Мөнгөтэй хүнд Монгол Улсын хууль үйлчилдэггүйн тод жишээ

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр үдээс хойш 15.20 цагийн үед “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах “Хаан гэр” ресторанд гал гарсныг бид цаг тухайд нь шуурхай мэдээлж байсан билээ. Тухайн үед гал унтраах зургаан баг ажиллаж байсан боловч тус барилга сэндвичэн учраас оройн 18.00 цагт гал улам даамжирч, хажуу байрууддаа нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Галын өтгөн хар утаа хотын төв болон ойр орчныг бохирдуулж, ойролцоох байр луу гал нөлөөлөх магадлалтай байсан тул оршин суугчдыг аюулгүй байлгах үүднээс яаралтай байрнаас нь гаргаж байлаа. Мөн “Хаан гэр” болон “Хаан караоке”, “The bull” зэрэг байгууллагуудад шар айраг, согтууруулах ундаа ихээр хадгалагдаж байсан нь гал унтраах явцад ихээхэн хүндрэл учруулж буйг албаны хүмүүс хэлж байсан. “Хаан гэр” ресторан нууцаар зориулалтын бус газар пиво үйлдвэрлэх тоног төхөөрөмж, түүхий эд байрлуулснаас үүдэн гал гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм. Өчигдөр “Хаан гэр” ресторанд гарсан галаас өнөөгийн нийгмийн гажуудал болон хамгийн ихээр тулгамддаг гурван зүйлийг харж болохоор байлаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод барилгын стандарт гэж байхгүй, хоёрдугаарт мөнгөтэй эрх мэдэлтэй хүн юу дуртайгаа хийж болдог, гуравдугаарт гал сөнөөгчид багаж хэрэгсэлгүйгээр дүрэлзсэн галтай улаан гараараа тэмцдэгийг харлаа.

-МӨНГӨТЭЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮНД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ-

Монгол Улсын барилгын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтөд 2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой гэж заасан байдаг. Таваас найман давхар бол барилга хоорондын зай 21 метр, есөн давхарт 32 метр, 12 давхарт 45 метр, 16 хүртэл бол 62 метрийн зайтай байна гэх стандарт мөрдөгдөж байгаа. Харин “Хаан гэр” ресторан анх баригдаж эхлэхдээ дээрх бүх стандартыг зөрчин барилгаа барьж эхэлжээ. Энэ бүхнийг нь “Хаан караоке” гэх хаягтай ягаан гурван давхар барилгыг эзэмшдэг Н.Цэгмид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа бичиг явуулж барилгын ажлыг зогсоож өгөхийг хүсдэг байжээ. Гэтэл мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн Монгол улсын хууль дүрмийг яаж зөрчиж болдгийг тэр хавийн түрээслэгч болон албан байгууллагуудад тод томруунаар харуулсан гэхэд болно. Хэрээс хэтэрсэн эрх мэдэл, стандартын шаардлага хангаагүй барилга энгийн иргэдэд ямар их аюул гамшиг, хохирол учруулдагийг “Хаан гэр” ресторанд гарсан гал олон нийтэд харууллаа.

-“ХААН ГЭР” РЕСТОРАНЫ ЭЗЭД ХЭН БЭ-

“Модерн Номадс”-ын сүлжээ ресторануудын нэг салбар болох “Хаан гэр” грилл ресторан өчигдөр шатсан. Анх 2003 оны долдугаар сард монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэж боловсруулан ард иргэдэд үйлчилж эхэлсэн. “Модерн Номадс”-ын сүлжээ ресторануудын эзнийг М.Есөнмөнх гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ. Тэрбээр Монголын тэргүүн 100 баяны жагсаалтын 82 дугаарт 20 сая ам.долларын хөрөнгөөрөө жагсдаг. Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг “Модерн Номадс”-ын цаад “эзэн”-ийг УИХ-ын гишүүн С.Баярцогт гэдэг. Тэрээр Сангийн сайд байхдаа “Оюу толгой” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж “Модерн номадс” сүлжээ хоолны ресторанаа сонгон шалгаруулалтад тэнцүүлж “Оюу толгой”-н орд, Өмнөговийн Цогтцэцийн суманд рестораныхаа салбарыг нээсэн. “Оюу толгой”-н нэг ажилчны өдрийн хоол хамгийн багаар бодоход 30 ам.доллар байдаг. Гэтэл ажилчдын хоол хүнсийг “Модерн номадс” компани хариуцан дангаараа нийлүүлдэг гэж байгаа. Ийм эрх мэдэлтэй төрийн түшээ хүн “Хаан гэр” рестораны ард байдаг учраас Мэргэжлийн хяналт болон бусад төрийн байгууллагууд хөдөлдөггүй байх.

-БАГАЖ ХЭРЭГСЛЭЭР ДУТМАГ ГАЛ СӨНӨӨГЧИД-

Барилга хоорондын стандарт мөрдөж бариагүй “Хаан гэр” ресторанд гарсан галыг унтраах гэж гал сөнөөгчид өчигдөр багагүй саад бэрхшээлтэй тулгарсан. Ядаж л ганц галын машин чөлөөтэй яваад орчих зай байхгүй. Тиймээс гал сөнөөгчид бүх багаж хэрэгслээ гараараа зөөж харагдсан. Хамгийн хэцүү нь гал командын автомашинуудын ус хүчтэй асаж буй галын хаана нь ч хүрэхгүй дуусч, гал сөнөөгчид нүцгэн гараараа галтай тэмцэх нь. Гашуун хар утаан дунд нэг удаагийн амны хаалт ч зүүлгүй ард иргэдийнхээ эд хөрөнгийг хамгаалахаар зүтгэж буй гал сөнөөгчдийнхөө техник хэрэгслийг нэн даруй сайжруулж өгмөөр санагдсан. Мөн дохиогоо хангинуулаад давхиж байгаа галын машинд зам чөлөөлөөд өгөх сэтгэлгүй уралдаад давхиж буй жолооч нар олон таарч байв.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Д.АМАРТҮВШИН

haan ger gal

haan ger gal haan ger galhaan ger gal

haan ger galhaan ger gal


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.