Н.Цэгмид: “Хаан гэр” зөвшөөрөлгүй баригдсан

Д.Тулга / Нийгэм


Өнөөдөр 16.00 цагийн орчим “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах “Хаан гэр” рестораны гал тогоонд гал гарлаа. Дуудлагын дагуу тус газарт Гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай явагдаж буй юм. Тиймээс хүч нэмэгдүүлж, гал унтраах 4-5 анги ажиллаж байна. Мөн гал гарч байгаа барилга орчмын автозамын хоёр урсгалыг хааж, тухайн орчимд буй автомашинуудыг ачигч машинуудаар зөөж, галын бүсээс гаргах арга хэмжээ авч байна. “Хаан гэр” рестораны хажууд байрлах ягаан гурван давхар барилгыг эзэмшдэг Н.Цэгмидээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Хаан гэр” зөвшөөрөлгүй баригдсан гэдгийг танай барилгад үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж байна?

-“Хаан гэр” зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн. Улсын байгууллага анхнаасаа хариуцлагатай байсан бол юу гэж ингэж гал гарах юм бэ. Хажууд нь үйл ажиллагаа явуулдаг өчнөөн олон байгууллага хохирох ёстой юм гэж үү. Залгаа барилга руугаа гал нь орж байна. Бид үнэхээр гомдолтой байна. Үнэхээр хариуцлагагүй. Ахуйн шаардлага хангаагүй барилга барьснаас болж ийм гал гарлаа. Яг одоо “Хаан гэр”-ээс гарсан гал манай барилга руу орж байна. Би гомдолтой байгаа. Хамгийн анх “Хаан гэр”-ийн барилга баригдаж эхлэхэд манай байгууллага “Танайх манай барилгатай барилгаа хэтэрхий их наалдуулж барьж байна. Ямар нэгэн аюул болоход нэн даруй арга хэмжээ авах боломжгүй болсон байна шүү” гэдгийг хэлж байсан. Та нар хар л даа, хөөсөн барилга ямар амархан шатаж байгааг.

-Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Барилга дотор тэсэрч дэлбэрэх, галд дэгдэмхий бодис байна уу?

-Сая барилга руу орж аюултай гэсэн бүх зүйлсээ авахууллаа. Нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газар болон караокены бүх газыг гал сөнөөгчдөд хэлж аюулгүй болгосон. Цахилгаанаа бүгдийг нь салгасан.

-Гал юунаас болж гарсныг мэдэж чадсан уу?

-Манай ажилчид хаалга, цоож янзлах гээд эрт ирчихсэн байсан тулд гал газар авахаас өмнө арга хэмжээ авсан. “Хаан гэр” рестораны гал тогооноос эхлэн гал гарсан. Эднийх өөрсдөө шар айраг үйлдвэрлэдэг гэж сонссон. Тэрнээс нь гал гарсан гэж дам сонсоод байж байна. Дотор орж аюулгүй байдлаа шалгаад гарч ирлээ. Байгуулагдаад жил ч болоогүй байгууллага галын аюулгүй байдлаа хангаагүй нь үнэхээр сонин санагдаж байна.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Д.АМАРТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.