Ч.Жаргалсайхан: Монгол Улсад нэг ч хурдны зам байхгүй

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн онд замын цагдаагийн газраас нэлээд олон арга хэмжээ авч ажиллалаа. Авто замын осол болон бусад гэмт хэрэг хэр буурсан үзүүлэлттэй байгаа вэ?

-Зам тээврийн осол хэргийн дуудлага автомашины өсөлттэй холбоотойгоор нэлээд ихэссэн. Ерөөсөө багасахгүй байгаа. 2005 онд Улаанбаатар хот 50-иад мянган, 2011 онд 220-иод мянган машинтай байлаа. Гэтэл 2014 оны сүүлч гэхэд 460-аад мянган машинтай болчихлоо. Энэ бол 2011 оныхоос хоёр дахин өссөн тоон мэдээ. Үүнийг дагаад хүний эрүүл мэнд хохирсон, эдийн засгаараа хохирох байдал нэлээд ихэсч байна. Үүнийг анхааралдаа авах цаг болсон. Харин цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт өссөн. Гэмтсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой ойролцоо байна. Тиймээс гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ сахилга, дэг журмыг дээшлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд болон цагдаагийн байгууллага нэлээд хүч хөдөлмөр гаргасан. Ялангуяа иргэдийн амгалан тайван, аюулгүй зорчих нөхцөл боломжийг сайжруулах арга хэмжээнүүд зохион байгуулсан. Явган зорчигч дайруулах асуудал бол Улаанбаатар хотод нэлээд анхаарах асуудал болчихоод байгаа. Их олон зорчигч дайруулж нас барж байна. Хайс хашлага хийх, гэрэл дохио хийх, гүүрэн гарам байгуулах, гэрэлтүүлэг тавих гэх мэт олон ажил хийж байгаа ч хөрөнгө төсөвтэй холбоотойгоор төдийлөн хангалттай ажил хийгдэхгүй байна. 2013 онд хийж байсан замын тэмдэг тэмдэглэгээнээс дөрөв дахин их ажил хийсэн байна. Тэгсэн мөртлөө энэ нь Улаанбаатар хотын зайлшүй зорчих зам талбайн 30 орчим хувийг л эзэлж байх жишээтэй. Тиймээс маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Өнөөдөр тэвчиж болох зардлын тухай, нийгэм эдийн засгийн хямрал гэж ярьж байна. Харин замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн төсөв бол тэвчиж болохгүй зардлуудын нэг. Үүнийг бид бүх нийтээрээ анхааралдаа авах ёстой. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар нь анхаарлаа хандуулаасай гэж бодож байна.

-Өнгөрсөн онд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хандлага өссөн үү, буурсан уу?

-Буурсан үзүүлэлт байхгүй. 2013 онд найман хүүхэд нас барж байсан бол 2014 онд 10 хүүхэд зам тээврийн ослоор нас барлаа. Гэмтсэн хүүхдийн тоо ч өсөлттэй байна. Энэ тоо өсөөд байгаа нь маш харамсалтай хэрэг. Сургуулийн хүүхдүүдийн хичээлдээ явах, харих нь нийслэлчүүд, эцэг эхчүүд бидний, сурган хүмүүжүүлэгч бидний санаа зовох, анхаарах зүйл болчихоод байна. Алслагдсан дүүргүүдэд л гэхэд хүүхдүүд маш хүнд нөхцөлд сургуульдаа явж байгаа. Тиймээс аль болох аюул эрсдэлгүй сургуульдаа ирдэг болгохын төлөө сургууль орчмын стандартыг бүрдүүлж, сургуулийн автобустай болгох гэх мэт ажлуудыг хийж байж өнөөдөр хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс сэргийлж чадна. Сургуулийн хүүхдэд орж байгаа сургалт хүмүүжлийн ажил дотор замын хөдөлгөөний дүрэм заах хичээлийг зөвхөн сонгон шалгаруулах маягаар явуулдаг нь их буруу байна. Заавал оруулах ёстой хичээлийн нэг болгомоор байна. Хүссэн хүсээгүй замын хөдөлгөөнд оролцох хүн чинь заавал мэдвэл зохих хууль эрхзүйн мэдлэгтэй байх ёстой.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал нэлээд ихэсч байна. Торгож, журамлаад байхад хашрахгүй хүмүүс ч их бололтой?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг бол захиргааны зөрчилд томоохон байр суурь эзэлж байна. Өнөөдөр Монгол Улсад гарч байгаа ноцтой гэмт хэргүүдийн зонхилох нь согтуурсантай холбоотой, хамааралтай байна. Энэ төрлийн зөрчил жил ирэх тусам өсч байна. Тэгэхээр энэ аймшигтай зөрчлийг таслан зогсоохын төлөө бүх нийтээрээ л тэмцэх ёстой. Эцэг эх, найз нөхөд, хамт олон нь ч гэсэн тээврийн хэрэгслээ согтуугаар барьж яваа хэн нэгнийг болиулж, хориглодог байх хэрэгтэй байна. Ерөөсөө л үхэл рүүгээ нэг найзаа, хүүхдээ, хань ижлээ явуулж байна гэдэг байдлаар асуудалд хандвал энэ гэмт хэргийг таслан зогсоож болох юм. Хариуцлагын тогтолцоо хангалтгүй байна гэдгийг олон хүн шүүмжилж байгаа. Эрхийг нь зөвхөн зургаан сараар хасдаг. Тиймээс гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудад иргэдээс ирсэн санаа оноог нэмэрлэсэн байгаа. Ойрын үед шинэчлэгдэн батлагдах байх гэж хүлээж байна.

-Жолооны курсууд муу жолооч бэлдэж байна гэх шүүмжлэл их. Танайхаас жолооны курсүүдэд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Замын цагдаагийн газраас хяналт тавихгүй. ЦЕГ-ын харъяа Лицензийн төв хяналт тавьж ажилладаг. Жолооч бэлдэх үйл ажиллагаа хэвийн, зөв голдрилоор явж байгаа юу гэвэл үгүй. Энэ үйл ажиллагааг цоо шинэ шатанд аваачих ёстой. Бэлтгэж байгаа, шалгаж байгаа арга барил нь 30-40 жил үргэлжилсэн. Энэ хэв загварыг эвдэх ёстой гэж ойлгож байгаа. Ямар хүнийг жолооч гэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ дагасан сургалт, шалгалтууд авч байх хэрэгтэй байгаа юм.

-Өнгөрсөн онуудад шинэ замууд нэлээд тавьсан. Тухайлбал Яармаг, Сонсголонгийн зам дээр жолооч нар хурд хэтрүүлснээс осол аваар их гарч байна. Жолооч нар энэ замуудыг хурдны зам гэж ойлгоод байх шиг байна?

-Хурдны зам ердийн замаас ялгаатай. Монгол Улсад нэг ч хурдны зам байхгүй. Хурдны зам байгуулчихаад, түүгээрээ хурдан давхиж болно гэж нэг ч зам хийгээгүй. Нэг ч замд тэмдэг тэмдэглэгээ тавиагүй. Иргэд замын хөдөлгөөний шалгалт өгч, дүрмээ судалж байж үнэмлэх авдаг. Хурдны замын мэдээлэх тэмдгүүд нь бүгд ногоон дэвсгэртэй, тэмдэгтэй, дэг журамтай зүйл шүү дээ. Манай дүрэмд хурдны зам гэдэг үг ч байхгүй. Тууш зам гэсэн хэллэг бий. Тууш зам бол бусад орнуудад бий. Тэгэхээр ийм энгийн зүйлсийг ойлгохгүй, хольж хутгаж болохгүй юм. Тэдгээр замыг хурдны зам гэж ойлгож давхиж байгаа бол энэ замын хөдөлгөөний маш ноцтой зөрчил. Замын хөдөлгөөний журмыг тогтоож өгсөн зарчмаараа л бид хөдөлгөөнд оролцох ёстой. Хөдөлгөөнийхөө нөхцөл байдалд тохируулан хурдаа тааруулж явахыг хүртэл замын хөдөлгөөний дүрэмд заасан байгаа.

-Манай жолооч нар хууль дүрэм мөрдөх тал дээр муу байна гэж та хэлэх үү?

-Манай монголчууд бүгд дүрэм зөрчөөд байгаа юм биш. Цөөхөн улсууд бий. Тоо баримттай ч хэлж болно. Улаанбаатар хотод өнөөдөр Замын хөдөлгөөний дүрмийн хамгийн өндөр зөрчил гаргасан хүн л гэхэд жилдээ 59 зөрчил гаргасан тоон мэдээ гарч ирж байна. 20-иод мянган жолооч жилдээ 10-аад удаа зөрчил гаргасан байх юм. Ингээд аваад үзэхээр хэсэг улсууд л замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байна. Бусад нь хууль дүрмээ мөрдөөд, хэрэгжүүлээд яваад байна. Энэ цөөн хэдэн хүмүүсийг дүрмээ баримталдаг болгохын төлөө цагдаагийн байгууллага өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

-Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачиж, түгжиж байгаа. Иргэдээс ч их шүүмжлэл гарах юм?

-Цагдаагийн байгууллага хаана зогсож болохгүй вэ гэх тэр зам талбайн байршлыг тогтоож өгдөг. Энэ шийдвэрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд ачилт хийж байгаа. Цагдаагийн байгууллагад нэг ч ачигч машин байхгүй. Гэхдээ олон хүн шүүмжлээд байгаа юм биш. Цөөхөн, дүрэм зөрчдөг хүмүүс эсэргүүцэж байгаа. Маш олон хүн дэмжиж байна. Нийслэлчүүд маань татвар мөнгөө төлсөн бол тайван амгалан, аюулгүй, сааталгүй зорчихыг хүсч байгаа. Гэтэл үүний эсрэг дураараа авирлагч, дүрэм зөрчигч нарын өмнөөс бид ярьж болохгүй. Нийтийн эрх ашиг давуу байх ёстой. Тиймээс бид бусад иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө дүрэм зөрчигч нар албадлагын арга хэмжээ авч байгаа нь тэр. Ачигч машинтай зууралдах уу, үүнээс болж нервтэж хэрүүл уруул хийх үү гэдэг нь тухайн хүний сонголт шүү дээ. Нэг ч хүн дүрэм зөрчихгүй бол тэр ачигч компаниуд дампуурна биз дээ.

-Танай байгуулагаас энэ онд яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид зам тээврийн осол хэргийн эрсдэл, ялангуяа нас барж байгаа хэргийг яаж бууруулах вэ, энэ осол хэрэг гараад байгаа цэгүүдэд анхаарлаа хандуулж ажиллана. Хайс хашлага, гэрэлтүүлэг, гарц гарам, гэрэл дохио тавих, мөн хяналт шалгалтаа чангаруулах чиглэлээр голлон анхаарч ажиллана. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана гэж бодож байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.