Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй

Д.Тулга / Хууль

-ӨВӨЛЖӨӨНИЙ ХАЖУУ ДАХ УУЛЫН БЭЛ ШИГ ХАМГААЛАЛТГҮЙ ГАЗАРТ ХҮМҮҮС ЦУГЛАСАН БАЙХАД ТООДОГГҮЙ ТӨРИЙН АЛБАНЫХАН БУРУУТАЙ-

Хандгайтад чаргаар гулгаж байгаад хүн дайрсан хүүгийн өмгөөлөгч ингэж ярьсан юм. Шинэ оны дараа амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан билээ. Чаргатай хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөвөл тав хүртэлх жил хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.Гэмт хэрэгт холбогдсон хүү 15 настай. Сайн сурлагатай, даруухан хүүхэд гэдгийг сургуулийнхан нь ярьж байсан.

ТОГЛОХ Л ГЭЖ ОЧСОН ЮМ ШҮҮ ДЭЭ. ДААНЧ ОРЧИН НЬ ТЭР

Хүүгийн гэрийнхэнтэй холбогдоход "Бид одоо ч шокноос гараагүй байна. Хүүгийн минь сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Эрүүгийн айхавтар хэрэг үүсгэсэн гэж сонссон. Уг нь хүү минь тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчин нь тэр. Тэр өдөр Хандгайтын аманд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан гэсэн. Хүүхэд л юм болохоор тоглох хүсэлтэй байлгүй яахав. Томчууд ч хүүхэд ахуйдаа дугуй чирээд уулын энгэр рүү гүйчихдэг байсан шүү дээ. Бид хүүхдийнхээ хүүхэд насыг буруутгаж чадахгүй. Тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчных нь байж байгаа байдал тэр. Үнэндээ хөл толгой нь олдохгүй л байсан гэж тэнд байсан хүмүүс ярьж байна лээ. Чарга зарж мөнгө олдог нөхдүүд нь чаргаа зараад бусдыг анзаарах сөхөө байхгүй. Эмч, цагдаа гээд иргэдэд үйлчлэх учиртай нэг ч хүн тэнд байгаагүй. Хүмүүс "холдоорой" гэж өөрсдөө орилолдож гулгахаас өөр зохицуулалт байгаагүй юм билээ. Хүний алтан амь хохирчихоод байхад бид одоо олон юм ярьж чадахгүй. Аль аль талдаа тун хэцүү байгаа" гэсэн юм.

"ТЭР ХҮҮГИЙН НҮДЭНД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЭД Л БАЙСАН"

Осол гарах үед Хандгайтад байсан хүмүүсийн нэг "Дулаахан бас амралтын өдөр байсан болохоор маш олон хүн цугласан байсан. Түрээслэж байсан чарга хүрэлцэхгүй байсан болохоор хүмүүс урт дараалал үүсгэчихсэн. Бага насны хүүхэд, хөгшчүүлд дайрагдчих гээд үнэхээр замбараагүй байсан. Тэнд хэн ч зохицуулалт хийгээгүй. Чаргаар гулгах ёстой зурвас нь ч мэдэгдэхгүй. Гэнэт л хүмүүс бөөгнөрөөд орилолдоод эхэлсэн. Очтол хүүгийн хажууд нэг настай хүн уначихсан байлаа. Тэр хүү болсон явдалд итгэж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнээд дуугарч ч чадахгүй байсан. Түргэн тусламж ойр байсан бол хохирогчийг аврах боломж байсан болов уу. Гэтэл түргэн тусламж хугацаа алдаж ирсэн. Цагдаагийн дараа түргэн тусламж ирсэн юм. Болсон явдалд итгэхгүй, бүлтэлзээд зогсч байсан хүүг цагдаа нар аваад явахад хүүхдээс минь ялгаагүй санагдаж өрөвдөж үлдсэн. Талийгаачийн охин ч гэсэн түргэн тусламж иртэл яаж ч чадахгүй орилоод тун өрөвдөлтэй байсан. Эмч нар хугацаа алдаж ирсэн гэдгийг онцолмоор байна" гэж ярилаа.

Б.ДАШДОРЖ: АЮУЛГҮЙ ОРЧИНД БАЙХ ЭРХ АЛГА

Сэжигтэн хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мэдүүлэг өгсөн үү?

-Одоогоор хэрэг бүрдүүлэлт хийж байгаа болов уу. Насанд хүрээгүй хүүхэд учраас асран хамгаалагч, өмгөөлөгчтэй нь хамт мэдүүлэг авах ёстой. Бид хоёр одоогоор мэдүүлэг өгөөгүй байгаа. Ер нь хүүгийн сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Ар гэрийнхэн нь шокноос гараагүй.

-Хохирогчийн талтай уулзсан уу?

-Хүүгийн аав, ээж уулзсан байх. Шинэ жилийн баярын дараа бүгд амраад, цэвэр агаарт гарч явсан үе шүү дээ. Тун харамсалтай, золгүй явдал болсон.

-Золгүй явдал боловч хүнийг болгоомжгүйгээр хөнөөсөн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэгэхээр хүү тав хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй гэсэн үг үү?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийн цаана хүний аюулгүй орчинд амьдрах эрх яригдана. Төр энэ эрхийг хангах учиртай. Тэр цанын баазын хамгаалалт ямар байсан бэ, иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс юу хийж байсан бэ гэх зэрэг асуудал яригдана. Гэхдээ одоо мэдээлэл өгөх боломж алга гэв.

Хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байгаа гэсэн ч...

Хүүд холбогдох хэрэгт хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тодруулахад "Энэ хэрэгт манайх анхаарлаа хандуулж байна. Харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст судалгаа, дүн шинжилгээ хийж байгаа" гэсэн юм. Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга П.Мягмарсүрэн "Хэрэг гарсны дараа дүүрэг дээр шуурхай хуралдаж, үнэлгээ судалгаа хийх үүргийг манай хэлтэст өгсөн. Хэрэг гарсан газарт очиход үнэндээ ямар ч зохион байгуулалтгүй байсан юм билээ. Олон хүн маш замбараагүй байсан. Хүүхэд гулгах зурвас дотор байсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэрэгт холбогдсон хүүхэд өөрөө Баянгол дүүргийнх. Тиймээс Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст шилжүүлсэн" гэв. Харин Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс харин энэ хэргийг огт мэдэхгүй, дуулаагүй. Тийм болохоор манайх анхаарлаа хандуулж, ажиллаагүй гэдэг хариуг өглөө.

Тусгаар улс болсноос хойш ганц цанын бааз тохижуулаагүйг юу гэх вэ?

Манайд төрөөс тохижуулсан гэх ганц цанын бааз байхгүй. Тусгаар улс болоод 90 гаруй жил болж байхад өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг хамгаалалтгүй орчинд хүмүүс бөөнөөрөө цуглаж байна. Төр иргэнийхээ төлөө ажиллахгүй байгаагийн сонгодог жишээ энэ. Хандгайтын цанын бааз Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэдэлд хэдэн арван жил болоход ганц хамгаалалтын хашаа ч татаагүй. Зах зээлийн өмнөх үед төмөр чаргаар гулгаж байгаад мөргөлдөж хөл, гараа хугалах тохиолдол байнга шахам гардаг байсан. Дараа нь хувьчилсан нэрийдлээр эзэнгүйдүүлчихсэн. Янзага зуслангийнхан өвөлд тэнд чарга түрээслүүлж мөнгө олдог аж. Байгаа байдал нь төрийн мэдэлд байхдаа ямар байсан яг түүн шигээ замбараагүй, хариуцах эзэнгүй. Гэтэл хяналт шалгалт хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн байгууллагынхан "Иргэд өөрсдөө стандартын шаардлага хангаагүй газарт очих ёсгүй. Ямар ч харьяалалгүй уулын бэлд гулгаж байгаад гэмтэж, бэртсэн хариуцлагыг хэн хүлээх билээ. Амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөхдөө хүмүүс амь нас, эрүүл мэнд, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. "Skyresort" л гэхэд стандартын шаардлага хангасан. Иргэдэд стандартын шаардлага, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам хангасан газар очиж гулгах хэрэгтэй" гэсэн хариултыг өгч байлаа. Олон хүн цугласан газарт эмч, цагдаа нь өөрсдөө очиж ажиллах үүрэгтэй. Тэднийг ингэж ажиллуулахын төлөө иргэд татвар төлж цалинжуулдаг. Энэ үүргээ хүлээгээгүй учраас золгүй явдал болж нэг хүний амь эрсдэж, нөгөө хүү гэмт хэрэгтэн болж магадгүй байдалд байна. Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй. Харин өвөлжөөний хажуудах уулын бэл шиг хамгаалалтгүй газарт хүмүүс цугласан байхад тоодоггүй төрийн албаныхан буруутай.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.