“Улс төрийнхнийг атгасан” гэж онгирдог “Тэнүүн-Огоо”-гоор овоглосон А.Ганхуягийн луйвар

Д.Тулга / Хууль

Одоогоос есөн жилийн өмнө байгуулагдсан “Тэнүүн Огоо” ХХК-ын хувьцаа эзэмшигчид энэ хугацаанд хэд хэдэн удаа солигдож, одоогоор дөрвөн хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Цагийн сайханд бүүр долоон хувьцаа эзэмшигчтэй байсан ч компани нь томрохын хэрээр гол хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирлын алба хашдаг А.Ганхуяг нь бусад хувьцаа эзэмшигчээ нэг нэгээр нь шахаж гаргах ажиллагаанд орсон гэдэг. Энэ ажлаа тэрбээр маш сурцтай хийдэг. “Компани ашиггүй ажилладаг, өр ширэндээ баригдлаа. Оруулсан хөрөнгө оруулалтаа аваад гарвал аз болно” гэсэн арга барилаар бусад хөрөнгө оруулагчдаа А.Ганхуяг буланд шахдаг байна. Тус компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь 2008 оноос 2014 он хүртэл БНСУ-ын иргэн байсан байна.

Энэ хүн өөрийн итгэмжлэгдсэн монгол төлөөлөгчөөрөө дамжуулж “Тэнүүн Огоо” ХХК-д 2008, 2009 онд нийт 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа А.Ганхуяг “Нийслэлийн өмчид байдаг “Автобус-3” компанийг хувьчилж өөрийн болгосны дараа тус компанийн циркийн урд байршилтай 4 га газрыг уг Солонгос эрд шилжүүлэн өгнө” хэмээн ам гарч байж. Мэдээж хэн ч гэсэн ашигтай ажиллахыг хүсдгийн жишгээр энэхүү Солонгос хөрөнгө оруулагч хотын төвд газартай болох мөрөөдөл тээж явсан бол А.Ганхуяг “Автобус-3” компанийн газрыг гадны хөрөнгө оруулагчид зарахад бэлэн байсан нь хэд хэдэн гэрээ хэлцлээр нотлогдоно. Гэсэн ч А.Ганхуягийн хүч “Автобус-3”-ыг хувьчилж авахад хүч хүрээгүй учир хөрөнгө оруулагчдаа компанийнхаа 20 хувийг өгснөөр амыг нь хэдэн жилээр тагласан аж. Үүгээр зогсохгүй 2011 онд хуучнаар “Автобус-2” буюу Блюбус компанийг Солонгос эзнээс нь худалдан авч өөрийн хөрөнгө оруулагч Солонгос иргэнд шилжүүлэх гэж байгаад энэ наймаа нь бүтэлгүйтсэн байна. Үүнээс хойш хөрөнгө оруулагч Солонгос эр “Тэнүүн Огоо” ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах гэж удаа дараа А.Ганхуягт хандсан ч “мөнгөгүй” хэмээн амыг нь тагласаар өдийг хүрчээ. Энэ хугацаанд мөнгийг ямар ч хүүгүй эргэлдүүлж гаршсан А.Ганхуяг Солонгосын мөнгөөр “Тэнүүн Огоо” ХХК-даа Гурвалжин дахь компанийн төв, Дамбадаржаад автобусныхаа баазыг бариад авсан гэж байгаа. Аргаа барсан Солонгос өнгөрсөн жил А.Ганхуяг захиралын тулган тавьсан шаардлагын дагуу эвлэрлийн гэрээ хийн оруулсан хөрөнгө оруулалтынхаа хагасыг л гаргаж авах төдий болсон байна. Улсаас автобус бааз барьж байгуул гэж өгсөн Сонгинохайрхан дүүрэгт байршилтай нэг га газрыг уг Солонгос иргэнд тал мөнгөнийх нь оронд шахаж гэрээнд оруулсан нь Монгол Улсын газрын хууль тогтоомжийг зөрчсөн байх магадлалтай. Уг газраа өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй бас чирэгдэл учруулж байгаа сурагтай.

ГАНХУЯГ ГЭГЧ ХЭН БЭ

Солонгосчуудыг хашраагч, улсын газрыг дураараа наймаалдаг А.Ганхуяг гэдэг нь хэн бэ?

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард сонин сэтгүүлийн сенсаци болоод байсан автобусны нөхөн олговорын луйврын эзэн. “Тэнүүн Огоо” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гол хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал юм. Тэрбээр сэжиглэгдэж байгаа хэрэгтээ мэдүүлэг өгөхдөө “Манай компани МТ-150 станц зүүгээгүй” гээд гэдийгээд сууж байгаа. 2015 оны эхний улиралд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Үүнээс үндэслэн тооцоолоход сүүлийн гурван жилд бараг 20 тэрбум төгрөг болж байна. Нөхөн олговор олгох программыг зохиосон нөхөд нь Нийтийн тээврийн газрын мэдээлэл технологийн хэдэн ажилтан бөгөөд “Тэнүүн Огоо” ХХК-д зориулж программ дээр нь нөхөн олговорын гүйцэтгэлийн хувийг автоматаар өөрчилж өндөр гаргадаг код оруулсан байх магадлал өндөр байна. Ийм байхад “Тэнүүн Огоо” ХХК МТ-150 станц жижиг тэргээр зөөх шаардлагагүй бөгөөд бусад компаниудын хажууд өндөр төвшиний зохион байгуулалтад орсон байна.

ХОББИНДОО МӨНГӨ ХАЙРЛАДАГГҮЙ ЭРХЭМ

Тэрбээр автобуснаас өөр бизнесээс олсон мөнгөө нийтийн тээврийн салбарлуу оруулдаг гэж жил бүр хэлэх дуртай нэгэн. Судлаад, асуугаад үзэхээр өөр бизнес нь олдохгүй байгаа юм. Мэдээллээс харахад 11 тэрбум төгрөг гаргаж 700 хүний суудалтай Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны заалтай эн зэрэгцэх спорт заал барихад зарцуулсан аж. Зөвхөн спорт заалны шаланд л гэхэд 300 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Бүх тоноглол, тоног төхөөрөмжийг Америкаас ачуулж авчруулсан гэнэ. Тэрбээр өөрийн гэсэн эмэгтэй, эрэгтэй волейболын багтай. За яахав баялаг бүтээгч, экспортлогч компаниуд ашигтай ажиллаж спортыг ивээн тэтгэж өөрсдийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн шигшээ багуудтай байдаг юм байж. Харин жил болгон хэрүүл, уруултай, ашиггүй, хямралтай салбарт үйл ажиллагаа явуулдаг “Тэнүүн Огоо” ХХК нь ийм “тансаг” хэрэглээнд тэрбум тэрбумаар нь хөрөнгө хаанаас оруулаад байна аа? Газрын тос, алтны магнат байсан бол бас яахав.

Ганхуяг нь покер, мөрийтэй спортод бас нугасгүй нэгэн. Тив алгасан тоголдог. БНСУ-ын Сөүл хотын казинод гэртээ байгаа юм шиг л байдаг нэгэн. Зуу зуун сая төгрөгөөр мөрийтэй тоглодгийг Солонгост байдаг Монголчууд өгүүлдэг. Энэ хүн ийм их мөнгийг хаанаас олдог вэ? Арай автобус компаниараа дамжуулж луйвардаж олсон та, бидний татварын мөнгөөр тоглодог юм биш биз?

Түүний бас нэг хобби нь жижиг тоглоомон автобус цуглуулах. Энэ тухайгаа ярихдаа “Нэг ширхэгийг нь 450 доллараар худалдаж авдаг” гэж баярхдаг. Энэ бүхнээс харахад энэ хүн мөнгөн дээр туйлагч, энэ хүнд хууль үйлчилдэггүй мэт.

Тэр нь ч үнэн бололтой. А.Ганхуяг нь өөрийгөө улс төрийнхнийг атгадаг, аль ч намын үед намба алдахгүй хэмээн онгирдог аж. Тэрбээр өөрийгөө Ардчилсан нам ялбал Женкогийн хүн, Ардын нам ялбал тэдний хотын фракцийн хүн болж хөрвөх чадвартай гэж хэлэх дуртай. Нийслэлийн тээврийн газрыг гартаа бүрэн оруулсан гэж салбарынхан нь түүний талаар ярьдаг. Үе үеийн дарга, тэдний ажилтан нартай дотно харьцаатай ба тэд бүгд хайлж урсдаг юм байх. Энэ бүгдийг тунгааж бодвол “Автобусны мафи” гэгчийг байгуулж “загалмайлсан эцэг” болчихсон юм биш үү? Иргэд, ард түмэндээ хүндлэгддэг Х.Баттулга нь нэрээ ийм хүнтэй холбож өөрийн улс төрийн карьер, нэр хүндээ золиослох уу? Ардын намын хотын фракцийнхан дахин нэг газрын наймааны хэрэгт орооцолдохыг хүсэх үү?

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ АТГАНДАА ОРУУЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газрын нөлөө бүхий даргын хамаатан учир шүүх, цагдаа, АТГ, ТЕГ-д ч өөрийн гэсэн хүмүүстэй юм гэнэ билээ. Тэгэхээр түүнд холбогдоод байгаа хэрэг гэгч нь замхарчихсан байхад нэг их гайхаад хэрэггүй л болов уу.

Компанийн ойр дотных нь хүн нь хорссондоо түүнийг цагдаагийнханд мэдэгдсэн гэлцэх юм билээ. Учир нь баг өмссөн, зэвсэгэлсэн цагдаа нар тус компанид ороод бичиг, баримтыг нь хураахдаа яг юуг хураах вэ гэдгээ маш сайн мэдэж байсан нь энэ хардлагыг гаргахад хүргэсэн аж. Ганхуяг захиралаа хардсан нэгэн бүсгүй нягтлан Ариунаад асуудал үүсгүүлэх гэж “матсан” байх гэж компанийхан дотроо шивир авир хийдэг байна. Саяхан Ганхуяг Ариунаа нар нь Европоор хамт аялаад ирсэн юм байх.

Ганхуяг захирал нь өөрөө бол энэ нөхөн олговор, “МТ-150”-ын асуудлыг автобусны бизнест хүчтэй байр суурь эзэлсэн баруун аймгийн бүлэглэлийн явуулга гэж гадуур ярьж явдаг ажээ.

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ БООМИЛОГЧ

Монголд хийж байгаа Экобусыг нийтийн тээвэрт явуулахгүйгээр Солонгосоос хуучин автобус оруулж ирж, будаж шунхдаад ард түмний мөнгийг халааслах ажлыг гардаж хийдэг энэ эрхэмийн автобусны жолооч, кондукторууддаа өгч байгаа сарын цалин нь нохойндоо зориулдаг мөнгөнийх нь хаана ч хүрэхгүй. Ажилчид нь цалингаа хэд хэдэн өөр өөр компаниудаас авдаг. Энэ нь дараа нь тэтгэврээ тогтоолгох гэхэд нь их хүндрэл учруулдаг гэх юм.

Зайсанд байрладаг гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дотроо лифттэй хаус нь Соронз сэтгүл дээр гарч олны нүдийг хужирлаж байсан нь саяхан. Нэг гэрлийн бүрхүүл нь гэхэд л олон арван сая төгрөгний үнэтэй. Гэрийн тавилга, гал тогоо нь гэхэд л олон зуун сая төгрөгний үнэтэй гээд бодохоор татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн идэж байгаа нь тодорхой.

Том хүү нь Англид үнэтэй, нэртэй хувийн их сургуульд сурдаг. Англид нэртэй, хувийн их сургуулийн зардал багаар бодоход жилийн 100 мянган доллараар тогтохгүй. Бага хүү нь бас Англи боловсролыг Улаанбаатарт Бритш сургуульд жилийн 15,000 мянган доллар төлөн сурч байна. Эхнэр нь Ганцэцэг нь санхүүч бөгөөд “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий ня-бо хийж байгаад хэдэн жилийн өмнө Банк Бус Санхүүгийн Байгуулга үүсгэн байгуулж өрх тусгаарласан байна. Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн гэж байгаа. ББСБ-аас гадна аудит болон татварын зөвлөгөө өгдөг компаниудтай. “Тэнүүн Огоо” ХХК-ийн бүхий л санхүүгийн асуудлыг хөндлөнгөөс хянаад сууж байдаг “нууц хатагтай”, “санхүүгийн магнат”. Нөхөрийнхөө эзгүйд өмнөөс нь гарын үсгийг нь дуйраалган зурж чаддаг хосгүй авьяастай бүсгүй гэнэ.

БҮХЭЛ БҮТЭН ХУУЛИЙН БАГТАЙ

Тэд өөрийн гэсэн карманы нотариатчитай. Өөрийнхөө офистоо эхнэр нь үнэ төлбөргүй байрлуулдаг. Үүнийх нь төлөө нотариатч нь үнэнчээр зүтгэтээд энэ луйвар, хулгайг хаацайлахын тулд үнэтэй, чадвартай хуульчдын багийг бүрдүүлэн бүх үйлдлийг нь хууль ёсны юм шиг харагдуулахаар зүтгэж байна. Энэ үнэтэй хуульчдын мөнгийг хэн төлж байна?

Ганхуяг нь саяхан хувийн автобус компаниудын нэгдэл байгуулан “Тэнүүн Огоо” ХХК-ний дээвэр дор хувийн бараг арван компани нэгтгэн нийт 500 автобустай нэгтгэлийн захирал нь болсон гэж дуулдаж байна. Ганхуяг нь хувийн компаниудын нэгтгэл бий болгосноор нийслэлийн өмчийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн эсрэг зохион байгуулалтад оруулсан гэх юм. Хөөрхий нөгөө хэдэн хувийн автобусны жижиг компаниудаа нэг нэгээр нь жийгээд, залгиад салбартаа өөрийн ноёрхолоо тогтооно гэсэн тооцоогоо хийсэн байж л таараа.

Энэ хүн энэ салбараар мөнгө олохоос гадна, улс төрийн асар том нөлөөтэй болж болох юм байна гэдгийг олж харжээ. Өөрөө бол Улаанбаатар хотын дараагийн Засаг дарга хэн болохыг би шийднэ гэж ярьдаг нь бараг үнэн болов уу?

Энэ бүх юмны мөнгийг АРД ТҮМЭН төлж байна. АРД ТҮМНИЙ хамгийн чадваргүй давхарга төлж байна. Тэтгэвэрт гарсан иргэд, оюутан сурагчид, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлж байна. Энэ шудрага явдал уу?

Энэ компанийн улсад учруулсан хохиролыг үнэн бодитоор тогтоож, өрөндөө энэ компанийг улсынх болгож болох л байх. Яагаад Анод, Зоос, Хадгаламж банкуудыг улсынх болгож болоод байдаг байхад энэ компанид Эрх хүлээн авагч томилоод энэ асуудлыг нэг тийш болгож болдоггүй юм бэ? Яагаад нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлдэг ийм чухал салбарыг ингэж хяналтгүй завхаруулаад байна аа? Энэ олон асуултуудыг Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн удирдлагаас асуух цаг болсон байна.

А.УРТАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.