2016 онд УИХ-д хэнийг дахин сонгож болохгүй вэ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын намрын чуулган завсарлаж гишүүд ч сонгогдсон тойрог болон орон нутгууддаа ажиллаж байна. УИХ-ын гишүүд болон тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажил ирэх 2016 оны УИХ-ын гишүүдийн талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

dorj

-УИХ-Д ЦУС СЭЛБЭХ ЦАГ БОЛСОН-

Баянгол дүүргийн иргэн н.Дорж: -2016 оны УИХ-д сонгох гишүүдийн тоо тун цөөхөн болсон шүү дээ. Миний хувьд арав хүрэх үү, үгүй юу л байгаа даа. Бусдыг нь бол сонгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Телевизээр сайхан сайхан зүйл яриад, түүнд нь итгэдэг цаг өнгөрчихсөн. Ямар ч байсан хоёроос дээш удаа улираад сонгогдсон гишүүдийг дахиж сонгох хэрэггүй. Залуу боловсон хүчнийг дэмжиж, цус сэлбэх цаг нь болсон л гэж хараад байна. О.Баасанхүү зэрэг байнга бусдынхаа ажлыг хойш нь татаж байдаг, оймсонд хавчуулагдаж орж ирсэн нөхдийг сонгох шаардлага байхгүй болов уу. Манай дүүргээс нэр дэвшсэн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар ажил хийсэн гэж бодож байна. Нийгмийн даатгал, тэтгэврийн нэмэгдэл гээд бодит үр дүн харагдаж байна.

magsar

-УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ СЭТГЭЛ ДУТААД БАЙНА-

Чингэлтэй дүүргийн иргэн н.Магсар: -Ард түмний төлөө гэдэг нэрээр л гарч ирсэн болохоос ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байгаа. Бүгдийг нь ийм байна гэж хэлэхэд учир дутагдалтай л даа. Улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах сэтгэл дутаад байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход зарим нэг нь хэлж байсан даа. “Өөрийнхөө тогооноос битгий хулгай хийгээрэй. Хулгайч гишүүдээсээ салаарай” гэж. Ард түмнийг басч, тархийг нь угаадаг цаг өнгөрсөн. Би ирэх оны сонгуульд хийсэн ажилтай, залуу хүнийг дэмжинэ. Манай тойргоос Г.Баярсайхан сонгогдсон. Телевизээр их л сайн ярьж байгаа харагддаг. Хийж байгаа ажлыг нь бол сайн мэдэхгүй байна. Ер нь энэ гишүүдийн тойрогтоо хийж байгаа бодит ажлыг иргэдэд сайн мэдээлэх хэрэгтэй байна. Бид чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээс эдний юу хийж байгаа талаарх мэдээлэл авдаг юм.

ganbaatar

-НАМЫН ТОГТОЛЦООГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Ганбаатар: -Системийн алдаа байна уу даа гэж харагддаг. Үндэс сууриар нь яривал УИХ, Засгийн газараа удирдаж чаддаггүй. Шаардлага тавьж чаддаггүй. Өөрсдөө дотор нь ороод суучихсан учраас. Мөн хариуцлагын тухай асуудал учир дутагдалтай. Дээгүүрээ ийм байхад доогуураа ямар байх нь ойлгомжтой. Ийм байдал удаан үргэлжилвэл хэцүү л дүр зураг харагдаж байна. Мэдээж төрд сайн, боловсролтой хүмүүс байна. Даанч үнэхээр цөөхөн байна. 76 гишүүний 20 хүрэхгүй нь зөв бодлого, менежмент, гарц яриад байдаг. Мөн манайд бугшсан нэг зүйл бол намын тогтолцоо. Нам болж талцсаар байгаад мэргэжлийн боловсон хүчнээсээ илүү нам дагаж гүйсэн залуус, танил шахааны хүнээр аль ч газар дүүрчихсэн байна. Нэг газрын дарга аль нэг намын хүн байдаг. Түүний доор намын нөхөд нь байх жишээтэй. Бие даагч гишүүд гээд яриад байдаг, тэгээд хувийн эрх ашиг, сонирхол нь давамгайлж харагддаг шүү дээ. Сонгууль дөхөөд ирэхээр амлалт, ард түмнээ ярьдаг, одоо ард түмэн залхаж байна.

altantsetseg

-ӨӨРСДӨӨ СОНГОЧИХООД 76 ГИШҮҮНЭЭ ЗҮХЭЭД СУУДГИЙГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ-

Сүхбаатар дүүргийн иргэн н.Алтанцэцэг: -Эхлээд зөв хүн болж, эх орныхоо төлөө гэдэг сэтгэлээ төлөвшүүлээгүй байж улс төрд гарчихсан хүмүүсийг яаж сонгох вэ дээ. Хувь хүний хөгжлөөс улс орны хөгжил эхэлнэ гэж боддог. Улс төрд байгаа хүмүүс өөртөө анхаарч чаддаг бол ард түмнээ мөн тийм л түвшинд авч явна. Ард түмэн ч гэсэн өөртөө анхаарч, өөрийгөө хөгжүүлж чаддаг бол зөв л сонголт хийнэ. Олон нийт өөрсдөө сонголт хийх чадваргүй байгааг 76 гишүүн нь сайн далимдуулж чадаж байна гэж харагддаг. Нэгэнт сонгосон шийдвэрийнхээ араас олон нийт ч гэсэн өнөөх 76 гишүүнээ зүхээд байдаг. Тиймээс эхлээд хувь хүн өөрийгөө хөгжүүлээгүй, ямар нэг зүйл дутагдаад, гачигдаад байгаа хүн чинь улс төрд гэлтгүй ямар ч албан тушаалд сэтгэлгүй хандана.

enhtungalag

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙСАН НЬ ДЭЭР-

Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Г.Энхтунгалаг: -Намууд Монголыг талцуулсаар өнөөг хүрлээ. Ямар ч байсан нам байгаа цагт улс орон хөгжихгүй гэдэг гаргалгаанд хүрээд байна. 76 гишүүнтэй байснаас Ерөнхийлөгчийн засаглалтай байсан дээр биз дээ. Манай Ховд аймгаас С.Бямбацогт гишүүн нэр дэвшсэн. Юм хийснийг нь лав мэдэхгүй юм. Суманд нэг ч харагдаагүй. Сонгууль дөхөхөөр ирээд сайхан юм амлаад байдаг. Одоо болих хэрэгтэй. Ховд нутгийнхан лав энэ амлалтуудаас залхсан. Бие даагч гишүүд нь ч ялгаагүй.

-ОДООГИЙН ЭНЭ ГИШҮҮДИЙН ИХЭНХИ НЬ ИРЭХ ЖИЛ СОНГОГДОХГҮЙ БАЙХ-

Сүхбаатар дүүргийн иргэн н.Сонор: -Сонгох эрхийнхээ дагуу сонголтоо хийнэ. Гэхдээ энэ удаад ард иргэдийн зүгээс илүү няхуур хандах байх гэж бодож байна. Яг хэнийг сонгоно, сонгохгүй гэсэн бодол одоогоор алга. Ямар ч байсан одоогийн гишүүдийн ихэнхи нь сонгогдохгүй байх гэж бодож байна.

baasanjargal

-УИХ-ЫН ГИШҮҮД ЁС ЗҮЙГҮЙ БАЙНА-

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ө.Баасанжаргал: -Сайтууд болоод фэйсбүүкээр л улс төрийн талаарх мэдээллүүд авдаг. Ер нь сонгууль өгөх үүрэгтэй ч гэлээ УИХ-ын гишүүдэд итгэх аргагүй болчихсон юм шиг санагддаг. Зурагтаар сүрхий зүйлс яриад байдаг. Зарим гишүүн зурагтаар бүжиглээд ч байх шиг. Хэдийгээр иргэн хүн ч гэлээ төрийн түшээ хүн гэдэг арай өндөр ёс зүйтэй байх болов уу гэж хардаг.

huygbaatar

-САЙН ЯРЬДАГ ХҮНИЙГ СОНГОДОГ ЦАГ ӨНГӨРСӨН-

Баянзүрх дүүргийн иргэн Г.Хуягбаатар: -Залуу хүний хувьд сонголтоо зөв л хийхийг боддог. Одоо байгаа гишүүдийн олонхи нь сонгогдохгүй байх гэж бодож байгаа. Олон нийтийн дунд ч гэсэн ийм яриа яваад байгаа шүү дээ. Сү.Батболд, Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү, Д.Сумъяабазар, Г.Уянга гэсэн гишүүдийг бол сонгохгүй л гэж бодож байгаа. Ер нь сайн ярьдаг хүнийг сонгодог цаг өнгөрсөн. Миний үеийн залуучууд Х.Баттулга гишүүнд л ам сайтай байгаа. Шинэ сум барьсан, одоо Их Майдар төсөл гээд нүдэн дээр хийж байгаа бодит үр дүнг л харна даа.

Т.БАТСҮРЭН

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.