“Нар харах сайхан байна”

Д.Тулга / Хууль

zahia

Зураг: Гэрэл зургийг "ЗУУНЫ МЭДЭЭ" сониноос албан ёсны зөвшөөрөл авч нийтлэв

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын хүрээнд Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцох протоколд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.

Тус гэрээний эхлэл болгож өнгөрсөн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Д.Э-г ялтан шилжүүлэх шугамаар эх оронд нь авчрав. Хиймэл шүд нь унаснаас ходоод нь өвддөг болж, нэг хөл нь бага зэргийн хавантайг эс тооцвол өөр зовиургүй байгаа түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 401 дүгээр ангид шилжүүлсэн байна.

-ХАРИЙН ШОРОНД 6.4 ЖИЛИЙН ЯЛЫГ БИЕЭР ЭДЭЛЖЭЭ-

Ээж болон хоёр охинтойгоо амьдардаг байсан Д.Э нь хар тамхины хэрэгт холбогдон, харийн шоронд хоригдохоосоо өмнө Монгол Хятадын хооронд үнэртэй усны бизнес эрхэлдэг байсан юм билээ. Ингээд Малайзын Куала Лумпураас БНХАУ-ын Жозиан мужийн Ханжоу хот руу нэг кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь цаазаар авах ял сонсох юм чинээ тэрбээр санаагүй биз. Хууль цааз нь хатуу чанга БНХАУ-д түүнийг бүхэл бүтэн долоон сар мөрдөн байцааж, өөр хамсаатан бий эсэхийг нь өдөр бүр асуудаг байжээ. Тэрээр кинонд гардаг шиг тамлал зовлон амсаж байсан аж.

Улмаар 2009 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хар тамхи тээвэрлэсэн хэргээр БНХАУ-ын хууьд зааснаар цаазаар авах ял сонсчээ. Ялыг хоёр жилээр хойшлуулан давж заалдсан боловч цаазын ялыг хэвээр баталж, дахин давж заалдсанаар бүх насаар нь хорих ял болгожээ. Тэгээд зогсолгүй дахин давж заалдан байж бүх насаар нь хорих ялыг 19 жилийн хорих ялаар солиулсан юм билээ. Ингээд Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд зургаан жил дөрвөн сарын ялыг биеэр эдлээд, эх орондоо нулимс дуслуулсаар хөл тавьжээ.

-ТӨРӨЛХ ХЭЛЭЭ БАРАГ МАРТЖЭЭ-

4000 гаруй хоригдолтой Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд нэг камерт 13 ялтан хоригддог байсан гэх бөгөөд тэнд Д.Э-ээс өөр монгол байгаагүй аж. Тиймдээ ч тэнд төрөлх хэлээрээ ярих боломж гарахгүй зургаан жил гаран хоригдсоноосоо болж хятад хэлийг эх хэлтэйгээ холин солин байж арайхийн ярьж буй нь нэг талаар эмгэнэлтэй хэрэг гэлтэй. Гэхдээ л монгол хүн байна даа “Монголдоо ирээд сайхан байна. Битүү агаартай газар байсан болохоор сэрүүн агаар сайхан байна. Би эх орондоо ирлээ. Намайг авчирсан хүмүүст маш их баярлалаа. Нар хараагүй удсан болохоор надад сайхан байна” хэмээн 401 дүгээр хорих ангийн цонхны дэргэдээс холдохгүй байгаа гэсэн. Эх хэлэндээ ийнхүү муудсанаас гадна идэх хоол унданд нь ч өөрчлөлт оржээ. Тэрбээр тэнд хоригдож байхдаа огт мах идэж байгаагүй, гахайн элэг л иддэг байсан аж. Түүнчлэн түүний хөл гарыг гавтай байлгадаг байсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахдаа гар бариулж, тэврүүлдэггүй, эрүүл мэндийнхээ талаар ямар нэг зүйл ярихыг хориглодог байжээ. Хэрэв ямар нэгэн мэдээлэл өгвөл сард өгдөг цалингаас нь хасдаг аж. Д.Э тэндээ эм түгээгчээр ажилладаг байсан байна.

-ТҮҮНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ДАХИН ЯЛЛАНА-

Д.Э хорих ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ Монголын элчинд өгснөөр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам хөөцөлдөж БНХАУ-ын Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч чаджээ. Түүний хэргийг прокурорт шилжүүлж дүгнэлт гаргаад удахгүй шүүх хурлын тов гарч, Монгол Улсын Эрүүгийн хуулиар яллах юм.

Манай улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн олон нь БНХАУ-д байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 14, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод 16, Макаод манай улсын нэг иргэн байгаагаас зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байна. Тус улсад хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ манай улс БНХАУ-ын талд хүргүүлжээ. Одоо БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон ч 19.6 жилийн ял эдлэхээр болоод буй Л.Байгальмааг авчрахаар хөөцөлдөж байгаа мэдээлэл байгаа билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.