Хайгуулын тусгай зөвшөөрлийг шударгаар олгож байгаа юу

Д.Тулга / Нийгэм

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу VPN тусгай төхөөрөмжөөр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг авч эхэлсэн.

-ХАМГИЙН ЭХНИЙ КОМПАНИ 18 СЕКУНДЭД БҮРТГҮҮЛЖЭЭ-

Хоёрдугаар сарын 9-ний өдрийн 08 цаг 00 минут 18 секундэд хамгийн эхний компани бүртгүүлсэн байлаа. Гэтэл албаны хүмүүсийн хэлж буйгаар “Нэг аж ахуй нэгж бүртгүүлэхэд дор хаяж 300 тэмдэгт бичих бөгөөд 1 минут 30 секунд орчим зарцуулна” хэмээж байсан билээ. Багаар бодоход нэг минут зарцуулах боломжтой. Яаж ч хурдан бичдэг байлаа гэхэд 18 секунд гэдэг арай ахадсан хурд шаардмаар.

Бүртгэлд оролцож байгаа зарим компаниудаас уг асуудлаар тодруулахад бүгд нэг хариулт хэлж байлаа. Тэд “Бүртгэлийн систем нь ч нээгдээгүй ачааллаж байх 20 секундын хооронд хэдийнэ 30 компани бүртгүүлчихсэн байна билээ. Систем нь өөрөө нээгдээгүй байхад ингэж болдог юм уу. Шударга биш байна” гэсэн юм. Уг нь хакердах ямар ч боломжгүй хэмээн албаны хүмүүс нь мэдээлж байгаа.

Өмнө нь Ашигт малтмалын газраас цуцлагдсан 106 лицензийг сэргээх хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс онлайн захиалга авч эхлээд байсан. Энэ дагуу эхний ээлжийн 30 байршилд онлайнаар захиалга авч эхэлсэн ч захиалгын систем нээгдмэгцээ гацсан билээ. Хэсэг хугацааны дараа систем хэвийн ажилласан ч аль хэдийнэ 30 байршил захиалгатай болчихсон байсан аж. Үүнээс болж Ашигт малтмалын газар дээр аж ахуйн нэгж, компаниудын удирдлагууд маргалдсан мэдээлэл байгаа юм. 30 байршил яагаад захиалгатай болчихсон талаар албаны хүнээс асуухад “Мэдэхгүй, хэлэх боломжгүй” гэсэн хариулт өгч байсан юм.

-ДУГААР АВСАН КОМПАНИУДЫН НЭРИЙГ ДЭЛГЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙВ –

Нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл дугаар олгосноос Ашигт малтмалын газрын цахим хуудсанд 2 дугаар сарын 3, 2 дугаар сарын 9-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар хүсэгч компаниудын нийт 150 нэр байлаа. Ингээд холбогдох албаны хүмүүс рүү залгаж өнөөдрийг хүртэлх бүхий л компаниудын нэрийг өгөхийг хүсч тодруулахад “холбогдох хүнтэй нь холбож өгье” гэсээр 5-6 утасны дугаараар холбогдсоны дараа “өөрийн биеэр ирж уулзаад ав” гэсэн хариу өгөв. Ашигт малтмалын газрын Кадастрын албанаас компаниудын нэрийг авахыг хүсэхэд “Дээрээс зөвшөөрөл авсан юм уу”, “Би мэдэхгүй” гэх хариулт хэлж байлаа.

Уг нь цаг тухай бүрт аж ахуй нэгжүүдийн нэрсийг цахим хуудсандаа, олон нийтэд мэдээллэх үүрэгтэй шүү дээ. Хэд хэдэн албан хаагч өөрөөсөө зайлуулсаар эцэст нь самбарт өлгөөтэй 47 аж ахуй нэгжийн нэрийг заагаад “Наадах чинь л байна. Зургийг нь авбал ав” хэмээн тусгай зөвшөөрөл хүсэгч компаниудын нэрийг өгөх дургүй байгаагаа аль аль шатандаа илэрхийлж байсан юм.

Уг хүснэгт дээр нэгдүгээр сарын 27, 29, хоёрдугаар сарын 4-ний өдрийн нэрс байв. “Хасч, шүүгээд үлдсэн компаниуд нь” хэмээх хариулт өгсөн. Гэтэл нэгдүгээр сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газар нийт 373 аж ахуйн нэгж нэвтрэн компанийн бүртгэлээ хийлгэн дугаар авах ажиллагаанд оролцсон байна. Нэгдүгээр сарын 26-ны өдрийн нэрс ч олдсонгүй. Нөгөөтэйгүүр дугаар олгож эхэлсэн өдрөөс хойш зарим комппаниуд 3 болон түүнээс дээш удаа бүртгүүлсэн байсан юм.

Энэ талаар зарим аж ахуй нэгжүүдээс тодруулахад “Бүртгүүлэх гэж байх зуурт л 30 компани хэдийнэ бүртгүүлчихсэн байх юм. Гэтэл зарим компаниуд яаж 4, 5 удаа бүртгүүлж дугаар аваад байгааг ойлгохгүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлж байлаа. Мөн системийг нь хариуцаж байгаа албан тушаалтнаас мэдээлэл авахыг хүссэн ч талаар болов.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.