Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хөшөөг салбарынх нь яам бүтээнэ гэжээ

Д.Тулга / Орон нутаг

“Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэлд байдаг гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олдсон талаарх харамсалтай мэдээллийг манай сайт хамгийн түрүүнд хүргэсэн билээ.

Энэ хэрэг монгол орны өнцөг булан бүрт суугаа монгол хүмүүсийг нэгтгэсэн гэхэд болно. Сүүлдээ энэхүү хэрэг улс төрийн хүрээнд яригдаж, байгаль хамгаалагч залуугийн хамгаалахыг оролдож, тэмцэж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Энэ асуудлаар санаа зовниж, хайран сайхан залуу байгаль орчин, Монгол орныхоо ан амьтан, уул ус, газар шорооныхоо төлөө ажиллаж, тэмцэж яваад амиа алдсанд харамсаж буйгаа УИХ-ын эрхэм гишүүд ч илэрхийлж байсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа.Хүний амь насыг хөнөөх хүртэл өш хонзогносон эрх ашгийн зөрчил, ашиг сонирхол явагдаж байгаа нь харамсалтай, аймшигтай.Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах хүртэл хичээн ажиллах болно" гэсэн юм. Үүгээр зогссонгүй энэхүү асуудал олон улсын түвшинд анхаарлын төвд орж, гадны хэвлэлүүд энэ талаар мэдээлж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулж, эр зоригийг нь ард түмэнд үеийн үед сануулахын тул гэрэлт хөшөө босгохоор болсон талаарх таатай мэдээлэл байв.

Энэхүү санаачлагыг Г.Дамбадаржаа гэх нэгэн залуу гаргасан бөгөөд хөшөө бүтээх тухай саналаа фэйсбүүк хуудастаа бичсэн нь олон хүний дэмжлэг авсан байна. Улмаар түүнтэй талийгаачийн нутгийн хүн холбогдож, хөшөөний загвар хүртэл хийж явуулжээ. Харин үүнтэй зэрэгцэн БОНХАЖЯ-ны зүгээс талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хөшөөг босгоно гэх мэдээлэл гарсан. Тиймээс Г.Дамбадаржаа хөшөө босгох ажлаа түр азнахаар шийдэж, яамны ажил хэзээ эхлэхийг хүлээж суугаа талаараа хэлсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.