“Шилэн данс – Иргэний хяналт” ТББ үүсгэн байгуулж байна

Д.Тулга / Улстөр

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид нийгмийн салбар бүрт нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн төрөл бүрийн акц, арга хэмжээг зохион байгуулж байгаа. Төслийн оролцогч Л.Цэвээнжав, А.Түвшинбаяр, М.Энхбадрал нар “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилт, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, мониторинг хийж байна. Энэ нь хуулийн хэрэгжилтийн бодит байдлыг тодорхойлох нөгөө талаас иргэдийн мэдэх эрхийн хүрээнд танин мэдүүлж, соён гэгээрүүлэх зорилготой. Төслийн шилдэг оролцогч, ажлын хэсгийн гишүүн, Үндэсний статистикийн хорооны ахлах шинжээч Л.Цэвээнжавтай товч ярилцлаа.

-Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаарх арга хэмжээний талаар танилцуулаач?

-“Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилт, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, мониторингийн ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу эхний гурван ажил хийгдлээ. 1-рт, “Шилэн дансны тухай хууль”-ийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзан хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор төслийн оролцогчидоос сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Дараа нь манай залуус Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн албан хаагчид, бизнес эрхлэгч болон иргэд нийт 200 гаруй хүнд “Шилэн дансны тухай хууль”-ийн талаар сургалт явуулсан. 3-рт, “Шилэн дансны тухай хууль”-ийн талаар нэвтрүүлэг, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэг нэвтрүүлэгт MУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Доктор, Дэд профессор А.Энхбат, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Сангийн Яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга Б.Отгонцэцэг, Сангийн Яамны Санхүүгийн мэдээллийн хэлтсийн дарга Б.Алтангэрэл болон төслийн шилдэг 30 оролцогч оролцсон юм.

-Шилэн дансны хуулинд манлайлагч залуус анхаарал хандуулах болсоны учир?

-Энэ бол иргэдийн хяналтыг багтаасан анхны хууль. Тиймээс иргэдэд үүнийг нь сурталчлан таниулахыг зорьсон. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний хяналтад орно. Зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулах боломж ч эрс хумигдана. Тиймээс эхлээд шилдэг 30 оролцогчоо сургагч багшаар бэлдэж үүгээрээ дамжуулан иргэдэд хуулийн үг хэллэгээр биш, энгийн үгээр энэхүү хуулийн ач холбогдлыг ойлгуулах зорилготой.

-Шилэн дансны хуулийн талаар хүмүүс хир зэрэг мэдээлэлтэй байна вэ?

-Хуулийн талаар сургалт хийгээд явж барага анхны мэдээлэл мэдлэг ч муу байна. Иргэд төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар хэзээ ч мэдээлэлтэй байгаагүй. Хэдэн тэрбум төгрөгийг зүй бусаар зарцуулж байхад дуугардаггүй нь мэддэггүйтэй холбоотой. Гэтэл сая өөрийнх нь халаасанд ордог хүүхэд, эхчүүдийн мөнгийг хасах гэхээр дуугарч эхэлж байгаа биз дээ. Тэгэхээр шилэн дансны хууль бодитоор хэрэгжээд эхэлбэл иргэдийн дуу хоолой ямар хүчтэй болохыг харах боломжтой.

- Сургалтын үр дүнгийн талаар?

-Нэг дүүрэгт 10 оролцогч ажилласан. Энэ хууль яагаад батлагдах болов? Нийтлэг үндэслэл, баримтлах зарчим, хуулийн заалтууд, ямар мэдээллийг яаж авах вэ, иргэд хэрхэн хяналт тавих вэ? гэх мэтээр сэдвээ хуваан авч сургалт явуулсан. Сургалтын дараа иргэд өндөр сэтгэгдэлтэй буцсан бол дүүргийн удирдлагууд ихээр талархаж байсан.

- Цаашид энэ талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Төлөвлөгөөний дагуу 3-4 сард орон нутагт дээрх сургалтыг зохион байгуулна. Мөн фэйсбүүкт “Шилэн данс – Иргэний хяналт” групп болон хуудас, твиттерт “Шилэн данс” хаяг нээсэн. Мөн “Шилэн данс – Иргэний хяналт” ТББ үүсгэн байгуулж байна. Түүнчлэн хуулийн ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч, холбогдох газартай хамтран ажиллана.

- Та бүхэн энэ цуврал арга хэмжээг явуулж хүмүүст таниулснаар ямар ахиц дэвшил гарах вэ?

- Иргэд энэхүү хуулийн ач холбогдлыг ойлгож төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүүг хянана. Ингэснээр үр ашиггүй зардал, тендерийн маргаан, шахааны бизнес буурна. Татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй, дэмий зүйлд үрэгдэх, авлига, хээл хахуулийг хязгаарлах боломжтой. Төсвийн сахилга сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Энэ хэрээр эдийн засаг, хөрөнгө, санхүү, авлигатай холбоотой гэмт хэрэг, зөрчил ч эрс буурна.Энэ утгаараа Шилэн дансны тухай хууль бол хувь хүн, албан тушаалтан, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн амин чухал хууль юм. Шилэн дансны тухай хууль чанд мөрдөгдсөнөөр шийдвэр гаргагчид хариуцлагатай болж, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтын орчин сайжирч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн итгэлийг олоход ч тустай.

-Шилэн дансны хуулийн талаар таниулан уулзалт хийж байхад ямар нэг шинэ санал, сэтгэгдэл ирж байв уу?

-Маш их. Иргэд компьютерээс интернет орох боломж муу байдаг учраас гар утасны апликейшн хийвэл илүү үр дүнтэй талаар хэлж байлаа. Үүнийг холбогдох газар нь уламжилсан.

-Танай багийнхан энэ хуулийг илүү боловсронгуй байж үр дүнтэй хэрэгжихэд юуг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Иргэдийн “Шилэн дансны тухай хууль”-ийн талаар ойлголт, мэдлэг, мэдээллийг илүү их нэмэгдүүлэх хэрэгтэй. “Шилэн дансны тухай хууль”-ийн талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэнээр төсвийн төлөвлөгөө, зарцуулалтад иргэд хяналт тавьж, уг хууль үр дүнтэй хэрэгжихэд дөхөм болно.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.