Чингисийн замыг хурдлуулахад төр дэмжлэг үзүүлнэ

Д.Тулга / Эдийн засаг

Манай үндэсний бүтээн байгуулалтын “Чингис Лэнд Девелопмент Групп” Ази-Европийг холбосон эдийн засгийн томоохон төслүүдийн тооцоо судалгаан дээр сүүлийн 6 жилийн турш ажиллаж ирсэн. Ингэхдээ зөвхөн Монгол Улсынхаа хэмжээнд бус харин хөрш орнуудынхаа бизнесийн томоохон групп, корпорациудтай хамтран ажиллаж, төслүүдээ харилцан уялдуулах чиглэлд ихээхэн цаг хугацаа зарцуулжээ.

Чингисийн зам нь Азийн хурдны авто зам сүлжээний нэг хэсэг бөгөөд хойшоо ОХУ-ын Транс-Евразийн гол замтай нийлэх, урагшаа БНХАУ-ын Бээжин хотоор дамжин Тянжин боомт хүрэх хурдны замын Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг юм.

Өнгөрсөн жил гарангийн хугацаанд Чингис Лэнд Девелопмент Групп нь төслийн зам барилгын ажлын өмнөх бүх бэлтгэлийг хангаж, одоо зураг төсөл боловсруулах ажил дуусах шатандаа явж байна. Энэхүү төсөл нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй манай улсын хамгийн том төсөл бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт нь 10-12 тэрбум ам.доллар болох ажээ. Концессийн гэрээгээр төрөөс санхүүгийн баталгаа шаардахгүй, төсөвт хүндрэл учруулахгүйгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт босгон бүтээн байгуулалтдаа зориулахаар ажиллаж байгаа ба Чингис Лэнд Девелопмент Групп нь уг хурдны замыг 3 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна.

Энэ сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболд Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн “Чингисийн зам” төслийн ажлын явцтай танилцлаа. Хойд хилээс урд хил хүртэл нийт 1000 км замыг 2 урсгал, 6 эгнээтэй барих ба зам дагуу дэлгүүр, зоогийн газар, зочид буудал бүхий амралт үйлчилгээний цогцолборууд, зам засварын нэгжүүд олноор баригдаж олон мянган ажлын байр бий болно. Мөн зам барилгын ажлын явцад 20-30 мянган түр ажлын байр бий болох бөгөөд мөн манай улсын олон зуун компанид бизнесийн орон зай бүрдэх юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд уг төслийн ажлын явцтай танилцаад “Монгол Улс байршил болоод өөрийн баялаг, нөөц бололцоондоо тулгуурлан хөрш орнуудтайгаа хамтран ажиллах, улмаар дэд бүтцийн том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, гадаад зах зээлд гарч бусад орнууд руу бүтээгдэхүүн, түүхий эд, эрчим хүч экспортлох боломжтой. Үүний нэг жишээ нь энэ хурдны авто зам юм. Бид үндэсний компаниудынхаа томоохон төслийн зөв зохистой санаачлагуудыг дэмжин ажиллах болно. “Чингисийн зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд засаг төрийн зүгээс гаргах ёстой шийдвэрүүдийг хурдавчлах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төр бүх талаар дэмжин ажиллах ёстой.” хэмээн уулзалтын үеэр онцлон хэллээ.

Хурдны авто замын энэхүү бүтээн байгуулалтын ажилд Их Британи, Итали, Франц, Испани, БНХАУ болон ОХУ-ын дэлхийн хэмжээний томоохон компаниуд оролцож байгаа ажээ. Уг хурдны зам нь Монгол улсад баригдаж буй хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд Туул, Орхон голууд дээр 2 км орчим урт татлагат гүүр мөн уулархаг газруудад хэд хэдэн хэсэгт туннель барих юм байна.

Дашрамд дурьдахад тэртээ 1963 онд Энхтайваны гүүрийг барьж байсан бүтээн байгуулалтын дэлхийн шилдэг компани болох СССС компани Туул гол дээгүүр барих 2 км орчим татлагат гүүрийн зураг төслийг боловсруулах ажил дээр мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа гэдгийг тус группийн инженерүүд хэлж байлаа.

Бүтээн байгуулалт гэдэг бол хүний гараар бүтээгдсэн гайхамшиг бөгөөд бид гадаад оронд зочлохдоо л гайхан биширдэг урлагийн бүтээл шиг гайхамшигт гүүрийг тун удахгүй Монголдоо харах, түүгээр ч зогсохгүй дээгүүр нь салхи татуулан давхих өдөр айсуй.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.