Рик Блейк: Манай компани дэд бүтцийн ажилд 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн

Д.Тулга / Эдийн засаг

Сентерра гоулд ХХК-ийн Хүний нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн захирал Рик Блейктэй ярилцлаа.

-Сентерра гоулд компанийг Монголд ээлгүй гэсэн ойлголт нийгэмд бий. Компанийн удирдах ажилтнуудын хувьд үүнд ямар тайлбар хийх вэ. Ер нь Сентерра гоулд компанийг танилцуулбал...

-Тийм ээ. Зарим хүмүүс биднийг их муу компани гэж ярих нь бий. Тэр ч бүү хэл одоог болтол нэг ч удаа татвар төлөөгүй гэж ярьсаар байна. Гэхдээ энэ бол ташаа мэдээлэл. Бид өөрсдийнхөө талаар хэвлэлээр дамжуулж үнэн зөв мэдээллийг хүргэхээр зорьж байгаа ч сөрөг мэдээлэл байсаар байдаг. Та бүхэн мэднэ. Гацууртыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд гаргалаа. Бидний хувьд Гацуурт төслийг Монгол Улсад болон орон нутгийн төсөвт, иргэдэд өгөөжтэй байна гэж үзэж байгаа. Бидний талаар ташаа мэдээлэл их гарч “татвар төлдөггүй” гэж буруутгадаг ч хэдэн жилийн турш бид “Шилдэг татвар төлөгч”, “Манлай татвар төлөгч” хэмээгдэж татвар төлөлтийнхөө хэмжээгээр нэг, хоёр, гуравдугаар байрыг эзэлж байсан. Мөн биднийг байгаль орчны нөхөн сэргээлтийг хамгийн өндөр түвшинд хийдэг гэдгийг олон хүмүүс мэддэг. Жил бүр орон нутгаас болон Монголын бусад аймаг сумдаас мянга орчим хүн манай уурхай дээр ирж танилцдаг. Ингэж бидний ажлын байрны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь ирж туршлага судалдаг. Үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нөхөн сэргээлтэд хамгийн өндөр стандартуудыг баримталж ирсэн.

-Тэгвэл хэсэг бүлэг хүмүүс танай компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж өлсгөлөн зарлалаа. “Ноён уулаа аваръя” гэцгээж байна. Энэ үйл явцын талаар ямар тайлбар хийх бол?

-Бид өнгөрсөн хугацаанд төлөвлөж буй уурхайн хил хязгаар, Ноён уулын байршил, Хүннүгийн үнэт олдвор, булшнуудын байршлыг иргэдэд тайлбарлаж ойлгуулах гэж хичээж ирсэн. Бидний лицензтэй талбай дээр соёлын, түүхийн ямар нэгэн олдвор байхгүй гэдгийг Археологийн хүрээлэнгээс тогтоосон байгаа. Олон телевиз, сонин Ноён уулын байршлыг уурхайн талбайгаас хэдэн километрийн зайтай байгааг газар дээрээс нь сурвалжилж үзэхээр очсон байдаг. Мөн мэргэжлийн археологич хүнийг урьж ярилцаад уурхайн талбайгаас Хүннүгийн булш, бунхан хол зайтай. Уул уурхайн үйл ажиллагаа үүнд нөлөөлөхгүй гэдгийг нотолж хэлсэн байсан. Бидний өгч байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй хувь хүмүүс, зарим бүлэглэл байгаа. Эсэргүүцлээ төв талбай дээр жагсаал зохион байгуулах, өлсгөлөн зарлах байдлаар илэрхийлж байсан. Бидний зүгээс уурхайн талбай дээр очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцъя гэсэн хүмүүсийг дуртайяа хүлээн авч үзүүлж байгаа. Уурхайн үйл ажиллагаанд түүх дурсгалын зүйлс өртөхгүй.

-Олон өөр мэдээлэл байна. Танай лицензтэй талбайгаас хамгийн ойрхон Хүннүгийн булш хэдэн км-т байдаг вэ?

-Уурхайн олборлолтын талбайгаас 10 орчим километр зайтай. Ойролцоогоор олборлолтын бүсээс гурав, дөрвөн даваа давж байж булш бунхантай газар хүрдэг.

-Та бүхэн олон газарт ажилласан, уул уурхайн олон жилийн туршлагатай хүмүүс байх. Тэсэлгээ хийхэд тав, арван километрийн цаана хөрсөнд агуулагдаж байгаа соёлын өвийг гэмтээх, устгах магадлал хэдэн хувьтай вэ?

-Миний ойлголтоор ийм зайд байгаа соёлын өвд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Тэсэлгээ хийдэг арга улам нарийсч их талбайг хамрахгүйгээр чиглэл нь, хамрах хүрээ нь тодорхой, нарийн тооцоололтой болсон. Тийм учраас хяналттайгаар энэ хэмжээний газрыг тэсэлнэ гэж тогтоогоод ажилладаг. Түүнээс биш уурхайг хамарсан том хэмжээний тэсэлгээг хийдэггүй. Гацууртын ордын үйл ажиллагаа Хүннүгийн булш дурсгалд сөргөөр нөлөөлөх үү гэдэгт Эрдэнэтийн жишээ сонгодог хариулт болно байх. Өмнө нь их талбайг хамарсан тэсэлгээ хийдэг байсан ч дөрвөн километрээс цааш ямар нэгэн нөлөө байдаггүй. Харин өнөөдөр бага хэмжээнд тооцоололтой тэсэлгээ хийж байгаа нь Эрдэнэт хотын оршин суугчдад, барилга байгууламжид огт мэдэгддэггүй шүү дээ. Бороогийн уурхайн түүх ч бас л нотолгоо болно. Бороогийн уурхайн бүсээс Дархан Сэлэнгийн зам таван зуун метрийн цаана байдаг ч 10 жилийн турш ямар нэгэн нөлөөлөлгүй байлаа шүү дээ.

-Энэ бүхэн шинжлэх ухааныхаа үүднээс тайлбарлагдаад гарц нь тодорхойлогдох байх. Харин орон нутгийн иргэд хийгээд энэ эсэргүүцээд байгаа хүмүүстэй уулзав уу. Тэд юу ярьж, юу хүсч байх юм?

-Орон нутгийн иргэдийн дунд бидний үйл ажиллагааг түүхийн үнэт олдворт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа хүн бий. Миний ойлгосноор ийм бодолтой хүн цөөхөн байгаа юм билээ. Энэ төслийг шүүмжлэх биш хэрэгжихийг нь удаан хүлээсэн, эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг нь харахыг хүсч байгаа хүн дийлэнх олонхийг нь бүрдүүлж байгаа байх. Өөрөөр хэлбэл орон нутагт, улсад орох татвар хураамж, хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлдэг төслүүд, шууд болон шууд бусаар ажлын байртай болох, орон нутаг хөгжүүлэх сангаар дамжуулж хэрэгжүүлж буй бусад төслийн үр шимийг хүртдэг, үр дүнг харахыг хүссэн хүн шүүмжлэгчдээсээ олон тааралддаг. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт Ноён уулаа аваръя хөдөлгөөн, Босоо хөх Монгол зэрэг байгууллагуудын төлөөлөл ирсэн. Тэдний дэвшүүлж буй асуудлуудыг бид мэднэ. Тиймээс бид өөрсдийнхөө зүгээс тэдний асуултуудад тодорхой хариулт өгөх ажлуудыг хийж байна.

-Тэгвэл Ноён уулын булш бунхныг хамгаалах Сэлэнгэ аймгийн иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр танай компанийн зүгээс санаачилж буй ажил бий юу?

-Соёлын олдвор бүхий тэр газрыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал байгаа. Тэр саналыг бид хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл археологийн олдворын тухайн бүсийг хөндөхгүй, хамгаалж гадна, дотны иргэд чөлөөтэй үзэж танилцах боломжтой болно байх. Ажлын байрны хувьд хоёр төрлийн ажлын байр бий. Бидний одоогийн тооцооллоор мянга орчим ажлын байр шинээр буй болно. Шууд гэдэг нь компанийн үндсэн ажилтнууд байна. Шууд бус гэдэг нь гэрээт компанийн ажилчдыг хэлнэ. Одоогоор бид шийдээгүй байгаа. Олборлолтын үйл ажиллагаагаа гэрээт компаниар гүйцэтгүүлэх үү, өөрсдөө хийх үү гэдгийг. Хэрвээ олборлолтыг өөр компаниар гүйцэтгүүлвэл гэрээ байгуулахдаа “орон нутгаас тодорхой тооны ажилтан авна” гэдэг амлалтыг заалт болгон оруулах төлөвлөгөөтэй байгаа. Бороогийн үйлдвэрийн ажил зогссонтой холбоотой бид олон тооны дадлага туршлагатай ажилчдаа цомхотголд оруулсан. Тиймээс эдгээр ажилчдаа тухайн, тухайн үеийнхээ ажлын шаардлагад нийцүүлээд эргүүлэн авна.

-Булш бунханыг хамгаалах, тэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр эдийн засгийн туслалцаа үзүүлнэ гэж ойлгож болох уу?

-Яг одоо тодорхой хэлж чадахгүй байна. Энэ бол саяхан орон нутгийн иргэдээс болон төр засгийн зүгээс гарсан санал. Компанийн хувьд зөв арга гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүннүгийн булш олдвор бүхий бүсийг хамгаалж үлдэхийн тулд аялал жуулчлалын цогцолбор болгох нь зөв учраас санхүүгийн туслалцаа шаардагдана. Тэр үед нь бид ямар хэмжээний туслалцаа үзүүлэхээ шийднэ.

-Хөрөнгө босгохтой холбоотой төсөл хэрэгжүүлэхэд иргэдийн халаасанд мөнгө орж ирэхийг хүлээдэг сэтгэлгээ бий. Тэгэхээр танай ТЭЗҮ ямар байгаа юм бол. Одоо яригдаж байгаа 50 тонн алтыг танай компани олборлосноор манайд хэдэн төгрөг үлдэх вэ гэдгийг сонсохыг хүсээд байх шиг...

-Татвар, үйл ажиллагааны зардал, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө гээд Монголд нийт 2.2 их наяд орчим төгрөг үлдэнэ. Эдийн засгийн үр ашигтай B+C зэргээр 17,1 сая тонн хүдэрт 50 тонн алт, тодорхой нөхцөлд үр ашигтай B+C+P зэргээр 10,6 сая тонн хүдэрт 26,1 тонн алттай гэсэн тооцоолол байдаг.

...

-Энэ төсөл хэдэн жилийн хугацаатай хэрэгжих юм. УИХ Гацууртыг стратегийн ордод оруулсан нь танайх үйл ажиллагаа явуулахад саадгүй болсон гэсэн үг үү?

-Төслийн нийт үргэлжлэх хугацаа нь 10 жил. Гэхдээ үйл ажиллагааг эхлэхээс наана их олон ажлыг амжуулах шаардлагатай. Ойролцоогоор 100 гаруй зөвшөөрөл авна. Гарын үсээс эхлээд тусгай зөвшөөрөл, баталгаажлуулалтын гэрчилгээ гэх мэт. Мөн тусгай зориулалтын буюу нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоож Засгийн газраас батлах шаардлагатай болно. Мөн хөрөнгө оруулалтын, орд ашиглах гэрээг байгуулна. Орон нутагтай хамтрах гэрээ байгуулна гэх зэргээр олон ажил амжуулах хэрэгтэй. Стратегийн ордод хамруулах шийдвэр гарсны дараа төрийн эзэмшлийн хувийг тогтооно гэж ойлгож байсан. Хэрвээ төрийн эзэмшлийн хувийг тогтоочихвол бидний тооцооллоор энэ жилийн сүүлээр олборлолтоо эхлээд дараа жилийн тавдугаар сар гэхэд бүтээгдэхүүн гарна гэж үзэж байсан.

-Та бүхнийг гэрээний уян нөхцөлийг далимдуулж Бороогийн уурхайн олборлолтыг хурдан хугацаанд явуулсныг хүмүүс шүүмжилдэг. Өмнөх хөрөнгө оруулалт шигээ монголчуудыг мурих юм биш биз гэсэн хардлага байна?

-Бас л нэг ташаа ойлголт юм л даа. Бороогийн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан 15 жил гэдэг бол төслийн эхлэхээс дуусах хугацааг заасан байгаа. Гэтэл биднийг таван жилийн дотор бүх алтыг олборлоод дууссан гэж яригдаад байдаг. Төсөл хэрэгжиж эхэлсэн нь нэг хэрэг ч яг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн тоолол бол 2004 оны гуравдугаар сар. Харин бидний үйлдвэр зогссон хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сар буюу арав гаруй жил бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань явагдсан. Өөрөөр хэлбэл таван жилийн дотор бүх алтыг сороод авчихсан гэдэг нь буруу ойлголт юм. Одоо болтол хүмүүс ингэж ярьдаг. Гэхдээ бодит байдалтай танилцахыг хүссэн хүн мэдээлэл аваад худлаа гэдгийг мэдэх боломжтой. Нэгэнт мэдээллийн талаар ярьж эхэлсэн учраас бид орон нутагтай ямар аргаар харилцдаг, мэдээлэл солилцдог тухайгаа дурдаад өнгөрөх нь зүйтэй байх. Бид Орон нутгагтай буюу Сэлэнгэ аймгийн Баянгол болон Мандал суманд иргэдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулсан байдаг. Өмнө нь улиралд нэг удаа уулздаг байсан бол сүүлдээ уулзалтын тоог ойртуулсан. Энэ дээр бид орон нутагтай яаж хамтарч ажиллах вэ, ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцэж шийдвэр гаргадаг. Дээрээс нь компани цаашдынхаа төлөвлөгөөг танилцуулж нээлттэй хэлэлцдэг. Орон нутгийн иргэд өөрсдийн асуудал, асуултуудаа чөлөөтэй тавьдаг. Уулзалтад орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, намуудын төлөөлөл, малчид, иргэд оролцдог. Мөн орон нутагт манай компанийн хоёр үндсэн ажилтан байдаг. Орон нутагтай харилцах ажилтан буюу компанийн бие төлөөлөгч гэсэн үг. Тэдний ажлын байр нь Орон нутгийн мэдээллийн төв нэртэй. Тэндээс хүссэн хүн бүр мэдээллээ авах боломжтой. Дээрээс нь бидний хэвлэл материал, сар тутмын “Хараагийн мэдээ” сонин зэргийг авч танилцаж болно. Ер нь иргэд, компани хоорондын харилцааг түргэвчлэх зорилготой юм.

-Гацуурт орд дээр хэдэн жил ажиллаж байна вэ. Урт нэртэй хуулийн хүрээнд нэлээд хүлээлттэй байсан уу. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгаа бол?

-1998 онд үндсэн ордыг илрүүлж 2009 онд урт нэртэй хууль гартал хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийсэн. 2014 оны эцсийн байдлаар Гацууртын талбай дахь хайгуулын ажил, Бороо Гацууртыг холбосон зам, гүүр, Гацууртын уурхайн талбай дахь засварын цех зэрэг дэд бүтцийн барилгыг ажлуудад нийт 67 тэрбум төгрөг зарцуулаад байгаа. Ийн бэлтгэл ажлыг хийж 2009 оны сүүлээр олборлолтын үйл ажиллагааг эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл зун нь Урт нэртэй хууль гараад бүх ажлаа зогсоосон. Бид ажлаа зогсоосон яг тэр хэвээрээ байгаа. Уурхайн талбай дээр тоног төхөөрөмж ч байхгүй.

-Байгалийн баялгаас ашиг олж байгаа компаниудад дүн тавих бас нэг шалгуур нь нийгмийн чиг баримжаатай ажилд хөрөнгө зарцуулсан байна уу гэдэг. Тэгэхээр та бүхэн ямар хэмжээнд хандивын ажил хийсэн юм?

-Төслийг эхлэхдээ буюу 2004 онд Баянгол, Мандал сум, Сэлэнгэ аймагт компанийн Орон нутаг хөгжүүлэх сан гэж байгуулсан. Тэр цагаас хойш энэ сангаар хэрэгжүүлсэн төсөл гэвэл ойролцоогоор 170 орчим хөтөлбөр байгаагийн нийт мөнгөн дүн нь 6.5 сая ам.доллар. Энэ санхүүжилтийн бараг тал нь дэд бүтцийн төсөлд зориулагдсан. 30 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд орсон. Ялангуяа Баянгол сумыг онцолж хэлэхэд компанийн орон нутаг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг бичил зээлийн сан болгож чадсан. Тэгээд улирлын чанартай хөнгөлөлттэй, итгэлцлийн зээлийг олгож эхэлсэн нь ихээхэн амжилттай байгаа. Тэгэхээр аймаг болон хоёр сумын ИТХ нь тухайн жилдээ компанийн орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн саналыг бидэнд ирүүлдэг. Тэр төслүүдийг нь барьж ярилцаад санхүүжүүлэх төслөө сонгодог. Хамгийн сүүлд буюу 2014 онд Мандал суманд гэрэлтүүлгийн төсөл хэрэгжүүлсэн. Шууд хэлбэл нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гудамжны 200 гаруй гэрлийг байрлуулсан. Бас 2011 онд Зүүнхараа хотод төмөр замын доогуурх нүхэн гарцыг байгууллаа. Баянгол сумын халаалтын болон бохирын шугамыг их олон жил шинэчлээгүй байсан. Энэ ажлыг хийсэн. Мөн Сэлэнгэ аймагт 2012 болон 2014 онд хамгаалагдсан ногоо гэдэг төслийг хэрэгжүүллээ. Тэр нь тариа, ногоо тариалдаг талбайд мал орохоос хамгаалж хашаа барих. Үүний үр дүнд тухайн жилүүдэд ургац хураан авалт нэмэгдсэн гэсэн тайлан ирүүлсэн. Ийнхүү 170 гаруй төсөл хэрэгжүүлснээс онцолж хэлэхэд ийм байна. Сүүлд нь бас нэг зүйлийг онцолход Монголчууд их сайн мэдэж байгаа байх. Энэ нь Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн ажлыг бид санхүүжүүлсэн. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 100 эх, 50 нярайн эрчимт эмчилгээний тасаг нээгдсэн. Энэ төслийг их үр дүнтэй зүйл боллоо гэж талархлын олон захиа ирж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангаасаа гадна жил бүр хандивын төсөв баталдаг. Ийм хэлбэрээр спорт, боловсрол, соёл, урлагийн арга хэмжээг ивээн тэтгэдэг. Жишээ нь Баянгол сумын дунд сургуулийн номын санд 230 гаруй номыг өнгөрсөн жил бэлэглэсэн байх жишээтэй.

-Тэгэхээр одоо УИХ дээр Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээ, онцгой татварын тухай асуудал яригдах байх. Засгийн газраас 20 хувийг нь эзэмшье гэснийг УИХ буцаалаа. Асуудалд компани ямар байр суурьтай байгаа юм?

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал буцаагдах тэр үед өөр хууль батлагдсан. Төр стратегийн ордод хувь эзэмшихийн оронд тусгай зориулалтын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах өөр хувилбарыг бий болгосон гэсэн үг. Миний ойлгож байгаагаар Уул уурхайн яам, Сангийн яам зэрэг зохих албаны хүмүүстэй удахгүй уулзалт яриа эхлэх байх. Гацууртын орд дээр тусгай зориулалтын төлбөр хэд байх вэ гэдгийг ярилцаад Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож байгаа. Тэр хуулиар тусгай зориулалтын татвар нь тав хүртэл хувь байна гэсэн байсан. Тэгэхээр компанийн болон Засгийн газрын төлөөлөгч нар яг Гацууртын орд дээр энэ төлбөр хэд байх вэ гэдгийг ярилцана.

-Хөрөнгө оруулагч бүр Монголоос зугтаж байна. Монголын хууль эрх зүйн хийгээд улс төрийн орчин тогтворгүй байгаа нь үүнд холбоотой. Та нар Монголд хөрөнгө оруулахаас айхгүй байна уу?

-Бидний хувьд Монголд хөрөнгө оруулалт хийхээр дөнгөж орж ирээд байгаа компани биш. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Цаашдаа ч олон жил ажиллана байх. Монгол Улсын хувьд ардчиллыг хөгжүүлэх, бат бөх эрх зүйн орчинг бий болгох гэх мэт тулгарч байгаа асуудлуудыг өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирэхдээ ойлгосон. Нөхцөл байдлыг их сайн мэдэж байгаа. Ямар ч хөрөнгө оруулагчид өөрчлөгддөггүй тогтвортой байдал нь их чухал. Өөрөөр хэлбэл татвар, нөөц ашигласны төлбөр, бусад эрх зүйн харилцаа хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байх хугацаанд ямар байх нь вэ гэдгийг тодорхой мэдэх нь хамгийн чухал байдаг. Дээр дурдагдсан бүх асуудал шийдэгдээд явах байх гэдэгт найдаж байгаа. Ингээд ярилцлагын төгсгөлд Гацууртын төсөл нь Оюу толгойгоос хэмжээгээрээ болон хэрэгжих хугацаагаараа ялгаатай. Стратегийн ордод хамруулснаар төсөл хэрэгжих боломжтой болж төслийн үр өгөөж аль аль талдаа сайн гарна гэж хэлмээр байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.