Н.Батцэрэг: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болох ёстой

Д.Тулга / Улстөр

battsereg

УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Уг хуулийн гол агуулга нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх юм байна.

Манай улс 1990 оноос хойш дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтуудыг гаргаж ирсэн түүхтэй. 1996 онд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг гаргасан бол 2000 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг гаргаж байжээ. Энэ мэт хөгжлийн баримт бичгүүдийг гаргаж ирсэн боловч хэрэгжилт муу байсан гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Харин одоо батлагдах гэж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж аль болохоор хэрэгжүүлэх талаас нь ажиллах нь зүйтэй гэв.

Цаашилбал аймаг, сум, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчид нар бүгд хөгжлийн баримт бичгийг боловсруулсан мөртлөө хэрэгжүүлсэн үр дүн огт байдаггүй байна. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжинэ гэж үргэлж бичиж ирсэн мөртлөө ажил хэрэг болгоогүй байдаг аж.

Тиймээс хөгжлийн бодлогод бичигдсэн зүйлүүдийг ажил хэрэг болгохын тулд хэр их хэмжээний мөнгөөр ямар ажил зохион байгуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зохицуулалтыг маш сайн хийж өгөх ёстой гэж тус бүлэг үзсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Цаашлаад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болж аль ч нам Засгийн эрхэнд гарсан нэг хууль эрх зүйн зохицуулалтаар ажлаа хийх нь зүйтэй. Тэгэхээр дунд, урт хугацаанд эдийн засгаа дэмжих ямар ажлуудыг зохион байгуулах юм. Энэ нь ямар үр дүнд хүрэх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй” гэлээ.

Тиймээс тус бүлэг Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсгийг уг хуулийн төсөл ажиллуулахаар болжээ. Мөн Япон, Монгол улсын эдийн засгийн түншлэлийн асуудал байна. Тус бүлэг уг асуудлыг ихээхэн чухалчилж үзэж эдийн засгийн түншлэлийн бичгийг чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжсэнээрээ өмнө нь батлагдсан Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүд хүчингүй болно гэсэн үг үү?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг дунд болон урт хугацааны хөгжлийн бичиг баримтууд бол хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна. Гагцхүү тухайн бичиг баримтууд дээр байсан санхүүжилт, хэрэгжилтийг зохион байгуулах эзэн байгууллага, хүрэх үр дүн зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн төсөлдөө нарийвчлан суулгаж өгөх гэж байгаа юм.

-Шинээр батлагдах Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг яаж шийдэх вэ?

- Хуулийн төсөлд аливаа хөгжлийн асуудлыг хөндөхдөө түүний санхүүгийн эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр сууринаас хандсан. Энд мэдээж орон нутгийн болон улсын төсөв байна, мөн Монгол улсын гадаад зах зээл дээрээс авсан зээл, өрийн бичиг, концессын гэрээ болон бусад эх үүсвэрүүд бол манай хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох юм. гэхдээ аль эх үүсвэрээс ямар бодлогыг зохион байгуулах юм бэ гэдгийг хууль батлагдсан гарсны дара илүү тодорхой болгох юм. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрдлэлийг хөгжүүлэх хөтөлбөр гэхэд аль түвшинд батлагдсан хөтөлбөр байх юм, санхүүгийн нөхцөл боломж нь хаанаас дайчлагдах юм, ямар хугацаанд хэрэгжих юм зэрэг олон зүйлүүд тодорхой болно. Тэгэхээр эрх зүйн систем тогтолцоог нь тодорхой болгоод дараа дараад нь гарах хөтөлбөр, бодлогууд нь яг хуулиндаа нийцэж гарах нөхцөл бүрдэх юм. Тэгэхгүй бол бие биендээ уялдаа холбоо муутай олон хөгжлийн хөтөлбөр, бодлоготой болчихоод байгаа юм. Үүнийг нь цэгцэлж байгаа гэсэн үг. Олон улсын түвшинд бүх улс орнууд хөгжлөө нарийн төлөвлөж макро боло микро түвшинд яаж төлөвлөх вэ, хувийн хэвшлийнхэн аль хэсэгт нь яаж оролцох вэ зэрэг олон асуудлыг тодорхой болгодог. Энэ мэт олон зүйлүүд нь тодорхой болчихсон, зах зээлд оролцогчдын оролцоо нь бодитойгоор хаа нэг газраа үнэлэгддэг ийм орнууд бол эрчимтэй хөгжлийн зам дээр хурдан гарч ирж байна. Тийм учраас олон улсын жишгийг дагаж бодлого төлөвлөлтийн сайн хуультай болоод эдийн засгийнхаа ерөнхий дүр зургийг дунд болон урт хугацаанд төлөвлөсөн, түүнийгээ хатуу мөрддөг байдал руу орьё гэж байгаа юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.