Дэлхийн долоон гайхамшигтай эн зэрэгцэх олдворыг БИД ТООСОНГҮЙ

Д.Тулга / Нийгэм

бунхан

Зургийн тайлбар: Улаан хэрмийн Шороон бумбагар Түрэгийн үеийн олдвор бүхий модон хаалга

Дүрслэх урлагийн музейн үзмэрийн танхимд дэлхийн долоон гайхамшигтай эн зэрэгцэх хэмжээний археологийн үнэт олдвор буйг мэдэх хүн цөөхөн. Энэхүү түүхийн олдвор нь МЭ VII зууны сүүл хагаст хамаарах эртний язгууртны бунхан юм. ШУА-ийн Түүхийн хүрээлэн Казахстаны Евро-Азийн их сургуультай хамтран 2011 онд илрүүлэн түүнээс хойш судалж байгаа аж.

Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх уг дурсгалыг малтах ажлыг профессор А.Очир, доктор Л.Эрдэнэболд, С.Хоржаубай нар ахлан судалгаа явуулж байжээ. Энэ бунхан нь үүдэвч, хоёр хөмөг, дөрвөн өрх болон хүзүүвч, бунхан гэсэн бүтэцтэй. Хонгил 42 метр урт, 1.8 метр өргөн бол бунхан 7.5 метр гүнд байрладаг аж.

Б.Алтаншагай: УХАЖ СУДАЛВАЛ БҮХЭЛ БҮТЭН ХОТ БАЙЖ МАГАДГҮЙ

Түрэгийн үеийн эл олдворууд нь өдгөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын музейд шилжжээ. Энэ талаар Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга Б.Алтаншагайгаас тодруулахад “Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх уг газраас Түрэгийн үеийн буюу VII зууны түүхэн хосгүй олдвор болох 170 гаруй алт, шавар, модон дурсгалуудыг олж илрүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сайд байхдаа Хархорины музей рүү шилжүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сайд байхдаа ирж үзэн, нөхцөл байдалтай танилцаж байсан. Уг нь Улаан хэрмийн Шороон бумбагарт музей барихад 3 тэрбум орчим төгрөг болно гэсэн төсөл явагдаж байсан юм. Гэтэл 3 тэрбум гэсэн бага мөнгийг УИХ авч хэлэлцэхгүй шүү дээ гэсэн. Энэ чинь Монголын байтугай дэлхийн хосгүй өв шүү дээ. Арга ядахдаа олдворуудыг нь Хархорины музей рүү шилжүүлсэн юм билээ.

Одоо Шороон бумбагар хоосон байгаа. Өнгөрөгч намар биднийг очиход нуралт өгөөд эхэлчихсэн байсан. Өнөөдрийн байдлаар модон бэхэлгээтэй байгаа. Гэтэл өнөөх нь байнга мөөгөнцөртөж, суулт өгнө. Бетонон бэхэлгээ хийе гэхээр хөрөнгө оруулалт байхгүй. Хэрвээ төр энэхүү хосгүй үнэт олдвороо тоох юм бол Булган аймгийн гэлтгүй, Монголын аялал жуулчлалын чухал үзмэр болно гэдгийг хэлмээр байна.

Монголчууд маань энэ талаар сайн мэдээгүй байгаа байх. Уг судалгааны экспидицийг ахалж байсан профессор А.Очир гуай хэлэхдээ “Хэрвээ сайтар ухаж судалвал энд Түрэгийн үеийн өөр хоёр ч бунхан, хот бий гэж хэлж байсан юм. Одоо гаднаа харуул хамгаалалтай, малтлага хийгээгүй, хоосон байгаа. Гэхдээ олигтойхон тулгуургүй болохоор нэг л өдөр нураад уначихыг үгүйсгэх аргагүй. Үүнийгээ нэг музей болгоод авчих юмсан” хэмээн учирлан ярьж байлаа.

-ГАДНЫ ЭРДЭМТДИЙН АНХААРЛЫГ ИХЭД ТАТАЖ БАЙНА-

Египетийн пирамидыг олсон түүх энгийн. Их элсэн дундаас гарын алганы дайтай цухуйн харагдах гурвалжин орой нь өнөөдрийн дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Египетийн пирамидын орой байсныг хэн мэдэх билээ. Элсэн манхан дундаас гарч ирсэн Пирамид нь өдгөө хүн төрөлхтний заавал үзэх ёстой гайхамшигтай үзмэрүүдийн нэг болсон. Одоо хэр судлагдсаар ч байгаа. Булган аймгаас олдсон Түрэгийн үеийн хосгүй олдворт модон эдлэл буюу бунхны гурван хаалга, модон авс, тахилгын шинжтэй таван хошуу малыг модоор урлаж тавьсан ширээ, шавар эдлэл бүхий морьтой болон явган хүмүүсийн дүрс олджээ. Тэдгээр нь бодит хүн, хаан болон хаан угсааныхныг дүрсэлсэн болов уу хэмээн судлаачид үзсэн байна. Мөн алтан эдлэл бүхий 50 гаруй алтан зоос, 10 гаруй мөнгөн зоос, алтан бумба, бүс, дөрөө, бүсний чимэглэл байсан аж. Мөн алтан титмийг эвдэж хийсэн бололтой зоосууд нь Ром, одоогийн Станбул хот, баруун өмнөд Хятад, Энэтхэг зэрэг орнуудынх байсан нь тогтоогдсон байдаг. Ийнхүү дан ганц Монголын бус дэлхийн хэд хэдэн улстай холбогдох түүхийн үнэт өвүүдийг Герман, Казахстан, Япон зэрэг өөр хэд хэдэн улсын эрдэмтэд ирж сонирхжээ.

Сүүлд Японы эрдэмтэд ирж сонирхохдоо “Монголчууд Улаан хэрмийн Шороон бумбагарыг дахин сайтар судалж чадвал дэлхийн томоохон өвүүдийн нэг болох бүрэн боломж байна” хэмээн шүүрс алдаж байсан тухай учир мэдэх хүн хэлж байлаа. Гурван тэрбум төгрөг гэдэг дарга нарын машины жилийн төсөвт ч хүрэхгүй мөнгө. Мега төслийн хэрүүл хийж гүйлдсээр байтал өдрөөс өдөрт түүхийн ховор дурсгал бидний нүдэн дээр үгүй болж байгааг дахин дахин сануулмаар байна.

Ц.ТАМИР

бунхан

Зургийн тайлбар: Түрэгийн үеийн шавар эдлэл бүхий явган хүний дүрс

бунхан

Зургийн тайлбар: Түрэгийн үеийн олдвор бүхий шавар морь

бунхан

Зургийн тайлбар: Түрэгийн үеийн олдвор бүхий Ром, Хятад, Энэтхэг зэрэг орнуудын алтан зоос

бунхан

Зургийн тайлбар: Олдворыг дуурайлгаж сэргээсэн байдал. Дүрслэх урлагийн музей

бунхан

Зургийн тайлбар: Олдворыг дуурайлгаж сэргээсэн байдал. Дүрслэх урлагийн музейбунхан

Зургийн тайлбар: Олдворыг дуурайлгаж сэргээсэн байдал. Дүрслэх урлагийн музей


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.