатай байсаар ирсэн. Дэлхийн олон орнууд уреазийн түргэвчилсэн оношлуур өргөн хэрэглэдэг. Манай эрдэмтэн судлаачид энэ оношлуурыг олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээсэн юм. Энэхүү оношлуурыг дэлхийн зах зээл дээр 15-20 мянган төгрөгөөр зардаг бөгөөд Монголд цөөн хэдэн газар эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг байсан.

“MON-HP” компанийн үйлдвэрлэсэн оношлуур 5000 төгрөгийн үнэтэй худалдаалагдана. Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанарыг шинжлүүлэхэд 94.3 хувь, өвөрмөц чанар 98.2 хувьтай байсан нь маш сайн үзүүлэлт юм. “Хеликобактерийн түргэвчилсэн оношлуур”-ыг эмнэлгүүд түгээмэл хэрэглэх нь Монгол хүмүүст ходоодны хеликобактери пилори нянгийн халдварыг богино хугацаанд, хялбар, хямд аргаар оношлох, нян устгах эмчилгээний үр дүнг хянах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой юм" хэмээн хэллээ.

Өнөөдрөөс “Нано Мед” биотехнологийн компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энэхүү компани нь өдөр тутмын бүтээгдэхүүн болох биологийн идэвхт бодис агуулсан тараг, цай, элэг хамгаалагч зэрэг нано технологи ашигласан олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Мөн лабораторийн тест, DNH чип зэрэг оношилгоо, эмчилгээнд чухал ач холбогдолтой үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.