УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ сарын 12, 13-ны өдрүүдэд тус аймгийн Буянт, Мянгад, Дөргөн, Манхан сумдад зочилж иргэдийн амьдралтай танилцаж, тэдний санал бодлыг нь сонсохоос гадна хийсэн ажлаа тайлагнаж аймаг орон нутгийн хөгжилд анхааран ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн Засгийн газар, Байнгын хорооны үйл ажиллагааг сурталчлан шинээр боловсруулан батлагдсан хуулиудын талаар орон нутгийн иргэдэд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Эрүүл мэндийн тухай хууль, Эмийн хэрэглээний тухай хууль, Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хууль гээд олон хууль байнгын хороо боловсруулж батлуулан ажиллаж байна. Даатгуулагч өөрөө эмнэлэг болон эмчээ сонгон эмчлүүлэх боломжтой боллоо. Ингэснээр эмнэлэг хоорондын цэвэр өрсөлдөөн бий болох юм. Тэд жилдээ сая гаруй төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд гэр бүлийнхээ зөвхөн нэг гишүүний даатгуулагчийн мөнгийг өөртөө шилжүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын газрыг Нийгмийн даатгалаас тусад нь гаргаж байгаа. Ингэснээр санхүүгийн хувьд ч хүчтэй болох суурь тавигдана. Цаашлаад эмийн хэрэглээний тал дээр анхаарч ажиллана. Эмчийн жоргүйгээр зарим эмийг зарахгүй, энэ бүхэнд хяналт тавьдаг байгууллагыг ирэх оноос гаргаж ажиллуулна.

Мөн элэгний B, C вирус болон элэгний хорт хавдар өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлж байгаа учир бид бүхэн тэмцэн ажиллаж байна. Монгол Улс ойрын арван жилдээ боловсролын салбарт ямар бодлого барих вэ гэдгээ баталлаа. Ирээдүйгээ бид Монгол сэтгэлгээтэй иргэдээр бэлдэх хэрэгтэй. Дотуур байранд байх малчдын зургаан настай хүүхдэд зориулсан өрөө, үйлчилгээтэй болно. Мөн анх удаа Номын сангийн тухай хууль баталсан.

Төрийн хэлний зөвлөл бий болсон. Өнөө цагийн эрдэмтэд маань бие биенээ үгүйсгэдэг тул бид нэг удирдлаганд орох ёстой. 2025 он гэхэд бид бүгдээрээ “Хос бичигтэн” болно. Телевизүүдийн нэвтрүүлгийн 60 хувь нь монгол кино байх болно. Цаашлаад олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох, Тэтгэврийн зөрүүг өөрчилж тогтолцооны хувьд зөв болгох юм” гэв.

Уулзалтад ирсэн иргэд “Малын хулгай газар авлаа. Бид хоёр морио хулгайд алдсан бол араас нь хөөцөлдөх эрхгүй болчихлоо. Яагаад гэвэл дахиад хорин адуугаа алдахаас айж байна” гэж ярьцгааж байв.

Дөргөн сумынхан жил бүр уламжлал болгон тэмээн жин тээж соёл, уламжлалаа хойчдоо сургадаг бөгөөд түмэн тэмээтэй болох зорилго тавин ажиллаж байна. Харин Мянгад сумынхан аймаг болон сумдын Засаг дарга нарыг иргэд нь өөрсдөө сонгож байх санал тавьж байлаа. Тэгвэл Буянт, Дөргөн сумын Соёлын төв үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэсэн гомдол хэлсэн юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.