Автомашины татвар хураах ЖУРМЫГ ИРГЭДЭЭС АСУУЯ

Д.Тулга / Эдийн засаг

Авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулахаар болжээ. Тодруулбал, автомашины улсын дугаар бүхий машины эзэд

1, 6 тоогоор төгссөн -НЭГДҮГЭЭР САРД

2, 7 тоогоор төгссөн -ХОЁРДУГААР САРД

3, 8 тоогоор төгссөн -ГУРАВДУГААР САРД

4, 9 тоогоор төгссөн -ДӨРӨВДҮГЭЭР САРД

5, 0 тоогоор төгссөн -ТАВДУГААР САРД албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр болж байна. Автомашины үзлэг оношлогоо хуваарийн дагуу зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилдэг ч иргэд хугацаа нь дуусах дөхөхөөр татвар хураамжаа төлж ачаалал ихэсгэдэг. Энэхүү ачааллыг жигдрүүлэх үүднээс автомашины улсын дугаараар зохицуулалт хийсэн хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Нэгэнт журам батлагдчихсан учраас иргэд автомашиныхаа улсын дугаараар сардаа багтаж төлбөрөө төлөхөөр болж буй юм. Харин нэг, хоёрдугаар сард оношлогоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношлогоондоо хамрагдана. Нэг талаараа оношлогооны төвүүдийн ачааллыг бууруулна гэх боловч нөгөө талаараа иргэдийг дугаарын хязгаарлалт нэрээр шахаж, татвараа хурдан хугацаанд төвлөрүүлэх гэсэн нэг арга хэмээн харж байгаа хүмүүс ч бий. Учир нь Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Автозам ашигласны төлбөр нь өдөр тутмын хэрэглээний тав, арван мянган төгрөг биш. Автомашины багтаамж, эзэлхүүн, хэмжээнээс хамаарч 100 мянгаас дээш төгрөг төлж байна. Төлбөрөө төлөхдөө онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх, албан татвар, төлбөрийн орлогын төрөл тус бүрээр нэг данстай болж, орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулна гэж байна.

Уг нь нийслэлийн удирдлагууд иргэдтэй холбоотой аливаа нэг бодлого шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, саналыг нь авдаг. Тиймдээ ч дугаарын хязгаарлалтыг иргэдээс асууж шийдсэн. Мөн асуудал дагуулаад байсан хогны ногоон уутыг ашиглах эсэхийг ч иргэдээс асуусан. Хамгийн сүүлд Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар иргэдээс мөн л санал авав. Хороолол дунд барилга барих, хотын төвөөр зорчихдоо мөнгө төлөх эсэхийг ч иргэдээс асууна гэдгийг хэлж байсан.

Үнэндээ иргэдийн дунд болсон болоогүй санал асуулга явуулж, судалгааны дүнгээр иргэд зөвшөөрлөө хэмээн хэрэгжүүлсэн шийдвэр нэг биш нэлээн хэд бий. Тэгвэл энэ удаад Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Автозам ашигласны төлбөр зэрэг нэг дор төлдөг энэ мөнгийг авахдаа иргэдээс яагаад асууж болсонгүй вэ. Иргэдтэй хамааралтай бүхий л шийдвэр гаргахдаа асуудаг байсан албан тушаалтнууд иргэдээс мөнгөө хүчээр татах гэсэн нэг арга байв уу. Гэхдээ одоо санал асуулга аа явуулахад оройтохгүй. Одоо л асуух цаг.

Заримдаа асуудлыг шийдэх гарцаа олоогүй байж хариуцлага хүлээлгэх, торгох нь олон тохиодог. Мэдээж хуулийн хугацаанд албан татвараа төлөөгүй бол хариуцлага хүлээх учиртай. Гэвч энэ удаа “Та татвараа төл, төлөхгүй бол хариуцлага хүлээлгэнэ” гэж шахаж буйтай адил болж байна. Автотээврийн хэрэгслийг албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлж, албан журмын даатгалд даатгуулсны дараа техникийн хяналтын үзлэгт хамруулан нэгдсэн нэг наалт олгодог. Наалт нь гаднаасаа уншигдах боломжтой чиптэй байна.

Гудамж замд суурилуулсан телекамерын тусламжтайгаар тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй, даатгал, оношлогоонд хамрагдаагүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдийг илрүүлэн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль ногдуулах ажлыг зохион байгуулах аж. Шинэ журам мөрдүүлж, ачааллыг жигдрүүлэх үүднээс хийж байгаа хэмээн тайлбарлаж буй хэдий ч ирэх жилээс илүү их хариуцлагатай болгоно гэдгийг албаныхан хэллээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.