Ураны ордоос үйлдвэрлэл хөгжүүлсэн Францын Бессин

Д.Тулга / Эдийн засаг

Зам дагуу өндөр өндөр модод навчсаа дааж ядан ногоорон сүг­лийж, модны мөчирт шувуудын үүр энд тэндгүй харагдан, хаа нэгтээ шувуудын ганганаа сонсог­дон, голын усанд хөвөх хун, талд бэлчээрлэх мал сүрэг, хоёр давхар хувийн байшингуудын хана дагуулан ургуулсан өнгө өнгийн цэцэгс гээд энэ бүхэн Францын тосгон газрын дүр төрх бололтой. 30 жилийн турш хүнд даацын ма­шин техникийн хүнгэнэх дуу хадаж, сайр сайраар нь газар шороо сэндийчэн уурхайн ажил явагдаж байсан гэж бодоход нэг л итгэмээргүй ч юм шиг.

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), биз­нес, төрийн бус байгууллагын төлөөлөгчид манайд охин компани Кожеговиороо дамжуулан ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийд тэргүүлэгч Фран­цын “Арева” группийн үйл ажиллагаатай танилцсан юм.

“Арева” группийн үйл ажиллагаа­тай танилцах хөтөлбөрт хуучин ураны уурхайн тосгон байсан Фран­цын баруун хэсэгт орших Лимузин мужийн багавтар хот Бессин багтжээ. Бессиний төвд ирж Бессиний хотын захиргааны байранд Бессиний захирагч хатаг­тай А.Бруи Дорноговь аймгийн төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, уулзсан юм. Бессиний Захирагч А.Бруи ярихдаа: “1958 онд тухайн үед Францын Ерөнхий сайд байсан Францын Ерөнхийлөгч агсан Чарл дэ Голь ураныг Францын төрийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсон юм. Бессин дэх ураны уурхай анх 1958 онд олборлолт эхлээд 1990 онд үйл ажиллагаа нь дууссан” хэмээж байлаа.

Бессин 3000 хүн амтай. Уур­хайч­дын төв газар аж. Энэ мужид уурхайчид, уурхайчдын үр хүүхэд өнөөг хүртэл өв залгамжлан амьдарч, уул уурхайн техник бус мал аж ахуй, газар тариалан, машины сэлбэг засвар гээд лзах зээлд эрэлт, ойр орчмын муж төдийгүй Францдаа, олон улсад өрсөлдөхүйц үйлдвэрлэл эрхлэн аж төрсөөр.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Ураны олбор­лолтын үйл ажиллагаа явуулж байх болон олборлолт дууссанаас хойш хүн, малын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ?” гэдгийг тодруулсан юм. Бессиний захирагч, хатагтай А.Бруи “Ураны үйл ажиллагаанаас хүн, малд ямар нэг сөрөг нөлөөлөл илрээгүй” хэмээн хариулж байлаа.

Ц.Гантулга, Б.Цэрэндорж, Т.Аз­баяр нарын Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид “Үхрийн үйлдвэрлэл байгуулах нь эдийн засагт хэр ашигтай, эдийн засгийн эх үүсвэрийн санхүүжилт ямар байдаг, орон нутгийн төсвөөс болон “Арева” группээс хэд нь санхүүждэг, иргэдээ ажилтай, орло­готой байлгахын тулд тус группээс ямар төслийг дэмждэг” зэргийг сонирхон асууж байлаа.

Бессиний захирагч, хатагтай А.Бруи “Манай ард иргэдийн сэт­­гэл амьдралдаа хангалуун бай­даг. Манай иргэдийн зарим ньцөмийн эрчим хүчний судалгааны чиглэлээр Бессинд байдаг АРЕВА-гийн геологийн төв лаборатори болох СЕПА-д ажилладаг. Мөн машины сэлбэг угсарч, га­зар тариалан эрхэлж байна. Уур­хайн олборлолт дууссаны дараа­гаар автомашины сэлбэгийн үйлдвэр­лэл энэ нутагт хөгжсөн. Тиймээс уурхайн хуучин ажилчид уурхай хаагдсаны дараа энэхүү үйлдвэрлэл рүү ихэнх нь шилжсэн. Төмрийн үйлдвэр, барилгын салбар хөгж­сөн. Манай энд ураны үйл ажиллагаа явуулсанаар иргэд бүгд ажилтай болсон” гэсэн юм. Мөн “Арева”-гаас орон нутгийн иргэдэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар Дорноговийн ИТХ-ын тэр­гүүлэгчид асууж байлаа. Харин орон нутгийнхан өөрсдийн хүсэлтээ тус группт санал болгон тавьж, ажил хэрэг болгон хэрэгжүүлдэг гэх туршлагаасаа хуваалцсан юм.

Лимузин үүлдрийн үхрийн аж ахуй

Мужийн захирагч хатагтайтай уулз­саны дараа ойрхон байх лимузин үүлдрийн махны чиглэлийн үхрийн фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Францад фермийн аж ахуйг гэр бүлээрээ эрхэлдэг ажээ. 450 үхэртэй, мөн үхрийн нүд тариалдаг нэг фермд гэр бүлийн дөрвөн хүн ажилладаг байна. Ой зургаан сартай нэг үхрийн амьдын жин нь 800 кг хүрдэг. Махлахад 550 кг болох бөгөөд нэг үхрийг худалдаалах дундаж үнэ нь 2000 евро гэнэ. Лимузин үхрийг манай “Гацуурт” компани худалдан авч монгол үхэртэй эрлийзжүүлэн өсгөж байгаа. Эрлийзжүүлсэн 8 сартай тугал 250 кг жинтэй байдаг бол монгол тугал 120 кг жин татдаг байна. Лимузин үхэрт өдөрт 20-25 кг тусгайлан бэлтгэсэн тэжээл өгдөг байна.

Тус ферм сүүний чиглэлийн 250 ямаатай, ямаа тус бүрийг өдөрт 2 удаа саадаг, нэг ямаанаас өдөрт нийт 6 литр сүү саадаг байна. Сүүгээ бяслагны үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж. Харин Францад ямааны мах иддэггүй, зөвхөн сүүг нь хэрэглэдэг. Тиймээс сүүний чиглэлээр тэжээдэг дээрх үүлдрийн нэг ямааг 15 еврогоор худалддаг гэнэ.

Ураны хуучин уурхайн талбайтай танилцсан нь

Үүний дараа Бессин дэх АРЕВА-гийн ураны уурхайн хуучин талбайнууд болох Бельзан, Пүи дө Лаж-тай Дорноговийн ИТХ-ын төлөөлөгчид танилцсан юм.

Уурхай хаагдсанаас хойш эдүгээ 25 жил өнгөрсөн ч энэ нутагт нөхөн сэргээлтийн ажиллагаа үргэлжлэн явагдаж, хяналт хийгдсээр бай­на. Францын хуучин уурхайн талбайнуудыг хянахад АРЕВА жилд 6,3 сая евро зарцуулдаг аж. Ил аргаар олборлолт явагдаж байсан тус нутаг эдүгээ байгалийн унаган төрхөндөө эргэн оржээ.

“Арева”-гийн үйл ажиллагаатай танилцаж байгаа Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, бизнесийнхэн хуучин уурхайн нө­хөн сэрээлтийг биеэр үзэж, тухайнорон нутгийнхнаас туршлага суд­­лах зорилго ч агуулж байсан бололтой.

Бессиний ураны олборлолт явагдаж байсан уурхайн ордын хэсэгт мод, тарьц суулган, хиймэл нуур байгуулсан байна. Нуурын усанд ангир, галуу шувууд ганганан хөвж, байгалийн заяамал нуур шиг салхи сэвэлзэнхэн байгаа нь сэтгэлд нэн таатай. Нуурыг тойруулан хашаа татжээ. Нуурын ус болон эргэн тойронд байнга хяналт тавьдаг байна. Гэхдээ энэ ус одоо ямар ч хоргүй гэдгийг АРЕВА-гийн мэргэжилтнүүд хэлж байлаа. АРЕВА-гийн Франц дахь уурхайн талбайнуудыг хариуцсан захирал Кристиан Андрес хиймэл нуурын уснаас гараараа хутган авч ууж Дорноговь аймгийн зочиддоо үзүүлж, биеэрээ нотолсон юм.

Бессинд ураны ил уурхайн ол­бор­лолт явагдаж байсан он жилүүдэд ч иргэд өөрсдийн эрхэлдэг салбар­таа тус хотдоо ураны уурхайгаас холгүйхэн ажиллаж, амьдарсаариржээ. Бусад хот тосгоны адил захиргааны байрнаас гадна зочид буудал, ресторан, супермаркет, сэлбэгийн дэлгүүр гээдзам дагуу тааралдана.

Дараагийн зогсоол АРЕВА-гийн “Урека” музей байлаа. Уурхайчдын нэр алдрыг дуурсах үүднээс музей байгуулж өгөх амлалтаа “Арева” группын Ерөнхийлөгч биелүүлсэн гэнэ. “Урека” музейдхөдөлмөрийн үр шим, техник технологийн хөгжил дэвшил, олборлолтын үеийг харуулсан техникэн хөдөлгөөнт жүжиг, гэрэл зураг, дүрс бичлэг тус ураны уурхай болон уурхайчдын түүхийг бодитоор өгүүлжээ. Музейд манай Дорноговь аймгийн Дулаан Уул, Зүүвч Овоо дахь ураны ордуудын талаар ч дүрс бичлэг, ураны хүдрийн дээжсийг тавьсан байлаа.

Франц айл

Орой болж Бессин мужийн “Hotel de France” буудлын эзэн айлаар зочиллоо. Францын жи­рийн л нэг айл.Гэр бүлээрээ ресторан, буудал ажиллуулдаг. Гэрийн эзэгтэй М.П.Пиерри “Ма­найх бизнесээ гэр бүлээрээ ажил­луулдаг. Өвөөгийн маань нээсэн рестораныг аав маань өвлөн авч ажиллуулж байсныг би өвлөн ав­сан юм. Гэр бүлээрээ ресторанаа ажиллуулахын дээр нэмж зочид буудал барьж, ажиллуулж байна. Манай ресторан, буудал “Арева”-гийн зочид төлөөлөгчдөд ч үйл­чил­сээр ирлээ. Манайхаар монголчууд ирж үйлчлүүлж байсан. Монголчуудад дахин үйлчлэхдээ баяртай байна.

Манай энд дээр үеэс ураны олборлолт явагдсан. Харин иргэд нь эндээ амьдарсаар ирлээ. Уранаас үүдсэн ямар нэг өвчлөл гарч байсангүй. Бессин эдийн засгийн хувьд сайн бэхэжсэн” хэмээн өөрсдийн бизнес болон орон нут­гийн­хаа талаар сонирхуулсан юм.

Ийнхүү 30-аад жилийн турш ураны ордын ил уурхайн олборлолт явагдаж байсан энэ газар өнөөдөр үхрийн ферм, газар тариалан хөгжиж, нутгийн иргэд үе залгамжлан суурин амьдарсаар иржээ.

Дорноговь аймгийн ИТХ, бизнес, тө­рийн бус байгууллагын төлөөлөл 10 гаруй хүн ийнхүү “Арева” группын уран олборлож дууссан уурхайн хот, мужаар зочилж, ураны үйлдвэрлэл хэрхэн явагдаж байсан, нө­хөн сэргээлт хэр хийгдсэн, ту­хайн орон нутгийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар биеэр үзэж, танилцан, иргэдийнх нь хэлж ярихыг сонслоо.

Ер нь Дорноговь аймгийн тө­лөө­лөгчид ураны олборлолтоос хүн, малд үүдсэн сөрөг нөлөөлөл байгаа эсэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийсэн, тухайн орон нутгийн эдийн засаг хийгээд иргэдийн амьжиргаанд ураны уур­хай хэрхэн нөлөө үзүүлсэнийг АРЕВА группийн удирдлага, ал­бан хаагчдаас төдийгүй нутгийн иргэдээс ч давтан асууж байсан юм. Харин хуучин ураны уурхай байрладаг Бессин мужийн өнөө­гийн байдал, эдийн засаг, бизнес, хүмүүсийн амьжиргаа, тэдний хэлж ярьж буй нь АРЕВА группийн хүмүүсийн хариултыг бататгасан юм. Дорноговь аймгийн төлөөлөгчид Фран­цын Бессинд өөрсдийн үзэж, харсанаа нутагтаа очоод иргэддээ тайлагнана гэж байлаа.

Энэ бүхнээс төлөөлөгчидуул уурхайн үйл ажиллагааг хэрхэн хянах, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн ямар төсөл хөтөлбөрийг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хэрэгжүүлж болох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд юуг анхаарах гээд үзсэн харсан бүхнээсээ нэгийг бодож, нөгөөг тунгаасан нь лавтай.

Н.ЭНХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.