Төрийн гэрэгэг ДЦС IV хүртлээ

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 шагналыг “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээлээ.

Дээрх байгууллагуудыг шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь тэмдэглэн Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 оны шагналаар мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт тоног, төхөөрөмж, техник, технологийг ашиглан үндэсний үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргасан “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Монгол Улсын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангахад чухал үүрэгтэй нэмэлт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах нүүрсний хувийн зарцуулалтыг багасгаж, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл явуулж эхэлсэн Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл,Гахиурын үйлдвэрлэлд хуурай аргын технологи нэвтрүүлж олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэн дотоодын хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буй Хөтөлийн “Цемент-шохой” компанийн үйлдвэрлэлийг тус тус шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн үндэсний хэмжээний олон бүтээн байгуулалт морин жилд өрхөө татаж, үүдээ нээлээ.

Хөгжлийн хөдөлгүүр болсон үндэсний гурван бүтээн байгуулалтыг сар шинийн баярын босгон дээр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр урамшуулан шагнаж байна.

Цуцалтгүй хөдөлмөр, хичээл зүтгэл бол бүтээн байгуулалтын тулгуур юм. "Гацуурт" ХХК-ийнхан мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт тоног төхөөрөмж, техник, технологийг ашиглан, үндэсний үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргаж, амжилттай ажиллаж байна. Та бүхэнд олгож буй уг шагнал бол газар эхийн шим, буянт малын хишгийг хүртэж, хуулийн дор шударга хөдөлмөрлөж буй газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг мянга мянган бүтээлч иргэддээ өгч буй “урам” юм.

Хамтын хүч, эрэл хайгуул бол бүтээн байгуулалтын бас нэгэн үндэс юм. Дулааны 4 дүгээр цахилгаан станцийнхан Монгол Улсын нийгэм, эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх чухал төслийг өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүллээ. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл бол цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чухал үүрэгтэй төдийгүй үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжихөд үр ашгаа өгөх суурь бүтээн байгуулалт болсон. Уг бүтээн байгуулалтыг удирдсан, гардан гүйцэтгэсэн бүх хүнд талархал илэрхийлье.

Шинэ технологи, шинэ санаачилга бол бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, үр ашгийг нэмэгдүүлдэг. "Хөтөлийн цемент шохой" ХХК-ийнхан гахиурын үйлдвэрлэлд хуурай аргын технологи нэвтрүүллээ. Энэ бол олон улсын жишигт нийцсэн шилдэг технологи юм. Тус компани уг технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлсэн байна. Бид гахиурын хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэн хангах боломжтой гэдгийг харуулсан бүтээлч сэтгэлгээтэй үндэсний үйлдвэрлэгчиддээ баярлаж байна.

Бүтээлч сэтгэлгээтэй иргэд Монголыг хөгжүүлнэ. Улс эх орны маань хөгжлийн хөдөлгүүр болсон бүтээн байгуулагч, татвар төлөгчдөдөө улам их амжилт гаргаж, дэлхийн хэмжээний бүтээн байгуулагч болохыг хүсье “ гэлээ.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.