ЮНЕСКО: Монгол бичгийг яаралтай хамгаалалтдаа авах ёстой

Д.Тулга / Хууль

hel

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд санал солилцов. Энэхүү хуулийн гол зорилгын талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг дэлгэрэнгүй тайлбарласан. Үнэхээр ч монгол хэл, бичгийн тухай асуудлыг нийтээр нэг журамд оруулж өгөхгүй бол монгол хэлний дүрмүүд хүртэл өөр өөрөөр мөрдөгдөж явсаар багагүй хугацааг үдсэн билээ. ЮНЕСКО-гийн зүгээс “Монгол бичгийг яаралтай хамгаалалтдаа авах ёстой” хэмээж байсныг энд дурьдъя.

-МОНГОЛ ХЭЛНИЙ ДҮРЭМ НЭГДМЭЛ БИШ-

Монгол хэлний үгийн сан арвин баялаг. Гэтэл бид өдөр тутамдаа 500 хүрэхгүй үг дотор ярьж, бичиж байгаа нь монгол хэлний арвин баялаг үгийн сангийн нөөц мартагдаж, устах аюул нүүрлэснийг сануулах мэт. Тиймээс энэхүү хууль цагаа олсон шийдвэр гэж үзэх нь зүйтэй. УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн үгэндээ “Манай улс хэлний засаглалтай болно гэж хэлж болно. Хэлний засаглал нь хэлний салбарынхаа эрдэмтэн, мэргэдэд очих үндэс энэ хуулиар тавигдаж байгаа юм.

Монгол хэлний нэгдмэл дүрмийг хэн батлах, өөрчлөлт хийвэл хэн зөвшөөрөх вэ, улс орон даяар нэгдмэл дүрмээ хэрхэн мөрдөх вэ гэх зэрэг зохицуулалт өнөөг хүртэл байхгүй. Сүүлийн үед монгол хэлнээ гадаад нэр томъёо орчуулагдахгүй байгаа. Нэгэнт дүрэм нь нэгдмэл биш, нэр томъёогоо гүйцэд орчуулахгүй болохоор янз бүрийн толь бичиг, сурах бичгүүд гарч ирэх болсон. Монгол хэлний нэгдмэл байдал их алдагдаж байгаа. Энэ нь хэлний засаглал зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой.

Одоо энэ хуулиар дээр дурьдсан дүрэм боловсруулах, өөрчлөлт оруулах, нэр томъёогоо мэргэжлийн салбарынхантай хамтарч орчуулах, толь бичгээ дүрэмд нийцүүлэх зэрэг ажлуудыг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн хийж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл батламжилдаг болно. Ингэснээр цаашдаа монгол хэлний ойлгомжгүй байдлууд нэг талдаа цэгцрэх ач холбогдолтой” гэв.

-АЛБАН ХЭРЭГТ КИРИЛЛ, МОНГОЛ БИЧГИЙГ ХОСЛУУЛНА-

Энэхүү хуулийн төсөлд:

-Хүүхдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг тасралтгүй, батлагдсан агуулгаар заадаг байх.

-Гадаад хэлний сургалттай хувийн болон олон улсын сургуулиудад нэгдүгээр ангиас нь төгстөл монгол хэл заадаг байх

-Гадаад хэлний сургалттай сургуульд заавал монгол хэл заах зүйл заалт оруулж өгөх

-Дотоодын их, дээд сургуулиудад суралцахад ямар мэргэжлээс үл хамааран монгол хэлний суурь шалгалт авдаг болох

-Төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд монгол хэлний шалгалт өгөх заалт оруулж өгөх

-Гудамж талбай дахь хаягууд монгол хэлээр бичигдсэн байх гэх зэрэг тодорхой шаардлагуудыг оруулжээ. Уг хуулийн төслийг ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.