“Юнивишн” том компанийн сүрийг үзүүлсээр байх уу?

Д.Тулга / Нийгэм

univision “Юнивишн” компани Дархан-Уул аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Дарханы “Ай Пи ТВ”-гийн захирал Б.Бямбадаш мэдээлжээ.

Тодруулбал “Юнивишн” компани нь Дархан-Уул аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр “Ай Пи Тв” үйлчилгээгээ эхлүүлж өөрийн зах зээлд эзэлсэн давуу байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсэн байна. Улмаар "Юнивишн" нь “Юнител”-ийнхээ салбаруудаар “Дарханд Univision IPTV орлоо” гэсэн утгатай материалууд тарааж эхэлсэн бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж, орон сууцанд кабель татаж эхэлсэн аж. Энэхүү үйлдэлд Дарханы Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Танайх Дарханд үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэдэг албан тоотыг явуулсаар байхад тус компани одоог хүртэл үл тоомсорлосон хэвээр байгаа юм байна.


Тэдний энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж Дархан-Уул аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Ай Ай Эн” компани дампуурах аюулд орсон талаараа мэдээлэл хийсэн байна. “Ай Ай Эн” компани нь 2013 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 730/Б/IS/03 дугаартай Тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч хууль ёсны дагуу “Ай Пи ТВ” үйлчилгээ эрхлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн аж. Ингээд бэлтгэл ажлаа хангаж, техник хэрэгслээ бэлэн болгосны дараа үйл ажиллагаагаа эхлэх гэтэл “Юнивишн” том компанийн сүрийг үзүүлж тэдний зах зээлийг булаасан аж. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудын зарим зүйл заалтыг зөрчсөн байна.


“Юнивишн” компанийн энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж “Ай Ай Эн” компани нь 400 сая төгрөгөөр хохироод байгаа бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулсан “Юнивишн”-ийн талаар ШӨХТГ, МХЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагад гомдол гаргаад байгаа ажээ.


“Ай Ай Эн” компанийн удирдлагууд “Юнивишн” компанийнхантай уулзах хүсэлт олон удаа явуулсан ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. “Ай Ай Эн”-ийн мэдээлэл өгсөний дараа үүсээд буй асуудлаар “Юнивишн” компанийн албаны хүнтэй сэтгүүлч холбогдож тодруулга авахад “Одоогоор манайх Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа. Харилцаа холбооны зохицуулах газарт хүсэлтээ явуулсан. Хариу ирээгүй, хүлээгээд байж байна. Одоогийн байдлаар туршилтаар 266 айлд холболт хийсэн” гэх хариултыг өгсөн байна.


Айлуудад холболт хийгээд эхэлсэн бол үйл ажиллаагаа эхэлсэн л гэсэн үг. Гэтэл одоо болтол зөвшөөрөл олгогдоогүй байгааг өөрсдөө хэлж байна. Өөрөөр хэлбэл, мэдсээр байж хууль зөрчиж байна гэсэн үг. Энэ мэт зах зээл дэх байр сууриа ашиглан том компанийн сүрийг үзүүлж бусад жижиг компаниудад дарамт учруулж, шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа “Юнивишн” компанид хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэл мэт.

Одоогоор “Ай Ай Эн” компаниас ирүүлсэн гомдлыг холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа бөгөөд удахгүй шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм байна. Тиймээс энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэхийг харах л үлдлээ.

Тэдний хууль бус үйлдэл дуусахгүй. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжид шугам сүлжээгээ оруулахдаа манайхаас өөр кабелийн телевизийн шугам сүлжээг оруулахгүй шүү гэсэн гэрээг СӨХ болон барилгын компанитай хийдэг нь хууль бус үйлдэл юм. Тухайн байрны СӨХ болон Барилгын компанид мөнгө төлдөг нь энэ нийгэмд буруу жишиг тогтоогоод байгаа билээ. Тодруулбал, өөр компани тухайн байранд шугам сүлжээгээ оруулах хүсэлт тавихад “Юнивишн” компанитай нэг жилийн хугацаанд өөр ямар ч кабелийн телевиз оруулахгүй гэсэн гэрээ хийсэн учир танайхыг оруулахгүй. Эсвэл “Юнивишн” манайд .... төгрөг төлдөг учир танайх бас төл” гэдэг юм байна. Энэхүү буруу жишиг тогтолцооны цаана хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг манай улсын СӨХ, барилгын компаниуд ухаж ойлгохгүй байгаа нь харамсалтай. Уг нь тухайн байранд ямар ч кабелийн телевиз шугамаа оруулах эрхтэй, оршин суугчид ямар телевизийг сонгохоо өөрсдөө шийддэг байх ёстой байлтай.


Мөн сошиал ертөнцөөр яваад нэг зүйл нь Жүжигчин МУГЖ Н.Батцэцэгийн өөрийн нүүр хуудсандаа бичсэн зүйл юм. Учир юунд гэхээр гавьяатын хүү маань “Tides of time” нэртэй кино хйисэн юм байна. Жүжигчин маань Юнивишн компаний менежерт уулзаж тухайн киногоо кино санд оруулах санал тавьж бүх зүйлээ тохирсон юм байна. Сарын дараа юнивишн компанийн кино санд ороод харахад ороогүй байсан юм байна. Юу болсныг юнивишн компанийн менежерлүү залган асуухад менежер маань “ Би таньруу залгахаа мартчиж та үнээ буулга” гэсэн хариу өгсөн юм байна. Сар гаруйн хугацааны дараа ингэж хариу өгсөн нь МУГЖ-д маань таалагдаагүй бололтой. Яг адил хугацаанд киногоо өгсөн Скаймедиа компани тухайн киног кино сандаа оруулж үзэгчидэд аль хэдийн хүргээд амжсан юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.