С.Бямбацогт: Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн хэмжээг нууж ирсэн

Д.Тулга / Улстөр

Byambatsogt*

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өрийн босго энэ жилдээ 58.3 хувиар бичигдэх юм байна. 2016 онд 55 түүний дараа жил 50 хувь болгоод 2018 онд 40 хувь болго гэсэн шаардлагыг танай бүлгээс тавьж байгаа юм уу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд Төсвийнхөө хуулинд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг заасан байдаг. Тухайн баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг хөндөхгүй гэж байгаа. Харин дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газраас өргөн барихдаа 60, 55, 50 хувь гэсэн үе шатуудаар бууруулъя гэсэн саналыг хэлж байгаа юм. Үүн дээр бид өрийн таазыг нэмэхийг дэмжихгүй. Ганц өнөөдөр хүрсэн түвшнийг хүлээн зөвшөөрчихвөл цаашид хууль зөрчиж өр нэмэх цонх нь Засгийн газарт нээгдэх учраас өнөөдөр хүрсэн түвшнийг нь хүлээн зөвшөөрөөд цаашид үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчихгүй байдлаар ажиллах ёстой юм байна. Энэ жил эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас зөвхөн 2015 ондоо Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас өөр арга алга. Цаашид эдийн засгийг хүндрэлийг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал ойрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг зөрчихгүй бууруулах бодлогыг барих ёстой юм байна.

-Одоогоор манай улсын өр яг хэдэн их наяд төгрөгийн өртэй байна. Дотор нь ангилбал ямар үзүүлэлт гарч байгаа юм. Хүү төлөх ачаалал хэр байгаа юм бэ?

-ДНБ-ийн харьцуулсан харьцаагаар өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцох юм бол 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг бууруулах нь өнөөдөр хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ-ын хэр зэрэг санаачлагатай ажиллахаас шалтгаална. Тэгэхээр цаашид аль болох бага улс төржиж зөвшилцөж ажиллах шаардлага гарч байна. 2015 он улс орон болон ард түмний хувьд хүнд жил болох нь. Тэгэхээр хаа, хаанаа эв нэгдэлтэй байх нь чухал байна. Тиймээс манай нам үндэсний зөвшилцлийг эхлүүлж улс төрийн нам болон бүлгүүддээ уриалж байна.

-Төсвийн алдагдал 5 хувьд хүрчих юм бол Төсөв мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэж “Төв банк”-аас мэдэгдсэн. Алдагдал ийм өндөр байвал ханшийн сулралыг барихад хэцүү гэж байгаа. Үүнийг танай бүлэг хэрхэн үзэж байгаа вэ?

-Сангийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Тэр ч үүднээс Төсвийн тухай хуулинд тодотгол хийгээд түүгээрээ төсвийн орлого зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулаад энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж үзэхгүй байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлүүдээр хямралыг давах томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Ийм шаардлагыг ч Засгийн газарт ч тавьж байгаа. Манай намын бүлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байгаа.

-Өрийн хэмжээнд удахгүй авах гэж байгаа өр орсон байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тухайлбал, Хятадаас авах гэж байгаа 1 тэрбум юаны зээл орсон байна. 15,9 мөн 13.9 гэсэн хоёр их наядын зөрүү гараад байна шүү дээ. Энэ ямар учиртай тоо юм бэ?

-15.9 их наяд нь нэрлэсэн үнээрээ Монгол Улсын өнөөдрийн зээлийн хэмжээ. 13.9 их наяд нь өнөөгийн үнэ цэнээрээ илэрхийлсэн хэмжээ. Үүнд Хятадын зээл ороогүй байгаа. УИХ-аар батлагдсан зээлүүд орсон. Батлагдаагүй цаашид авах зээлүүд ороогүй байгаа.

-Ч.Улаан сайдыг ажил хүлээлгэж өгөхөд өрийн хэмжээ 49 хувьтай байсан. Гэтэл өнөөдрийн хэмжээ 58.3 хувьд хүрчихлээ. Яагаад ийм зөрүү гараад байна вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн хэмжээ хуульд заасан шалгуурыг давчихсан байсныг нууж ирсэн юм байна лээ. МАН Засагт хамтарсны дараагаар хууль зөрчсөнийг мэдсэн. Тиймээс 58.3 хувьд хүрснийг нь дэмжихээс өөр аргагүйд хүрээд байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.