Эмнэлгүүд эмээ 2.4 дахин өндөр үнээр авдаг болжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Zasag

Засгийн газрын хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа.

2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14,6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж нэг хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой. Сүүлийн 4 жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах болжээ. Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэх юм байна.


-ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА-

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа. Өнөөдөр улсын 660 гаруй, хувийн хэвшлийн 2000 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж байгаа бөгөөд хүн амд ногдох эмнэлгийн болон хэвтэн эмчлүүлэх орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөлд оновчтой тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.


-ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ-

Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хууль батлагдснаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоож салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулна. Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл ахуйд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон дүрэм, журмыг боловсронгуй болгох нөхцөл хангагдана. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшилнэ гэж тооцсон байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.