Халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих шаардлагатай гэв

Д.Тулга / Эдийн засаг

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Семинар Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж дууслаа. Энэ үеэр Монгол Улсыг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ оны улсын төсөв, төсвийн тодотгол болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудын ажлын чиг үүргийг тодорхойллоо. Мөн аймгийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нартай гэрээ байгуулж, энэ онд тухайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлаа тодотголоо.

Семинарын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Эдийн засаг хүнд энэ үед хүн бүрийн хүчин зүтгэл, арвилан хэмнэлтийн бодлого хэрэгтэй. УИХ-аар улсын төсөвт тодотгол хийлээ. УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч сайн ажиллалаа. Хөгжлийн банкны бүх зардлаа төсөвт оруулж, нэг төсөвтэй болж чадлаа. Хөрөнгө оруулалт бага тул бүх шинэ обьектуудаа зогсоолоо. Хэмнэлтийг дээрээс хийж эхэллээ. Яамдын бүтцийг 15 хувиар цомхотголоо. Зарим байгууллагыг нэгтгэж, зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэлэг авдаг байсныг ажилласан жилээр нь тооцдог шинэ тогтолцоонд шилжүүллээ. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг цэгцэлж, заримыг нь их, дээд сургуулийн сургалт судалгааны албанд нэгтгэлээ. Цагдаа, онцгой байдал зэргээс бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд хөрөнгө зардгаа болилоо. Оюутны тэтгэлгийг онц, сайн сурдаг оюутнуудад олгодог боллоо зэрэг ажлыг хийгээд байна. Халамжийн эдийн засгаас бүтээлч эдийн засагт шилжих шаардлагатайг нийгэм ойлгож эхэллээ гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Эдийн засгийн хэд хэдэн том хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Бизнес, хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт шийдсэн асуудал олон байгаа гэлээ.

Хоёр гуравхан зөв шийдэл, зөв хөдөлгөсөн хоёр гурван төсөл, төр засгийн нэгдмэл бодлого улс орныг маань өндөр хөгжилд богино хугацаанд хүргэх бололцоотой. Гэхдээ энэ нь хэн нэг хүний хүсэл биш. Аль нэг нам, бүлгийн эрх ашиг биш, багийн тоглолт байх учиртай. Тиймээс энд цугласан бүх хүмүүс хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хамтдаа зүтгэх учиртайг Ерөнхий сайд хэллээ.

Энэ сарын 2-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар концессоор хэрэгжүүлэх автозамын төслүүдийн асуудлыг хэлэлцсэн. Удахгүй гарын үсэг зурж, автозамын ажил эхэлнэ. Мөн улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодруулсан. Шагнал гардуулах ажлыг тухайн орон нутагт зохион байгуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.