Дэлхийн боловсролыг монгол хэлээр, үнэгүй түгээж байна

Д.Тулга / Боловсрол

НЭГ зорилготой, мэдлэг чадвартай иргэнийг төлөвшүүлэх, интернэт технологид суурилсан, дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбар бий болгох ажлуудыг хийж эхлээд багагүй хугацааг өнгөрчээ. АНУ-ын Хан академийн 500 видео хичээлийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах ажил өрнөөд байгаа билээ.

khan

-ХАН АКАДЕМИЙН ХИЧЭЭЛИЙГ САРД ДЭЛХИЙ ДАЯАР 6 САЯ ХҮН ҮЗДЭГ-

Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа 3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтад бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 5000 орчим видео хичээлтэй. Дэлхийн түвшний боловсролыг хүн бүрт үнэ төлбөргүй түгээж буй Хан Академийн хичээлүүдийг сард 6 сая хүн үздэг. Сүүлийн хоёр жилд хичээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нийт 200 сая удаа үзжээ. Дэлхийн 24 улс эх хэл рүүгээ орчуулах ажлыг өрнүүлсэн бөгөөд видео хичээлүүдийг нь англи, герман, солонгос, хятад, орос, араб, франц, итали, болгар, испани зэрэг 28 хэл дээр үзэж болдог байна.

-Хан Академийн энэхүү видео хичээлийн онцлог юу вэ?

Нээлттэй мэдлэг боловсролын сангийн захирал Б.Бурмаа: -АНУ төдийгүй дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлэн, эх хэл рүүгээ орчуулж байгаа юм. Энэ бол дэлхийн боловсрол. Танхимын уламжлалт аргаар багшаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, ойлгоогүй судлагдахуунаа онлайн видео хичээлүүдийн тусламжтайгаар давтан үзсэнээр сурагчдын хичээлийн хоцрогдол, мэдлэгийн хүрээ тэлж, бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч чанар сайжирна гэж үзэж байгаа тул багш нарт ач холбогдолтой. Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохирц хийж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлууд 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилнэ.

khan

-ХАН АКАДЕМИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЛХИЙН ТҮВШИНД АЖИЛЛАЖ, ХӨДӨЛМӨРЛӨХИЙН ЭХЛЭЛ-

Даваа гаригт Төрийн ордны Иргэний танхимд болсон Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр нар үг хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно. Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм.

Гурван сая иргэнээ тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь Нээлттэй Мэдлэг, Боловсролын Сангийн санаачлагууд юм.

Хан Академийн нээлттэй сургалтын видео хичээлүүд нь их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болж байна. Олон мянган багш эрдэмтэн, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчийг хамарсан том хөдөлгөөн болно гэж бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм” хэмээн онцолсон билээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.