Л.Пүрэвбаатар: ТӨХ-ны дарга тэр бичгийг улс төрийн эсвэл үйл явдлын сенсаци дэгдээх зорилготой өгсөн юм болов уу

Д.Тулга / Хууль

purevbaatar“Улаанбаатар төмөр зам”(УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарыг "Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжиж, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад 200 сая төгрөгөөр “Лексус 570" маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр шинэ орон сууц худалдан авч 600 мянган төгрөгийн гутал өмссөн. Дээрх худалдан авалтууд нь тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйн дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй байна" гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд багагүй дуулиан дэгдээсэн билээ. Иймд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Гутал өмдний асуудлаас та бидний яриа эхэлж буйд харамсалтай байна. Гэвч цахим ертөнцөөр таныг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мөнгийг хувьдаа зарцуулсан гэдэг мэдээлэл хүчтэй явна. 600 мянган төгрөгөөр гутал авч өмссөн гэнэ. Түгээр ч тогтохгүй байр, машин авсан гэж байна?

-Цахим ертөнцийн жиргээг мэдээлэл солилцох хэмжээнд авч үздэг болсон байна. Мэдээлэл солилцож болно л доо. Гэхдээ энэ мэдээлэл ажил төрөл, асуудал шийдэх хэмжээнд байж чадахгүй. Мэдээлэл бүр өөрийн зорилго, арга технологитой байдаг байх. Манай төмөр замын байгууллага жинхэнэ факт баримтад тулгуурглан ажлаа явуулдаг. Ажилтнууд нь ч хоорондоо баримт баталгаанд түшиглэж харилцдаг. Цахим етөнцөөр явж байгаа сөрөг, худал мэдээллийг манай байгууллагын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаанд оруулж ирж, хутгаж болохгүй. Иймд цахим ертөнцөер гарсан мэдээлэлд няцаалт өгч үнэн бодит мэдээлэл өгөх шаардлага байна. Байгууллагын даргын хувьд өөртэйгээ холбоотой болон байгууллагын дотоод үйл ажиллагаа руу өнгөлзөж, дотоод асуудлыг шийдэхэд нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэж байна.

-Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мөнгөөр хувьдаа үл хөдлөх хөрөнгө бас бус зүйл худалдаж авсан гэж байна. Энэ мэдээлэл бодитой юу?

-Манай байгууллага даргаа явган явуулахгүй л байх ёстой газар. Би энд ирээд ажилдаа ороход явган л байсан. Надад машин байгаагүй. Тэгээд манай байгууллага судалж үзээд “93 сая төгрөгөөр “Лексус- 570”маркийн машиныг аваад унаж бай. Хуучин даргын унаж байсан машиныг тэр хүн өөрөө унаг, Ерөнхий инженер учраас” гэсэн шийдвэр гаргасан. Тэр “Лексус-570” маркийн машин үнэ өртгийн хувьд техникийн үзүүлэлт зэрэг нь боломжийн байсан юм. Яагаад жийп маркийн машин авсан бэ гэвэл миний ажил төмөр замаас эхэлнэ. Төмөр зам дагуу явахдаа жижиг тэрэгтэй явна гэж байхгүй шүү дээ. Хөдөө, гадаа хэрэгтэй үедээ явна. Шаардлагатай гэж үзвэл хот дотроо байгууллагынхаа баазаас жижиг тэрэг гаргуулаад л уначихна.

-Энэ машиныг 200 сая төгрөгөөр авсан гэсэн байсан?

-Тэр машиныг 200 сая төгрөгөөр авсан гэж гүтгэж байгаа нь өөрөө зорилготой, зориуд тараасан мэдээлэл байна гэж би ойлгож байна. 93 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд аваад унаж байгаа машин. Энэ машины нийт өртөг 140 сая төгрөг юм. Манай нэгдүгээр орлогч дарга орос хүн байдаг. Энэ хүнийг Д.И.Андреевич гэдэг. Хангамж, худалдах худалдан авах үйл ажиллагааг энэ хүн хариуцдаг. Санхүү хариуцсан нь бас орос хүн. Тийм учраас худалдаа, хангамж бүх үйл ажиллагааг Оросын талын хяналт дор явдаг. Ер нь Улаанбаатар төмөр замын дарга уламжлалаараа үүнээс ч дээд ангиллын машин унадаг.

Энэ машины үнийг нэмж бичээд, төрийн болон татварын байгууллагууд жижиг тэрэг уная гэсэн бодлого зорилтод аваачиж, бүхэл бүтэн Орос Монголын хамтарсан хувь нийлүүлсэн төмөр замын байгууллагыг аваачиж хутгаж цахим ертөнцөд шуугиад байгааг ойлгохгүй байна.

-Ерөнхий сайдын журам гарсныг та мэдэж байгаа байх. Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжиж, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байгаа үед зохимжгүй гэж үзэх хүн байгаа байх?

-Манай байгууллага Орос Монголын хамтарсан байгууллага. Ерөнхий сайдын төрийн байгууллага гэдэгт орохгүй. Би санаачилгаараа Ерөнхий сайдын захирамжийг үндэслээд “Би жижиг тэрэг уная” гэх юм бол манай оросууд дургүйлхэх нь. “Та манай хамтарсан үйлдвэрийн дарга хүн шүү, яагаад ингээд байна” гэнэ биз. Тэр орон сууцыг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байгууллагын мөнгөөр авдагч үгүй юм. Үүнийг мэдэх хүмүүс нь мэднэ. Би өөрийнхөө хуучин байшинд амьдарч байгаа. 2003 оноос хойш тэр байшинд амьдарч ирлээ. Гутал хувцсыг би өөрийнхөө нэр дээр байдаг виза кредит картаар авсан. Кредит карт гэдэг бол өр зээл гэсэн үг. Энэ карт Л.Пүрэвбаатар гэдэг хүний нэр дээр 2009 онд анх нээгдсэн. 2016 он хүртэл хүчинтэй. Сүүлийн дугаар нь 7390. Тэр картаар би гутлаа авсан. Бас пальто авсан. Яахаараа хувийн картаар тооцоо хийсэн зүйл олон нийтэд ил болоод явчихав. Өмнө нь надад байсан л карт. Картны хуулгыг олж хараад хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөнөөс гутал авчихсан байна гээд мэдээлчихсэн байна. Тэр хуулган дээрх карт хэний нэр дээр, ямар дугаартай байна гэдгийг тэр хүмүүсийг хар гээд хэлчихээрэй. Хувь хүний нэр хүнд байр сууринд ингэж бүдүүлгээр халдах учиргүй юм.

purevbaatar

-ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж танд албан бичиг хүргүүлсэн байсан. Түүн дээр бичсэнээр бол таныг байр, машинаа зараад ажилчдынхаа цалинг тавь гэсэн байсан. ТӨХ-ны дарга ямар ч мэдээлэлгүй байж тийм утгатай албан тоот үйлдэх үү?

-Тэр бичиг надад огт ирээгүй. Би бичгийг өнөөдөр сайтаас л харлаа. Тэгсэн мөртлөө надад хаягласан албан бичиг яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд сенсаци тариад байна вэ. Яагаад надад өгөөгүй юм бол.

-Энэ талаар өөрөөс нь лавлаж асуусан уу?

-Ямар учиртай албан бичиг болохыг нь асуух гээд гар утас руу нь залгалаа. Утас нь салгаатай байна.

-Тэр тэгээд юун бичиг байж таарах вэ?

-Хоёр, гуравдугаар сард тээврийн орлого бараг байхгүй болохоор нь ажилчдынхаа шагналт цалингаа тавья гэж ТӨХ- ны дарга Ц.Нанзаддоржид албан ёсоор хандсан. Тэр бичгийн хариу болов уу гэж би таамаглаж байна.Тэгсэн чинь тэр бичиг дээр “Та хувийнхаа байшинг зараад ажилчдынхаа цалинг тавь. Эсвэл авсан жийпээ зараад цалингаа тавь” гэсэн утгатай тоглоом тохуу хийсэн байна билээ. Тэр бичгээ надад өгөөгүй байж хэвлэл мэдээлэлд өгөөд байгаа нь сонин байна шүү дээ. Би тэр бичгийг нь хараагүй. Түүнийгээ улс төрийн эсвэл үйл явдлын сенсаци дэгдээх зорилготой өгсөн юм болов уу.

-Харин яасан юм бол. Уг нь төрийн алба хашиж байгаа хүн хэвлэлийнхэнд бус танд л тэр хариугаа өгмөөр юм?

-Байгууллагын дарга жийп авах ёсгүй гэсэн утга тэр бичгэнд бас бий. Миний ажилчдынхаа цалинг тавих зээл хүссэн хариуг албан бичиг өгөхдөө “Танайх ингэж зардлаа тана, Тэгвэл зүгээр байна” гэж гарц зааж өгсөн бол тэр бичгийг аваад би яахаа шийднэ шүү дээ. Гэтэл надад биш тэр албан бичиг хэвлэлийнхний гарт орсон байна. Түүнээс намайг “Байр, машинаа зар. Тэгээд ажилчдынхаа цалинг тавь” гэсэн утга бүхий зүйл бичсэн нь ТӨХ-ны даргын бичих ёстой сэдэв биш. Тэр бичгийг хараад манай оросууд их гайхсан. "Энэ чинь монгол иргэдийн унадаг унаа шүү дээ. Гэтэл яагаад манай байгууллагын дарга унаж болохгүй гэж” хэмээж байна лээ.

-Таны амьдарч байгаа байшин 1.5 тэрбум төгрөг хүрэхүү?

-Энэ талаар сайн мэдэхгүй юм байна. 2003 онд авч байсан. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын амьдардаг байр гэвэл тэр хэмжээний үнэ хүрч мэдэх л юм.

-Та бодвол барин тавин худал хэлэхгүй л байлгүй. Тэгвэл энэ дуулиан шуугианыг хэн тарив. Хэнд ашигтай юм бол?

-Цахим ертөнцөд ийм мэдээлэл тавиад шуугиан тариад байгаа хүмүүсийг би мэдэж байгаа. Энэ хүмүүсийг мэдэж байгаа шүү гэдгээ харин сануулчихъя. Энэ шуугианы ард улс төрийн зорилготой хүмүүс байгаа. Орос Монголын хамтарсан үйлдвэрийн удирдлагыг нь ганхуулах, нэр хүндийг нь сэвтээх, цаашлаад энэ үйлдвэрийн нэр хүндийг унагая гэсэн бодол байгаа юм. Хоёрдугаарт, ирэх тавдугаар сарын эхний арав хоногт манай төмөр замын дэргэдэх үйлдвэрчний байгууллага даргаа сонгох сонгууль болох юм билээ. Тэгэхээр энэ сонгууль болох гэж байгаа тул миний нэр төрийг унагах гэсэн үйл явдал болоод байгаа юм. Энэ сонгуульд орж нэр дэвшиж ялах гэж буй хүн. Ажилчдын дунд нэр олж авахын тулд төмөр замынхаа байгууллагаар тоглож эхэлж байна. Ийм л асуудал байна.

-Тэгвэл тэд сонгуулийнхаа тоглоомыг амархан хийж байгаа юм байна?

-Тоглоомыг бол амархан эхэлж байна. Ингэхдээ үйлдвэрчний байгууллагыг ашиглаж байгаа юм. Ямар ч тээврийн орлого байхгүй байна. Үйлдвэрлэл санхүүгийн техникийн бүх үзүүлэлтүүд нь биелээгүй ийм үед шагналт цалингаа авахгүй байх нь зохино гэсэн шийдвэрийг байгууллагын удирдлагууд гаргаад үүнийг бүх ажилчдадаа мэдэгдсэн. Тэрийг ашиглаж хоёрдугаар болон гуравдугаар сарынхаа шагналт цалинг тавих боломжгүй болсон. Ажилчид байгууллагынхаа байдлыг ойлгоод асуудалд хүлээцтэй хандаж байхад нөгөө сонгууль явуулах гэж буй үйлдвэрчний холбооны даргад нэр дэвшиж буй зарим нэг хүн үүнийг ашиглаад эхнийхээ улс төрийг хийчихье гэсэн үйл явдал болчих шиг боллоо. Манай ажилчид бол нийтийн мэргэжлийн хүмүүс биш. Зөвхөн энэ салбартаа ажиллаж байж цалинтай золгоно. Тийм учраас ажлын байраа хадгалж үлдэх нь хамгийн чухал зүйл байдаг. 15 мянган хүнийхээ ажлын байрыг би авч үлдэх ёстой. Нэг хүнийг ч гэсэн ажилтай нь үлдээх ёстой. Надад ажилтнаа цөөл, орон тоогоо цомхотго гэх мэт яриа хэл ирдэг. Би ажилчдын орон тоог цөөлөхгүй. Цалинг бол багасгахгүй өмнө нь ямар байсан түүнээс нь илүү өсгөнө. Гэтэл хоёр, гуравдугаар сарын шагналт цалинг заавал авах ёстой гэсэн уриа лоозонг ажилчдын өмнө үйлдвэрчний байгууллага тавиад байгаа юм. Алдагдалтай ажиллаж байхад тэр шагналыг авах эрх зүйн болон эдийн засгийн боломж байхгүй. Тэгэхээр эдийн засгийн боломжгүй үед энэ шагнал урамшууллыг авах ёстой гэж дайрах нь зохисгүй. Ингэж дайрч үйлдвэрчний эвлэлийн дүр төрхийг харуулдаг механизм байдаг. Үүнийгээ хийж байна.

-Та мэдээж ажилчдынхаа төлөө явна биз дээ. Танд ямар нэгэн гаргалгаа бодсон зүйл байгаа л байх?

-Манай төмөр замчид сар болгон үндсэн цалингаа аваад дээр нь шагнал урамшуулалтыг авдаг байхаар зохицуулж байна. Хоёрдугаар сард нэгдүгээр сарынхаа шагналыг авч байгаа юм. Гуравдугаар сард 2014 оныхоо 13 дахь сарын цалингаа авчихна. Тэгэхээр тэр сард шагнал урамшуулал байгаа биз дээ. Дөрөвдүгээр сард тэр 13 дахь сарын цалинд оногддог шагнал урамшууллыг өгчихнө. Гуравдугаар сард хэрвээ бид шагнал урамшууллын үзүүлэлтээ хангаж чадахгүй байсан ч тэр шагнал урамшууллыг өөр аргаар өгчихнө. Хаанаас ч ирээд аудит ирээд шалгасан ч гэсэн үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө биелүүлээгүй байж яахаараа шагнал авчихдаг юм гэж хэлэхийн аргагүй болтол нь хийнэ. Сар болгон шагнал урамшуулал байна. Ямар нэр хаягтай байхын, тэрийг байгууллагын удирдлага зохицуулна шүүдээ. Гэхдээ би энэ байгууллагад ирсний том зорилго бол энэ ажилчдын орон тоог тэр хэвээр нь авч үлдэх. 15 мянган хүн сард 15 тэрбум төгрөгийн цалин авч амьдрах энэ тогтвортой байдлыг хангана.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.