Хувийн хэвшлийнхэн VS төрийн албан хаагчид

Д.Тулга / Нийгэм

bair

НИТХ өчигдрийн хуралдаанаараа “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж баталсан юм. Энэхүү журмаар Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх бөгөөд орон сууцны талбайн хэмжээг 80 метр кв хүртэл гэж заасан байна.

Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно.

Манай улсад 165 мянга гаруй төрийн албан хаагч бий гэсэн судалгаа байдаг. Үүний дийлэнхи нь буюу 95 орчим хувь нь 3 болон түүнээс дээш жил төрд алба хаасан байх юм. Үүнээс дан ганц нийслэлийн харъяа төрийн албанд ажиллаж буй албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлнэ гэхээр энэ тоо тодорхой хэмжээнд багасах ч гэнэтийн ийм шийдвэр нь хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирж байгаа юм.

Байрны урьдчилгаа зээлээ арай ядан төлж, байрны үнэ буурахыг хоног тоолон хүлээх зуур нь ийм шийдвэр гарсны маргаашаас л орон сууцны үнэ нэмэгдэх нь гэх хардлага үүссэн. Нөгөөтэйгүүр уг журамд “Заавал анхны орон сууцаа худалдан авах гэх зэрэг хатуу шалгуур байхгүй, гагцхүү ипотекийн зээлийн үндсэн шалгуурыг л хангаж байх ёстой” гээд заачихсан байгаа нь орон сууцтай иргэд дахин орон сууц авах нөхцөл бүрдчихэж байгаа юм.

-ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН УУ-

Өнөөдөр манай улсад 90 гаруй мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар ДНБ-ий 73.7-74.3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж, татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2011-2015 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзэлжээ. Гэтэл өнөөдөр төрөөс гаргасан шийдвэр бүр төрийн албан хаагчид руугаа чиглэсээр байна.

Жилээс жилд төрийн албан хаагчдын цалин өсөн нэмэгдсээр байхад хувийн хэвшлийнхний цалин нэмэгддэггүй, дээрээс нь адилхан хөдөлмөр эрхэлж, татвараа төлж байгаа мөртлөө ийм ялгавартай шийдвэр гаргаж байгаад бухимдах иргэд бишгүй байна. Мэдээж нэг ч гэсэн иргэн орон сууцтай болох нь сайн явдал боловч иргэдээ ийн ялгаж байгаа нь дэндүү шударга бус гэлтэй. Энэ асуудалд аль алинд нь боломж олгосон нээлттэй, тэгш байдлыг бүрдүүлж өгсөн бол нүдээ олсон ажил болох биз ээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.