Д.Дагвадорж: Манай олимпийн хорооны хурал Хойд Солонгосын хурал шиг л болдог юм байна

Д.Тулга / Нийгэм

Оны өмнөхөн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй зарим спортын холбоодын тэргүүлэгчид хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэд Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандаж байсан билээ. Өнөөдөр мөн хэвлэлийхэнд хандлаа. Өмнө тэд Монголын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг олимпийн хороог хувьчлаад авчихсан, хөрөнгө мөнгийг дураараа зарж байгааг эсэргүүцэж, суудлаа өгөхийг шаардаж байсан. Харин энэ удаа дээрх асуудлаас үүдэж Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээсэн тухай болон хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн олимпийн хорооны ээлжит хурлын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос үүсээд байгаа нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Оны өмнө мэдээлэл хийхдээ Монголын олимпийн хорооны удирдах зөвлөлийн хурал удахгүй болно гэж байсан. Энэ хуралд оролцсон уу?

-Хурал хоёр хоногийн өмнө болсон. Хурал ороход ашиглагчийн суудал гэж баруун талд хэдэн суудал байдаг юм байна. Тэнд суу гэж байсан. Гэтэл бид чинь топ спортыг тэргүүлж яваа хүнийхээ хувьд дүүрэг, хорооны төлөөлөгчдийн хажууд доош хийж байгаад жоохон гомдсон л доо. Нуулгүй хэлэхэд. Энэ хурал бол тэр Хойд Солонгосын хурал шиг л юм билээ. Гар нь л гялс, гялс гээд үнэн сүртэй. Юуг дэмжээд байгаагаа ч ойлгохгүй, гар өргөөд бүр сурчихсан. Ийм л байдаг юм байна лээ. Би ч тэр ажиглагчийн баруун буланд ганцаараа хэсэг сууж байгаад гараад явчихсан. Нэг хүнийгээ магтаад л үг алга ташина. Хамгийн аймшигтай нь бүхэл бүтэн Олимпийн хороо байж ганцхан камертай байна. Яагаад нэмээд хэдэн камер аваад, хурлаа олон нийтэд ил тод, нээлттэй шууд дамжуулж болохгүй байгаа юм бэ. Тэр бүү хэл юм ингэтлээ айхтар хөгжчихөөд байхад олимпийн хорооны веб сайт нь хүртэл ажиллахгүй байж болохгүй уу даа.

-Монгол улсын Ерөнхийлөгчид нээлттэй ил захидал хүргүүлсэн гэж байна. Хариу ирсэн үү?

-Бид нэгдэж нээлттэй “ил захидлыг” 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нарт гардуулж өгсөн. Одоогоор Ерөнхийлөгч айлчлалтай байгаа учир хариу нь хараахан ирээгүй байна. Ерөнхийлөгч өөрийнх нь нэрийг барьж, худал хуурмаг зүйл хийж яваа энэ хүний үйлдэлд шударга хариу ирүүлнэ байх гэж итгэж байна.

-Энэ байдал даамжирвал олимпт оролцож байгаа тамирчдад нэлээд хэцүүхэн байдал бий болно гэж байна. Энэ талаар?

-Энэтхэгийн олимпийн хорооны удирдлагууд нь хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байсан үед ээлжит сонгууль болж, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тэдгээр хүмүүс сонгуульд оролцож, дахин сонгогдсоноос болж 2012 онд ОУОХ-ноос гишүүнчлэлийг нь түдгэлзүүлсэн байдаг. Тиймээс саяын Сочигийн олимпд Энэтхэгийн тамирчид төрийн далбаагаа барьж зогсох эрхгүй болж ОУОХ-ны далбаан дор зогссон. Хэрэв манайд болоод байгаа энэ байдал даамжирвал яг үүнийг давтах гээд байна. Гэтэл 2020 оны Токиогийн олимпд Монголчууд их нэр хүндтэй оролцоно гэж найдаж байгаа. Монголын дөрвөн аварга байна. Одоо барилдаж байгаа гурван аварга байна. Тэгтэл ийм байдлаас болж бид төрийн далбааныхаа дор зогсож чадахгүйд хүрэх дээрээ бараг тулаад байна.

-Ер нь энэ талаар ОУОХ болон гадны хэвлэл мэдээллийнхэн хэр их мэдээлэлтэй байгаа бол?

-Би өчигдөр Японоос ирлээ. Тэнд явж байхад нэг томоохон сонины сэтгүүлч ирээд Монголын олимпын хорооны асуудал юу болж байгаа талаар асууж байна лээ. Ямар нэгэн тодорхой юм хэлээгүй. Тэгэхээр биднийг хараад, ажаад сууж байдаг байх нь ш дээ. Дагвадорж гэдэг нэг нөхөр Д.Загдсүрэн буулгаж хаяаад өөрөө суудалд нь суух гээд байгаа юм биш. Ажлаа хийж чаддаг, сэтгэлтэй хүнд нь өгөөсөй гэж л хүсч байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.