Хандгай агнасан гэх зураг эвлүүлэг байжээ

Д.Тулга / Хууль

Маш том хандгай агнасан найзынхаа талаарх зургийг нэгэн залуу фэйсбүүк хуудастаа хийхдээ “Orkhon Orkhon анд бас баавартай ан хийсэн байна шүү” хэмээх тайлбар хийсэн нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Хандгай нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Тайга, ойт хээрийн голын хөндий намгархаг бут сөөгөн ширэнгэ, уулын налуувтар ар хажуугийн хуш, шинэсэн ойд амьдардаг. Монголд Хэнтий, Хөвсгөл орчим Улаан тайга Хоридолийн нуруу, Үүр голын сав , Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархсан бөгөөд Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан байдаг.

Ардын эмнэлэгт хандгайн мах, арьс, эвэр, хошуу зэрэг нь үнэт түүхий эд болдог учраас хууль бусаар агнах тохиолдол мэр сэр гардаг байна. Мөн уул уурхайн үйл ажиллагаанаас болж усны нөөц бохирдож энэ амьтныг амьдрах орчны хомсдолд оруулдаг бөгөөд бусад том хөхтөн амьтадтай нөөцийн төлөөх өрсөлдөөнд ордог нь ховордох шалтгаан болж байгааг эрдэмтэд судалсан байдаг.

Тиймээс ч дээрх зургийг харсан хүн бүр эгдүүцэж, дархан цаазат амьтаныг хэн дуртай нь агнаж байдаг нь ямар учиртай юм бэ, хайран сайхан амьтан хэмээн халаглацгааж байв. Харин уг хандгайг агнасан гэх Orkhon Orkhon гэх залуу уг зурагныхаа доор сэтгэгдэл бичихдээ “Элбэгдорж ахтайгаа 2009 онд Сэлэнгийн шугуйд хийсэн ан шүү дээ.” гэсэн байсан юм.

-ЭВЛҮҮЛЭГ БАЙЖЭЭ-

Бид энэхүү мэдээлэл үнэн эсэх, энэ залууг шалгаж байгаа эсэхийг цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Мэдээллийн дагуу Эрүүгийн Цагдаагийн Газрын Байгаль Орчны Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэхүү хандгайг монголд алаагүй, гадаадын улс оронд авсан зураг байна” гэх хариулт өгсөн юм. Үнэхээр гадаадын нэгэн сайтад тавигдсан хандгай агнасан эрчүүдийн талаарх мэдээлэл дунд өнөөх Orkhon orkhon гэх залуугийн Сэлэнгийн шугуйгаас агнасан гэх хандгайн зураг байх юм. Тиймээс албаны хүний хэлсэнчлэн энэхүү зургийг монгол аваагүй, фэйсбүүкт зураг тавьсан этгээд эвлүүлэг хийсэн нь илт болж буй юм. энэхүү линкээр орж жинхэнэ зургийг нь харж болно.

-ХАНДГАЙ АГНАВАЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-

Монголд хандгайг агнавал уг этгээдийг Эрүүгийн хуулийн 203 буюу “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэх зүйл ангиар шийтгэх юм.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 203.1-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

203.2-т “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Хэмээн заасан байх юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.