П.Сүхбаатар: Жижиг мөнгөн дэвсгэрт олон нууцлалтай байсныг цөөрүүлсэн

Д.Тулга / Эдийн засаг

Ойрын үед “Номин” тэргүүтэй томоохон сүлжээ дэлгүүр болон шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн иргэдэд аравт, хорьтын хуурамч мөнгөн дэвсгэртийг хариулт болгон өгч байна гэх мэдээлэл олны анхаарлыг татах болсон. Харин Монголбанкнаас дээрх мөнгөн дэвсгэрт хуурамч биш сүүлд хэвлүүлсэн, зарим нууцлалыг цөөлсөн хэмээж байна. Энэ талаар болон сүүлийн үед олны анхаарлыг татаж буй зарим асуудлаар Монголбанкны Мөн­гөн тэмдэгт, үнэт зүйл­сийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцахаар “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн хэдэн өдөр бага мөнгөн дэвсгэрттэй холбоотой асуудал олны анхаарлыг татлаа. Тухайлбал, Улсын их дэлгүүр болон томоохон супермаркетаар үйлчлүүлсэн иргэдийн хариулт мөнгөн дотор хуурамч дэвсгэрт байна гэсэн мэдээлэл их байсан. Та нарт ч ийм мэдээлэл ирсэн байх?

-Өнгөрсөн оны сүүлчээр жижиг мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан учраас бага хэмжээгээр хэвлүүлсэн. Нэгт, тавт, аравт, хорьтын дэвсгэртийг. Хэвлүүлэхдээ зарим нууцлалыг хассан. Тодруулбал, мөнгөн дэвсгэрт дээр байдаг усан хээ, Чингисийн толгой, ялтсан утсыг нь хассан юм. Харин цаас нь яг хуучнаараа. Олон улсын стандартад нийцсэн мөнгөн дэвсгэрт хэвлэдэг тэр цаасан дээр хэвлүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэг, уйгаржин бичгээр тухайн дэвсгэртийн тоог бичсэн мөн серийн дугаар зэрэг нь байгаа.

-Гэхдээ өнгө нь арай өөр байна?

-Өмнөхөөсөө арай цайвардуу хэвлэгдсэн байна билээ. Тэр нь зарим уусмалаасаа шалтгаалсан байх. Үүнд манай иргэд, худалдааны байгууллагынхан, шатахуун түгээх станцынхан бас арилжааны банкныхан цочирдох хэрэггүй. Иргэдийн зүгээс өмнө нь хэвлэж байсан мөнгөтэй зэрэгцээд гүйлгээнд орсон болохоор харьцуулж хараад сандраад, төөрөлдөөд байх шиг байна. Мөн энэ явдлаас манай иргэд үнэхээр гярхай байгаа нь ажиглагдлаа. Биднээс тэр мөнгөн дэвсгэртийн талаар их асууж байна.

-Ер нь яагаад зарим нууцлалыг хасахаар болов. Цаашид жижиг мөнгөн дэвсгэртүүд яг ийм нууц­лалтай хэвлэгдэнэ гэсэн үг үү?

-Ер нь 20-тоос доош мөнгөн дэвсгэртэд олон нууцлал хийх шаардлагагүй юм байна. Олон улсын стандартад ч дэлхийн бусад оронд ч тийм байдаг юм билээ. Гэтэл манайхан бага мөнгөн дэвсгэртдээ хэт их нууцлал хийчихсэн. Түүнийг дагаад хэвлүүлэх өртөг нь өндөр. Тиймээс өртгийг бага байлгах зорилгоор зарим нууцлалыг хассан нь энэ. Цаашид бага мөнгөн дэвсгэрт ийм нууцлалтай гарна. Манай мөнгөн дэвсгэртийг хэвлэж буй үйлдвэрүүд ч ийм зөвлөгөө өгсөн. Тэд “Танай тал жижиг дэвсгэрт дээр хэт их нууцлалтай байна. Үүнээс болж хийхэд маш их цаг хугацаа зарцуулж байна. Тиймээс зарим нууцлалаа хасаач” гэсэн зөвлөмж өгсний дагуу хэвтүүлсэн.

-Магадгүй энэ нь сөрөг үр дагавартай биш үү. Хуурамч мөнгөн дэвсгэрт хийхэд хялбар болно гэдэг ч юм уу?

-Энэ мөнгөн дэвсгэртийг хийхэд амаргүй. Хээ, нууцлал зэргийг гаргахын тулд тусгай бар, хэв хийж байж хийдэг. Түүнийг дагаад зардал ч өндөр.

-Манай мөнгөн дэвсгэртийн нууцлал бусад улсынхтай харьцуулахад ямар байдаг юм бол?

- Том дэвсгэрт дээр нууцлал их байх нь сайн. Яагаад гэвэл хуурамчаар хийнэ гэж байхгүй. Жишээ нь, 20 төгрөгийн дэвсгэртэд нүдэнд харагдахгүй найман нууцлал байдаг. Магадгүй цаашид хуурамч мөнгөн дэвсгэрт гарлаа гэхэд нууцлалыг өөр болгож, нэмэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. 

-Мөнгөн дэвсгэртийн нууц­лалыг өөрчилж буй талаар олон нийтэд урьдчилж мэдээлдэггүй юм уу. Уг нь мэдээлсэн бол саяных шиг асуудал гарахгүй байсан байх?

-Энэ тухайгаа арилжааны банкуудад мэдэгдсэн. Харин банкууд харилцагч аж ахуйн нэгж байгууллагууддаа энэ талаар “Энэ нь ийм учиртай. Тэр нь тийм” гээд зөв тайлбарлаад өгчихвөл иргэдийн дунд ташаа ойлголт үүсэхгүй л дээ.

-Та мөнгөн дэвсгэрт хэвлүүлэхэд өртөг өндөр байдаг гэсэн. Хаана хэвлүүлдэг юм бэ?

-Хоёр, гурван ч газар бий. Сонгон шалгаруулалт явуулаад хэвлүүлдэг.

-Ингэж асуусан шалтгаан маань сүүлийн үед мөнгөн дэвсгэрт хуурамчаар хийж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх болсон. Магадгүй үүний цаана томоохон бүлэглэл байхыг үгүйсгэх аргагүй юм л даа?

-Хуурамч мөнгөн дэвсгэрттэй холбоотой асуудал сүүлийн үед багасч байгаа. Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, манай гурав хамтран журам гаргасан. Энэ журмын дагуу хуурамч мөнгөн дэвсгэртийг хэрхэн таних, яаж гаргахгүй байх мөн энэ талаар гарын авлага хүртэл хэвлүүлсэн байгаа. Энэ нь иргэдэд хүрч чадсан учраас өнгөрсөн онд хуурамч дэвсгэрттэй холбоотой асуудал нэлээд багассан болов уу. Цаашид ч багасах байх. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага энэ хэрэгт маш анхааралтай хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн нэлээд хэдэн хүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

-Та бүгд энэ асуудлаар судалгаа хийдэг үү. Тодруулбал, тийм хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт хураагдсан байна гээд?

-Өмнө нь нэлээд их хэмжээний хуурамч мөнгөний асуудал яригддаг байсан. Гэхдээ гүйлгээнд орсон хуурамч дэвсгэртүүд маш болхи. Иргэд хараад л мэдэхээр. Хамгийн гол нь мөнгөний цаас өөрөө маш сайн чанарын, нууцлал өндөртэй байдаг. Харин хэвлэлийн цаас, цагаан цаасан дээр дуурайлгаж хийсэн мөнгө будгаа уучихсан, ямар ч хээ байхгүй, хүмүүс хараад л шууд таних боломжтой юм.  

-Хоёулаа ярилцаж буй сэдвээ бага зэрэг өөрчилье. Сүүлийн үед эдийн засаг таагүй байна гэж их ярих болсон. Харин энэ бараан мэдээлэлтэй зэрэгцсэн таатай зүйл нь Монголбанкинд алт тушаах иргэн, аж ахуйн нэгжийн тоо өслөө гэх мэдээлэл. Ер нь  Монголбанкинд алт тушаах иргэдийн тоо хэр өссөн бэ. Цаашид өсөх болов уу? 

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор нэг жил хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна.  Энэ хугацаанд манай банк урд жилүүдэд авч байгаагүй буюу нийт 13 тонн алт авсан. Алтны ханш ч гайгүй, өндөр үнэлгээтэй байлаа. Цаашдаа алт тушаах иргэд, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Бидний тооцоогоор энэ жил өнгөрсөн жилийн 13 тонноос давж 20 тоннд хүрэх болов уу гэсэн таамаглал байна.

-Алтны нөөц бүрдүүлэхэд компаниуд гол үүрэг гүйцэтгэж байна уу. Эсвэл хувиараа алт олборлогчид уу?

-Урд нь манайд дөрөв, таван бичил уурхайчин алт тушаадаг байсан. Харин сүүлийн үед, 2013 онд л гэхэд 1092 хүн ирлээ. Давхардсан тоогоор шүү дээ. Нэг хүн сард гурван удаа ирэхдээ 2, 3, 4 килограмм алт тушаадаг ч юм уу. Бид судалгаа хийхэд дээрх 13 тонн алтны 30 хувь буву 3,5 тонныг иргэд тушаасан юм. Тэгэхээр манай бичил уурхайчид томоохон хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

-Энэ үзүүлэлт нөгөө талаар иргэдийн банкинд итгэх итгэл сэргэснийг харуулж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Монголбанк баталгаатай, ямар нэг чирэгдэлгүй байна гэсэн үг. Иргэд алтаа сорьцлуулаад, тушаагаад, мөнгөө ямар ч чирэгдэлгүй шууд аваад явж байгаа нь дээрх тооноос харагдах болов уу.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Л.ОЮУНГЭРЭЛ

 


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.