Тавантолгойн мега төсөлд Монгол 51 бус 29 хувь эзэмшиж байгаа юу

Д.Тулга / Эдийн засаг

Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулагчдыг нэлээд удаан сонгон шалгаруулсны эцэст Хятадын “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар ажиллахаар болсон. Хөрөнгө оруулагч нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2.5 жилд Тавантолгойн бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих нүүрс борлуулах үүрэг хүлээх юм. Тогтоолын дагуу бол хөрөнгө оруулагчийн 51 хувийг нүүрсний салбарт таван жил ажилласан, хувьцааны хяналтын багцыг Монгол Улсын иргэн эзэмшдэг компани байна гэж заасан байдаг.

-“СТРАТЕГИЙН ОРД” ГЭДЭГ НЭР ТОМЪЁО ГАНЦХАН МОНГОЛД Л БИЙ–

Ашигт малтмалын тухай хуулинд "Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлтэй, цэрэг дайны зориулалтаар ашиглаж болох, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогод нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий ашигт малтмалын хуримтлалыг стратегийн орд гэнэ" хэмээсэн байдаг. 2006 онд хэлэлцэж байсан “Стратегийн орд” гэх ойлголт тухайн үедээ багагүй шүүмжлэл дагуулж, энэхүү нэр томъёог хасах хүртэл санал ч яригдаж байсан юм. УИХ-ын гишүүн С.Оюун “хуулиндаа стратегийн гэдэг томьёолол оруулсан орон дэлхийн хаана ч байдаггүй. Ийм замаар хөрөнгө оруулагчдыг татахгүй” гэж хэлж байжээ.

-51 ХУВИЙГ ХОНКОНГОД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ ЭЗЭМШИЖ БАЙНА-

Анх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дорвитой төсөл болох нь гэсэн хүлээлт үүсээд байсан. Гэтэл ойрноос монголын тал эзэмших 51 хувь нь 29 хувь болсон байх юм. Учир нь Японы “Сумитомо” компани уг төсөлд ямар ч хамааралгүй болсон талаар хэвлэл мэдээллүүдээр гарах болсон. Угтаа бол Монголын тал гэгдэх 51 хувийг ММС гэх үнэт цаасныхаа хувьд Хонконг улсад бүртгэлтэй компани эзэмшиж байх юм. Энэхүү ММС компанид Петровис, МCS, Шунхлай, ХХБ зэрэг манай улсын томоохон компаниуд хувь эзэмшдэг гэх боловч ердөө хөрөнгөө байршуулчихсан л гэсэн үг юм. Цэврээр тооцож үзвэл манай улс Тавантолгой мега төсөлд 29.4 хувь эзэмшиж байгаа бололтой. “Чайна Шэнхуа Энержи” компани нь Тавантолгой төслийн 49 хувийг эзэмшиж байгаа Хятадын 100 хувь төрийн эзэмшлийн компани. ММС компани бол Монголын хууль, татварын албанд захирагдахгүй. Хэрвээ тэд эзэмшиж буй хувиа “Чайна Шэнхуа Энержи”-д зарчихвал Хятадын тал 70 гаруй хувийг эзэмших бүрэн боломжтой.

-МЕГА ТӨСЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД-

Энэхүү мега төслийг Монгол улсын сайд М.Энхсайхан гар бие оролцож хийж байгаа. Тэрбээр уг төслийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Уралдаант шалгаруулалтад тавьсан нэг нөхцөл бол Тавантолгойг ашиглах компанийн 51 хувь нь үндэсний компанийн мэдэлд байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэр нөхцөлийн дагуу үндэсний компаниуд төслийн компанид олонхи байх болно. Манай үндэсний ямар компанитай хамтрахаа өөрсдөө шийдээд орж ир гэсэн шаардлагыг уралдаант шалгаруулалтад оролцсон бүх гадаад хөрөнгө оруулагчдад тавьсан. Тэр дагуу л “Шинхуа” болон “Сумитомо”-гийн зүгээс “Mongolian Mining Corporation” гэдэг хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийг сонгосон.

Төслийн компанийн 51 хувийг “Mongolian Mining Corporation” эзэмшинэ. “Mongolian Mining Corporation”-ийн 60 орчим хувь нь “MCS”, “Шунхлай”, “Петровис”, Худалдаа, хөгжлийн банк зэрэг үндэсний компаниудын мэдэлд байдаг. Түүнээс гадна гадны 10 гаруй компани, хувь хүмүүс хувьцаагаар дамжуулж энэ компанийг өмчилдөг. Бас Европын сэргээн босголтын банк хувь эзэмшдэг” хэмээн ярьж байжээ.

“Буян”-гийн Б.Жаргалсайхан “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Тавантолгойн төслийг М.Энхсайханаар ахлуулах шаардлагагүй. Монголын ард түмний хөрөнгийг М.Энхсайхан шийдэх шаардлагагүй. ММС гэх компанийн гол хувьцаа эзэмшигч нар нь Хонконгийн хэдэн хужаа нар л байгаа шүү дээ. “Энержи ресурс” 60 хувийг нь эзэмшиж байгаа гэдэг, бараг бүх хувьцаагаа алдчихсан байх шүү. Яагаад заавал “Энержи Ресурс” гэж. Өөр компани байж болдоггүй юм уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.