Г.Аззаяа: Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч байж ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ

Д.Тулга / Боловсрол

AzzayaЭЕШ-ын бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан БСШУЯ-н харъяа Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Аззаяатай ярилцлаа.

-ЭЕШ удахгүй эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Шалгалтын бэлтгэл ажил хангагдаад, төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

-Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалтын бүртгэлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон гэсэн. Ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн бэ?

-Бүртгэлтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн байгаа. Жишээ нь, шалгуулагч бүр регистрийн дугаараа оруулснаар хувийн мэдээлэл болон сургуулийн мэдээлэл гарч ирнэ. Мөн хичээл сонголт хийгдэхэд туршилтын болон үндэсний хөтөлбөрөөр хичээллэж буй эсэхийг асууж байгаа. Энэ нь сэдэв, даалгавар хоёр хоёр янзаар зохиогдох юм.

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг хэчнээн хүүхэд төгсч байгаа вэ. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэр өөрчлөлттэй байна?

-Энэ жил бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөж байгаа 19293 шалгуулагч байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага хүүхэд байгаа. Энэ нь 12 дугаар анги төгсөж байгаа анхны төгсөлт юм.

-Шалгалтын бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ. Хөдөө орон нутгийн элсэгчид хэрхэн бүртгүүлэх вэ?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 09-ний 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагийн хооронд 24 цагийн турш онлайнаар явагдаж байгаа. Хөдөө орон нутгийн шалгуулагчид ч мөн адил онлайнаар бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалтын хувьд дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 07-ноос 14-ний хооронд явагдана. Өмнөх шалгалтдаа ороогүй болон тэнцээгүй шалгуулагчид хамрагдах эрхтэй.

-Цахим бүртгэлтэй холбоотой санал гомдлууд багагүй гардаг. Тухайлбал, ямар санал гомдол ихээр гарч байна?

-Бүртгэлтэй холбоотой гол санал гомдол гэвэл алдаатай оруулсан хувийн мэдээллээ засуулах болон шалгалтын хичээл нэмүүлэх гэж их ханддаг. Үүнийг цаг тухай бүрт нь албаны хүмүүс шийдвэрлээд явж байгаа. Бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ сайтар нягтлаагүйгээс үүдсэн санал л их ирж байна даа.

-Өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл бичгийн шалгалт авч түүнд тэнцсэн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч байхаар болсон. Энэ жилийн хувьд?

-Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоол дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэсэн тогтоол гарсан. Өнгөрсөн жилийн хувьд анх авсан болохоор ямар нэг босго оноогүй байсан. Харин энэ жилийн хувьд босго оноо 400 болсон. 400 болон түүнээс дээш оноо авч байж ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ.

-Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо аваагүй тохиолдод ЭЕШ өгөх боломжгүй юу. Энэ шалгалтын 400 оноог элсэгчид, багш эцэг эхчүүдийн зүгээс боломжийн гэж үзэж байгаа юу?

-Тийм. Монгол улсын засгийн газрын 37 дугаар тогтоол дагуу авагдаж байгаа тус шалгалтыг энэ жилээс эхлэн босго оноотой болгосон. Ингэснээр их, дээд сургуульд элсэгчдийн эх хэлээрээ зөв зохистой ярих, зөв алдаагүй бичих, эх хэлний дархлааны хэрэглээний чадварын түвшинг сайжруулах зэрэг зарим асуудлууд сайжрах сайн талтай. Мөн шалгуулагчдад боломж олгох зорилгоор монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа. Эдгээр шалгалтдаа 400-гаас доош оноо авбал ЭЕШ-д хамрагдах боломжгүй гэсэн үг. ЭЕШ-ын үнэлгээний аргачлал нь олон улсад ашиглагддаг үнэлгээний арга зүй байгаа. Шалгуулагчдын дүн оноог анхны онооны дундаж, хэмжээст оноо, процент оноо, амжилтын чанарын индекс гэсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Хэмжээст оноо нь 200-гаас 800-гийн интервалтай байдаг. Дундаж нь 500 оноо. Тэгэхээр 400 оноо гэдэг бол дунджаас доогуур үзүүлэлт юм. Иймд энэ нь тийм авах боломжгүй өндөр оноо биш гэсэн үг.

-Шалгуулагчдад анхааруулж хэлэх зүйл байна уу?

-400-гаас доош оноо авсан шалгуулагчдын хувьд дөрөвдүгээр сарын 25-ны 12:00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд дахин монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Харин дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч, шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдана. Мөн тус шалгалтад хамрагдаагүй иргэдийн хувьд дахин шалгалтад орох боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын 07-ноос 14-ний хооронд монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг www.eec.mn сайтаар өөрсдөө онлайнаар хийж баталгаажуулна.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.