Монгол Улсын өр буух эзэн, буцах хаягтай боллоо

Д.Тулга / Эдийн засаг

Төсвөөс гадуур эргэлддэг их хэмжээний мөнгө, аж ахуйн нэгжүүд гаднаас зээл тусламж авах, цаашлаад төрийн зээлсэн бондын мөнгийг хаана, юунд хэрхэн зарцуулсныг мэдэхгүй, нэг үгээр хэлбэл хэн мөнгө өгнө түүнийг нь ямар ч хяналтгүй авч зарцуулдаг цалгар назгай байдал монголын төрд бий болчихоод байсан цаг саяхан.

Хөгжлийн банк, Засгийн газар, арилжааны банк, аж ахуйн нэгж гээд хэн дуртай нь төрийнхөө нэрийг барьж их хэмжээний өр зээл тавьдаг асуудлыг цэгцлэх тухай яриа 2012 оны сонгуультай зэрэгцэн дуулдаж эхэлсэн ч ажил хэрэг бололгүй өдийг хүрээд байсан юм. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Өрийн удирдлагын нэгдсэн хуультай болох асуудал эрчимтэй яригдаж УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч хэлэлцэж амжаагүй байхад Засгийн газар нь огцорчихсон. Тэгвэл Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын үед хуулийн төсөл арай өөр байдлаар шинэчлэгдэж хоёр жилийн дараа эцэслэн батлагдлаа. Хуулийн төслийн эцсийн найруулгыг хийсэн ч ёсчлон батлаагүй байгаа.

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гарсан зарч­мын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй сана­луу­дыг бүгдийг нь тусгасан уч­раас хуулийн төсөл батлагдсан гэж хэлж болох би­лээ. Хууль батлагдсанаар ул­сын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг хуульд нийцүүллээ. Ингэснээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 58.2 хувьд хүрч байна. Монгол Улс өр, зээл, бондын талаар нэгдсэн нэг ойлголттой боллоо. Дээрээс нь бонд, зээлийн зарцуулалтыг юунд, хэрхэн зарцуулах, түүнд тавих хяналт гэх зэрэг цогц харилцааг зохицуулсан юм. Хуулийн төслийг тойрсон элд­вийн улстөржилт маргаан, мэтгэлцээн нэлээдгүй олон байсан. Энэ талаар эдийн засагчид, улс төрчид олон янзын байр суурь илэрхийлсэн байдаг.

Зарим нь өр гэдэг нэрнээсээ эхлээд буруу хэмээн шүүмжилж байсан бол зах замбараагүй өр зээлийг нэгдсэн бодлогод оруулах гэ­дэг талаасаа ач холбогдол нь өндөр хэмээн тодорхойлж байв. Ямартай ч өр гэдэг нь юу юм, юуг хамруулах, ямар зээлийг нь үл хамруулах, захиран зарцуулах эрх нь хэнд байх, энэ хуулиас гадуур ямар мөнгө эргэлдэх вэ гэдгээ тодорхой болгож Монгол Улс өр, зээлийг удирдах нэгдсэн бодлоготой болж чадлаа.

Долоон бүлэг, 47 зүйл бүхий томоохон хуулийн төсөлд Засгийн газар, нийслэл, орон нутаг үнэт цаас гаргах, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, мөн орон нутгийн байгууллагуудад Засгийн газар баталгаа гаргах асуудлыг тусгаж ямар журам мөрдөх, мөн батлан даалтын санг ямар байдлаар байгуулах вэ гэдгийг тусгаж өгчээ. Өрийн хяналтыг илүү боловсронгуй болгож, УИХ-аар хянадаг, хэлэлцдэг, тухайн жилд гаднаас авах өрийн хэм­жээг УИХ нь хэлэлцэж байхаар тусгасан байна.

Бүх төрлийн тусламж энэ хуульд хамрахгүй

Хуулийн үйлчлэх хүрээг гуравдугаар зүйлд тодорхой зааж өгсөн юм. Тодруулбал, Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, түүнийг удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. Хуульд зааснаас бусад тохиолдолд ху­вийн хэвшлийн өр төлбөрийн ха­рилцаанд хууль хамаарахгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн харилцаанд мөн л хамаарахгүй. Бүх төрлийн тусламжийн харилцаанд хамрахгүй. Засгийн газрын баталгаа гаргах, баталгааны сан байгуулах, орон нутагт бонд гаргах эрхийг олгох гэх зэрэг олон шинэ харилцааг зохицуулахаар тусгажээ.

Засгийн газрын өр гэх ангиллаас төрөл бүрийн батлан даалтууд суллагдаж байна. Мөн төрийн өмчит компанийн авсан зээл, өр төлбөрүүд ч Засгийн газрын эрсдлээс суллагдах юм. Ингэснээр одоо байгаа өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурна. Улмаар шинээр өр, зээл тавих, бонд гаргах нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож болно. Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд улсын өр, зээллэг, үнэт цаас, Засгийн газрын өрийн баталгаа, өрийн хэрэгсэл зэрэг нэр томъёог нарийвчлан тайлбарлажээ. Харин тавдугаар зүйлд өрийн удирдлагын зарчмыг тусгаж өгчээ.

Өрийн удирдлагын баримт бичгийг УИХ гурван жилд нэг удаа хэлэлцэнэ

Өрийн удирдлагын талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагуудын чиг үүргийг хоёрдугаар бүлэгт тэр чигээр нь тусгасан байна. УИХ ямар үүрэг хүлээх, нөгөө талаар эдлэх эрх нь ямар байхыг тусгалаа. Монголбанкны үүрэг ролийг нарийн ялгаж салган тусгаж өгөв. Ингэснээр өрийн хяналтыг хэн тавих, зарцуулалтыг ямар байдлаар шийдэх вэ гэсэн эргэлзээ дагуулдаг, буух эзэн буцах хаяггүй үлддэг хариуцлагын асуудал илүү тодорхой болно гэсэн үг.

Засгийн газар ямар эрх эдлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхийг нарийн чанд тус­гаж өгснөөрөө хуулийн ач хол­богдол илүү өндөр болж байгаа юм. Долдугаар зүйлд УИХ-ын бүрэн эрхийг тусгасан байна. УИХ нь төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид ”стратегийн ба­римт бичиг” гэх/-ийг батлах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн хамт батлах, Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох, Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Засгийн газрын гадаад зээлийн гэрээг соёрхон батлах зэрэг эрхийг эдэлж байгаа юм.

Мөн УИХ-аас баталж гаргасан стратегийн баримт бичгүүдийн явцын тайланг Засгийн газар жил бүр гаргах, УИХ-аар гурван жилд нэг удаа хэлэлцэх, мөн тайланг гуравдугаар сарын 01-нд гаргаж нэг сарын хугацаанд аудитын шалгалт хийж байхаар тусгажээ. Улсын өр зээл, гадны зээл тусламж зэрэг мэдээлэл зөрүүтэй байх ёсгүй бөгөөд бүх яамд, тэр дундаа Үндэсний статистикийн хороо нэгдсэн мэдээлэл өгөхдөө хуульд заасан албан тушаалтнуудаас мэдээллээ авч олон нийтэд хүргэх үүргийг хүлээж байгаа юм.

Харин Засгийн газар УИХ-аас баталсан стратегийн баримт бичгийг үндэслэн тухайн жилд авах өрийн хэмжээг батлах, зээлийн батлан даалт гаргах зэрэг эрхийг эдэлнэ. Монголбанк улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх, Засгийн газрын хийх зээллэгийн хэмжээ нь Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх тохиолдолд тухай бүр холбогдох санал зөвлөмжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх эрхийг эдлэхээр зааж өгчээ.

Өрийн удирдлагын зөвлөл есөн гишүүнээс бүрдэх нь

Хуулийн төслийн гуравдугаар бүлэг 13 дугаар зүйлд өр үүсгэх зориулалтыг тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ямар тохиолдолд өр үүсгэж болох вэ гэдгийг нарийвчлан заажээ.

Хуульд тусгаснаар бол Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, өрийг дахин санхүүжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх, улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэгт зориулан өр үүсгэх боломжтой. Түүнчлэн, өрийн удирдлагын зөвлөл байгуулах асуудлыг ч хуульд тус­гаж өгчээ.

Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулах бөгөөд өрийн удирдлага, түүнийг тойрсон асуудалд хяналт тавих үүргийг эдгээр есөн гишүүн эдлэх юм. Хүлээлгэх хариуцлага, буух эзэн буцах хаягийг нь тодорхой болгож өгсөн Монголын нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслийг баталж чадлаа.

Дагаж мөрдөх журмыг мөн баталж, батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр болсон юм. Засгийн газрын төвшинд яриа хэлцлийн шатанд явж байсан өрийн асуудлууд бүгд энэ хуулиар зохицуулагдаж, монгол төр олон жил орхисон өр, зээлийн асуудлаа арайхийн цэгцэнд нь орууллаа. Одоо хууль бүрэн утгаараа хэрэгжих эсэхийг л харах үлдлээ.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.