Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Танаа

Д.Тулга / Спорт

medree

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Мэдрээ миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд сууринаасаа ялзарсан холбоог шинэчлэх бодлогын арга хэмжээг авч ажиллах зорилгоор тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн билээ.

Гэтэл хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон, нэр хүнд нь олон улсад унасаар байгаа холбооныхоо төлөө хувь нэмрээ оруулахын оронд,нэр дэвшигч Б.Мэдрээ миний нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Таны олон нийтэд хүргэж буй мэдээлэл нь ямар ч баримт нотолгоогүй, нийтэд нээлттэй байдаг зарим мэдээллийг хүртэл сөхөж нягтлаагүй, илт Хар ПиАр-ын зарчмаар явагдаж байгаа тул дараах тайлбарыг хийх нь зөв гэж бодлоо.Үүнд:

1. Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл.

Миний бие 1990 онд тус банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Хүний нөөцийн захирал, Дэд захирал гэсэн албан тушаалуудад ажиллаж байгаад өнөөдөр Гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал дээр гэрээгээр ажилладаг бөгөөд ХХБ-ны нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй болохыг тус банкны www.tdbm.mn вэб хуудсаас үзэх боломжтойгоос гадна Монголбанкны Хяналт шалгалтын газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох баримт мэдээллүүд байдаг болно.

2.Б.Мэдрээ нь 1997-2000 онд Монголын хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хийж гавьсан юмгүй хаяж явсан гэх мэдээлэл.

Миний бие 1997-1999 оны хооронд тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоодод элсүүлэх ажлыг анхлан санаачлан хэрэгжүүлж, анхны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн ажлуудыг амжилттай эхлүүлж байсан бодитой ажлуудын түүх тухайн үеийн архивт байгаа болно. Миний бие тухайн үеийн удирдлагуудын шударга бус, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн байдал зэрэгтэй нь зөрчилдсөний улмаас холбооноос өөрийн хүсэлтээр гарсан билээ.

3.Дэрэн клубын захирал Г.Мөнхчулуун нь Худалдаа, хөгжлийн банкинд их хэмжээний зээлтэй бөгөөд төлж чадаагүй тул Б.Мэдрээг дэмжиж, түүнд үйлчилж байгаа гэх мэдээлэл.

Г.Мөнхчулуун нь 2008 онд амьдралын боломж тааруу 20 гаруй хүүхдүүдээс бүрдсэн хөлбөмбөгийн багийг байгуулж,өнөөдөр 200 гаруй хүүхдүүд тус багт байдаг, Монголын хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн юм. Тэрээр Худалдаа, хөгжлийн банкинд ямар нэгэн зээл болон зээлийн өр төлбөргүй бөгөөд энэ нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдох болно.

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон хөлбөмбөгийн холбоог сайжруулах, алдаа завхралыг илчлэх, өөд нь татах ажлууд санаачлахын оронд гүтгэлэгийн шинж чанартай худал мэдээллүүд цацаж яваа нь бусдын гар хөл болсон мэт харагдаж байгаа нь харамсалтай. Миний бие Монголынхоо хөлбөмбөгийн хөгжилд шинэчлэлтийг хийх, дэлхийн 209 орноос 194-д жагсан сүүл мушгиж байгаа эх орныхоо хөлбөмбөгийн хөгжлийг урагшлуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд Та бусдын гар хөл болж, Монголын хөлбөмбөгийн спортод Хар ПиАр-ыг дахин ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдээд, эдгээр үйлдлүүд давтагдвал өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалж, хуулийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ

2015.02.05


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.