“Хар жагсаалт”-д хамгийн ойр намынхан хариу бариад эхэллээ гэв

Д.Тулга / Улстөр

mzhМонголын Залуучуудын холбоо “хар жагсаалт” гэгчийг Монголын улс төрд оруулж ирэх, түүгээрээ дамжуулан УИХ, Орон нутгийн сонгуулиар дэмжиж болохгүй этгээдүүдийн нэрийг жагсаан олон нийтэд танилцуулна гэж мэдэгдсэн. Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат үүнийг албан ёсоор илэрхийллээ.

Тэрээр “Ганц хонов уу үгүй юу улс төрчид реакц үзүүлээд эхэллээ. Айсан хүнд аргал хөдөлнө, гэмт хүн гэлбэлзэнэ гэдэгчлэн Монголын улс төрийн ууган нам, хамгийн туршлагатай, өндөр настай “өвгөн” МАН түүчээлэх юм гэж хэн ч бодоогүй биз. Нэр дурдаж нэг намыг хардах маань үндэстэй юм. “600 саяын” гэгдээд буй гэрээний хуулбарыг анх @UnurbayarG @Enkhbayar_bat гэсэн хоёр хэрэглэгч гаргасан. Гомбосүрэнгийн Өнөрбаярын хувьд МАН-ын УИХ дахь бүлгийн Ажлын албаны даргаар ажилладаг. Харин Баттөмөрийн Энхбаяр нь МАН-ын УИХ дахь бүлгийн Ажлын албаны хуульч хүн юм. Товчхондоо нэг дор суудаг хоёр. Б.Энхбаяр нь өнөөгийн Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн найз гэдгийг эх сурвалжууд хэлдэг.

Харин сайдаар томилогдоод хагас жил болоогүй МАН-ын гишүүн эл эрхэм өмнөх сайд Я.Санжмятавын үзэглэсэн бүх баримт бичиг, актыг сөхөж үзэх, түмэнд дэлгэх, тараах бүрэн эрхийг нэгэнтээ эдэлж суугаа билээ. Тэгэхээр гэрээ байгуулагч хоёр талын этгээд баталгаажуулаад, хэрэгжүүлээд, үр дүнг тайлагнан хэлэлцээд, эрх зүйн харилцаа нь дуусгавар болчихоод тоосонд дарагдаж байсан баримт бичгийг С.Чинзориг сайд сэйфнээсээ ухаж ухаж олжээ. Түүнийгээ хуулийн талаас судал гээд Б.Энхбаярт өгөө байлгүй. Б.Энхбаяр нь хууль ч яамай, “хийдэг ажилгүй” гэх байгууллага 600 саяыг төсвөөс гаргуулахаар болсон нь өөрөө ноцтой баримт гэсэн юм даг уу. Тэгмэгц л Г.Өнөрбаяр ч түүгээр нь дөрөөлөөд жиргээд унаж. Мэдээж хэрэг МАН-ын харьяатай том дарга нар нь дуугаа авалцан жиргээд эхлэхээр МАН-гаралтай мэдээллийн сайтууд ч түүнийг эх сурвалжаа болгож, нэгэн хэвийн мэдээ цутгав.

“МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат төсвийн мөнгийг ингэж “иддэг” гэх гарчигтай мэдээрхүү юм хэд хэдэн сайтаар гарч, жиргээ, фэйсбүүкт нэлээд түгсэнийг та анзаараа биз. Тэгвэл тэр нэгдмэл ажиллагааны дэглэлтийг С.Чинзориг ба түүний нөхөд л тавьсан байх нь. Дэглэсэн “уран бүтээлд” гар бие оролцсон бууны нохдын нэрийг дурайлгаад бичилхэн #ХарЖагсаалт гаргачихад ч болохгүй гэх юм алга. Юутай ч, бэлтгэл ажил явагдаж байхад МАН-ынхан реакцлаад эхэлсэн юм хойно цаашдаа бусад намаас довтолгоо ирнэ гэдгийг МЗХ гадарлаж, сэтгэл зүйгээ бэлдээд л сууж байна.

Төрийн бус байгууллагын статустай, залуучуудын төлөөх Монголын хамгийн том, ууган байгууллага МЗХ сүүлийн гурван жил урьд байгаагүйгээрээ идэвхтэй ажилласан гэдгийг А.Мөнхбат ба түүний хампаанууд ч биш 21 аймаг, 9 дүүрэг, сум, хорооны салбар нэгжүүд цөм л хэлж байна. Тэр идэвхжлийн ердөө ганц илрэл нь “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” төсөл. 2013 онд эхэлсэн арга хэмжээг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай гэрээ байгуулан, гарын үсгээр баталгаажуулж эхлүүлсэн нь үнэн. Түүнд шаардагдах төсвийг 600 сая төгрөгөөр баталж, шат дараалалтай шилжүүлсэн нь ч бас үнэн. Нийт төсвийн дийлэнх нь цалинд зарцуулагджээ гэдгийг МАН-ын нөхдийн нийтэлсэн төсвийн задаргаанаас хараад хэн ч ойлгож болно.

Залуучуудаа загнадаг, залхуугаар нь дууддаг, 70 мянга авдаг гээд оюутнуудыг ад үздэг нийгэмд ГЭРЭЛ АСААЖ түр ажлын байрны төслийг зоригтой эхлүүлж, дорвитой хэрэгжүүлсэн. Америк, Европ, Азийн хөгжингүй орнууд шиг МОНГОЛд ч гэсэн ЦАГИЙН АЖИЛ, түр ажлын байр байх боломжтой, залуучууд, оюутнууд хариуцлагатай ажиллаж чаддаг гэдгийг баталж харуулсан төслүүд. Энэ төслийн үр дүнг үзүүлээд “Оюутнууд хичээлийнхээ хажуугаар, оройн цагаар хариуцлагатай ажиллаж чаддаг, харав уу” гээд төрөөс цагийн ажил нэхэхэд илүү хялбар биз дээ. Өнөөдөр ч тэр зорилгынхоо төлөө Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өдөр бүр ажиллаж л байна.

Монголын залуучуудын холбоог гоочилдог олон хүн бий. Наад зах нь л жиргээнд “Монголд байдаг 52 мянган ТББ-ын л нэг ш дээ” гэсэн байна. Үнэндээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ТББ гэсэн статустай л даа. Гэхдээ бусад 51.9 мянган ТББ-ыг нэгтгээд ч МЗХ-ны хэмжээнд хүрэхгүй гээд дэгсдүүлээд хэлчихэд худлаа гэх хүн цөөн биз. Аймаг, сум, дүүрэг, хороо, албан байгууллага, салбар чиглэлийн залуусын нэгдэл, клуб гээд МЗХ-ны нэр-сүр дор цугласан залуусын тоо ... байна. Арга хэмжээнд гар бие оролцохгүй ч алсаас дэмжээд явдаг ахмад-залуучууд ч төдий хэмжээтэй. Ийм олон хүний итгэл хүлээж, эрх ашгийнх нь төлөө ажилласаар ажилласаар байгаа том байгууллага 600 сая төгрөгийн ганцхан төсөл дээр МАН-ынхны бодоод байгаа шиг булай гаргахгүй л дээ. Тэгж “нүд рүүгээ гараа хийдэг” тэнэгүүд МАН-д байдаг байж магадгүй МЗХ-д лав үгүй.

Үнэндээ улс төрийн намтай холбоотой ажил эхлүүлэх гээд дөнгөж бэлтгэл шатандаа явж байхад МАН намба алдаж, бүдрээд ирлээ. Гэвч энэ нь #ХарЖагсаалт-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Яагаад гэвэл түүнийг ард иргэдээс л асуусны эцэст гаргахаас биш МЗХ-ны дөрвөн давхар байшинд сууж байгаа хүмүүс илүү үзэн яддаг хүмүүсийнхээ нэрийг бичихгүй. Улс төрийн намууд л тийм бузар, бусдын толгой эргүүлэх гэсэн хуурмаг зүйл хийдэг байж магад. Улс төрд, нийгэмд, эдийн засагт, бүх салбарт шинэчлэл өрнүүлж, ШИНЭ ҮЕ-ийг урагш түлхэж, газар бүрт ЗАЛУУСЫН ФРОНТ-ыг дороос нь өргөж өгөх гэсэн ЗАЛУУДАА САЙХАН АМЬДАРЪЯ гэж уриалга дэвшүүлээд буй нэр хүндтэй, тулхтай том байгууллага тэгдэггүй юм. Ард иргэнээ, залуучуудаа тэгж хуурдаггүй юм.

Эцэст нь, #ХарЖагсаалт-ыг МЗХ өөртөө ашиглах гээд байгаа юм биш. Жагсаалтад багтсан хүмүүстэй өрсөлдөж, улс төрд хүч үзэж, нэр дэвшиж байгаа тэр “цагаан” хүмүүст л #ХарЖагсаалт-аа өгөх гээд байгаа юм. Хоёрт, ард иргэдийн саналаар л гарах жагсаалт учраас тэр дотор улс төрийн аль ч намын гишүүн, нэр дэвшигчийн нэр байх боломжтой гэдгийг ойлгоцгооё. Намд бүртгэлгүй бие даагч, бизнес эрхлэгчид ч байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.