МАН-ынхан сурсан зангаараа хамтрагчаа араас нь түгжилдэж эхэллээ

Д.Тулга / Улстөр

Ардын намынхан шийдлийн засгийн газраас гарах асуудлыг ил далд хөндөх болсон. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж хамтараагүй. Гэтэл Сайханбилэгийн танхимд өөрийн гэсэн бодлого хөтөлбөр алга. Үүнээс нь болоод эдийн засгийн хямрал даамжирлаа гэсэн мэдээллээр МАН-ынхан сонгогчдын толгойг эргүүлж байна.

Харин энэ бүхнийхээ цаана тэд улстөрийн өөр зорилготой тоглолт хийж байгаа юм. Шийдлийн ЗГ-т орсныхоо дараа эдийн засгийн хямралаас гарах төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар болсноо экс коммунистууд сүр дуулиантай зарлаж билээ. Гэвч өмнө нь УИХ-аас батлаад өгчихсөн тогтоол болон хуулиуд нь байгаа учраас заавал шинэ юм боловсруулж цаг алдаад хэрэггүй. Тиймээс шинээр хийх ажлаа тодорхой болгоод өмнөх хөтөлбөрөө үргэлжүүлэе гэж АН-ынхан хамтрагчтайгаа тохиролцох гэж оролдсон.

Гэвч ЗГ-т ороод сар ч болоогүй байхдаа л шинээр мөрийн хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулахгүй юм бол гарсан ч яадаг юм хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат мэдэгдэж, Хөдөлмөрийн сайд Чинзориг хүртэл эрх баригчдад хөгжлийн бодлого алга хэмээн танхимынхаа эсрэг мэдэгдэл хийж байлаа. Иймэрхүү байдлаар хамтарч засаг барьснаасаа хойшхи  таван сарын хугацаанд МАН-ынхан “Сэтгэлгүй эр, эм хоёрыг нийлүүлсэн юм шиг” ажиллаж байгаагаа юм болгон дээр харуулдаг болжээ.

Хамтарсан засгийг олигтой ажиллахгүй бол хариуцлага тооцно гэж хаврын чуулганы нээлтэн дээр эрх баригч намын дарга Энхболд мэдэгдснийг өлгөж авчихаад Засгаас чинь гарна шүү гэж амтай болгон нь шахуу цуурдаг болж. Тэд засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг хэлэлцэж дүгнэж цэгнэхийн эсрэг байгаа. Үүний цаана ирэх оны үндсэн чиглэлийг  УИХ-аар хэлэлцэх үед унагааж улмаар АН-ыг хөтөлбөр бодлогогүй гэж сонгогчдод ойлгуулах улстөрийн далд зорилго байгаа юм. Тэрэндээ хүрч чадвал эрх баригч намд бүх хариуцлага нь оногдож тэд хамтарч засаг барьж байгаа мөртлөө МАН-ынхан  уснаас хуурай гарна. Залгуулаад санаж сэдсэн ажил болгоныг нь гацааж байгаад УИХ-ын ээлжит бус сонгууль зарлах хувилбар луу орох бодлого МАН-ынхан барьж байгааг улстөрчид үгүйсгэхгүй байна. Бага хурлаасаа асууж байж ЗГ-аас гарах асуудлыг шийднэ гэж наанаа тайлбарламаар аядаж байгаа нь ч тэдний зүгээр л өнгөлөн далдлалт нь юм.МАН-ын бүлэг дээр бүх сайдаа дуудаж,засгаас гарах асуудлыг өнгөрсөн даваа гарагт тал талаас нь ярилцсан юм билээ. “хамтараад ажиллаж чадахгүй бол салсан шиг салсан нь дээр гэж томчууд нь байнга л сануулдаг болж.

Үүнийг ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбатын өгсөн ярилцлагууд нотлож байна. АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж Засагт ороогүй гэдгээ дахин дахин зарлаад эхэлчихлээ. Энэ нь л тэднийг ойрын үед томоохон мэдэгдэл хийхээр зэхэж байгааг харуулж байна. Ингэж л МАН-ынхан сурсан зангаараа АН-ыг араас нь түгжилдэхэд бэлэн болжээ. Ганцхан жилийн дараа ард түмэнд амлалтынхаа биелэлтийг шалгуулж эрх баригч намынхан л бүх хариуцлагыг нь дангаарааа хүлээнэ Гэвч фракцигүй болсон АН-ынханы доторхи хэмлэлдээн нь МАН-д идэш болж байна.Тавантолгойн гэрээг батлачихвал Ардчилсан намынхан засгаа унагаана.

Харин батлуулахгүй бол Ардын намынхан засгаас гарах юм байна гэсэн мэдээллээр сонгогчдын толгойг угааж байгаагийн цаана өөр тоглолт эхэлчихжээ. АН-ынхантай хонь хургаа нийлүүлчихээд сонгуулийн амлалтаа ч биелүүлэлгүй, хийсэн  ажилгүй байх нь Ардын намынханд ашиггүй. Тийм болохоор санаж сэдсэн ажлыг нь урагшлуулалгүй УИХ дээр гацааж байгаад Сайханбилэгийн ЗГ-ыг унагаах нь тэдний гол зорилго нь болжээ. Эдийн засгийн хямрал дээр улстөрийн тогтворгүй байдал нэмчихвэл ард түмэн л ширвэгдэнэ. Харин МАН-ынханд тэр бол огт хамаагүй юм. Ингэж л тэд ард түмнээ ардчилсан намтай нь хамт түгжилдэх гэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.