Энэ жил ОХУ-ын гурван компани мах экспортлох зөвшөөрөл авчээ

Д.Тулга / Эдийн засаг

burmaa

Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо. Энэ онд үр тариаг 328,6 мянган га-д тариалах аж. Үүнээс улаанбуудай 300,0 мянган га-д, төмс 13.9 мянган га-д, хүнсний ногоо 8.7 мянган га-д, тосны ургамал 33,0 мянган га-д, малын тэжээлийн ургамал 16.0 мянган га-д, жимс, жимсгэнэ 1,0 мянган га-д тус тус тариалах юм байна.

Үр тарианы тариалалтыг энэ сарын 04-25-нд, төмс, хүнсний ногоог 5 дугаар сарын 10-аас 6 дугаар сарын 10-ны дотор, тэжээл, тосны таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тус тус тариалахаар төлөвлөжээ. Буудайн үр 171 аж ахуйн нэгж, иргэнд 3.3 мянган тонныг 20 хувийн, шатахуун 350 аж ахуйн нэгж, иргэнд 1.5 мянган тонныг 50 хувийн, ургамал хамгааллын бодис 247 аж ахуйн нэгж, иргэнд 62.1 тонныг 30 хувийн, бордоо 33 аж ахуйн нэгж, иргэнд 500 тонныг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон байна. Хүнсний ногооны үр 7,3 тонныг өрхийн тариаланчдад нийлүүлэх бэлтгэл хангажээ. 55 иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгосон байна. Түүнчлэн хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн шалгаруулалтыг шинээр зарлан 26 аж ахуйн төслийг Голомт банкинд хүргүүлжээ. Төслийн хүрээнд 10,0 мянган м2 өвлийн шилэн хүлэмж байгуулах гэрээ байгуулсан байна.

Тариалалтад 2880 трактор, 2170 үрлүүр, 4680 хөрс боловсруулах техник, 326 төмс хүнсний ногооны үрлүүр ажиллахад бэлэн болжээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 ширхэг тракторыг энэ сарын 15-ны дотор нийлүүлэх аж.


-МАЛ СҮРЭГ 52 САЯ ТОЛГОЙД ХҮРЧЭЭ-

Мал тооллогын дүнгээр 2014 оны жилийн эцэст мал сүргийн нийт дүн 52.0 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө. Тооллогын дүнгээр адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3143.0 мянга, ямаа 2776.1 мянган толгойгоор өссөн. Нийт мал сүргийн дотор адуу 5.8, үхэр 6.6, тэмээ 0.7, хонь 44.7, ямаа 42.3 хувийг тус тус эзэлжээ.

Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг буюу 14.9 сая төл хүлээн аваад байгаа аж. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байна. -Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70-аас дээш хувьтай байгаа юм.


-ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС МАЛЧДАД 14 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Өнгөрсөн сарын 01-04-ний өдрийн хооронд орсон их хэмжээний цас, шуурганы улмаас Булган, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад нийт 113.0 мянган толгой мал хорогджээ. 4 дүгээр сарын 11-нээс хойш зүүн аймгуудад гарсан хээрийн түймрийн улмаас Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад 59 гэр, 40 гаруй өвөлжөө, хаваржааны хашаа, 10000 орчим толгой мал, 7 бүл зөгий шатсан байна. Хохирлын хэмжээ одоогоор бүрэн гараагүй байгаа аж. Цасан шуурга, түймрийн үеэр хорогдсон мал сүргийг зах зээлийн дундаж ханшаар тооцвол зөвхөн малчдад гэхэд 14.0 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон хүн эмнэлгийн автомашин, өвс, тэжээл, гэр олгох зэрэгт зориулан Засгийн газрын 157 дугаар тогтоолоор 1.2 тэрбум, 167 дугаар тогтоолоор 600.0 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргасан байна.

Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдлийг буурууулахад зориулж яам, харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган 23.4 сая төгрөг бэлнээр, 22.2 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 9.9 сая төгрөгийн тэжээл, 7.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник тусламжаар цугларсныг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад газар дээр нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулжээ.


-ЗУРГААН КОМПАНИД 46,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН-

Нөөцийн мах бэлтгэх хүрээнд 6 компанид 46,2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Энэ сарын эхний байдлаар 3295 тонн буюу 23,5 хувь, үүнээс Улаанбаатарын 300 цэгт 3012 тн, Дархан 90 цэгт 193 тн, Эрдэнэтэд 30 цэг - 90 тн тус тус худалдаалжээ.

Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК, үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” ХХК, адууны махан хөлдөөсөн бууз, баншийг “Хаан хүнс”, адууны хөлдүү гулууз махыг “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” компани тус тус БНХАУ-д экспортлох эрх авсан байна. Энэ онд нийт 2015 онд нийт 64,4 мян.тн мах экспортлох аж.


ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Чанарын шаардлага хангахгүй байгаа буудайг яах вэ?

-Зарим аж ахуйн нэгжийн буудай стандарт шаардлага хангахгүй байна. Тухайлбал, “Ургац хүдэр” компани гурилын үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд урамшууллаа авсан байдаг. Гэтэл улаан буудай нь 18 хувийн цавуулагтай байсан. Гэтэл намайг энэ буудайг ав гэж шахаж байна. Би жагсаал цуглаан хийсэн учраас стандарт хангахгүй буудайг нь ав гэж гурилын үйлдвэрүүдийг шаардаж чадахгүй. Энэ нь ямар ч боломжгүй. Тиймээс нэг бол стандарт хангасан буудай гэж худлаа хэлж авсан урамшууллаа буцааж аваад, буудайг малын тэжээлд өг. Гадаадад экспортод гаргая гэж байсан. Энэ боломж нь байгаа. Гурилын үйлдвэрт тушаагаагүй, урамшуулал аваагүй буудайг экспортод гаргаж болно. Экспортод гаргах асуудлыг хориогүй. Гагцхүү дотоодын үйлвэрлэгчийг дэмжих хүрээнд татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал авчихаад гадагшаа буудайгаа гаргана гэж байгаа бол зүйд нийцэхгүй. Тариалан эрхлэгчид гурил үйлдвэрлэгчдээс мөнгөө авч чадахгүй байгаа асуудлыг тавьсан. Үүнд бид Сангийн сайд болон Монгол банкны Ерөнхийлөгчид асуудлыг тавьж, зохицуулахаар ярьж байна. Гурилын үйлдвэрүүд тариаланчдын мөнгийг авах зорилгоор зээл авъя гэвэл Монгол банк шийдэж өгье гэсэн. Бид тариаланчдын зөвлөгөөн дээр үүнийг дуулгасан.

-ОХУ-д хичнээн компани мах экспортолж байна вэ?

-Өнгөрсөн жил хоёр компани мах экспортлох зөвшөөрөл авсан бол энэ жил дахин гурван компани хүсэлт тавьж зөвшөөрөл авлаа. Орос руу мах гаргахад Монголд зарснаасаа илүү хямд байна гэдэг асуудал үүсээд байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.