Т.Таня: Ким Чолхун гэгч солонгос эр Монгол улсыг доромжилж байна

Д.Тулга / Хууль

Монгол орны газрын баялагт шунасан гадныхныг давраасан байж болзошгүй нэгэн хэрэг зургаан сарын турш цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж буй юм байна. Энэ хэрэг нэг компанийн дотоодын асуудал мэт харагдавч, Монгол Улсад гадныхан мөнгөөр юуг ч өөрчилж чаддагийг харуулж буй мэт. Бид “Газар хэвлий” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Танятай ярилцлаа.

-КОМПАНИЙ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ҮРЭГДҮҮЛСЭН ХЭМЭЭН ХУДАЛ ХЭЛЖ ШИНЭЭР ГАРГУУЛАН АВСАН-

-Танай компанитай холбоотой мэдээлэл цацагдах боллоо. Энэ компанийн Монголын талыг хэдийнээс хариуцаж ажилласан бэ?

-Би 2013 оны 5 сарын 1-ний өдрөөс гүйцэтгэх захирлын ажлыг хашиж байна.

-БНСУ-ын иргэн Ким Чолхун та хоёрын дунд юунаас болж маргаан үүссэн юм бэ?

-Ажил дээр компаний гэрчилгээ, тамга тэмдэг байсааар байтал 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ким Чолхун гэгч УБЕГ дээр очиж “Гэрчилгээгээ гээгдүүлсэн, шинэ захирал нь байгаа юм” гэж худал хэлээд, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин шинээр гаргуулж авсан байсан. Тэрнээс үүдэн компани 2 гэрчилгээ, 2 тамгатай, маргалдаад яваа юм.

-Танай компани хэзээ байгуулагдан, ямар үйл ажиллагаа эрхэлж байв?

-2006 онд анх байгуулагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Хайгуулаа хийж, нөөцөө батлуулаад, 2011 онд А лиценз авсан. 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт оруулах үйл ажиллагаа эхлээд, тухайн оны 12 сард БНСУ-ын “Gold Mining Korea” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай болсон юм.

-Ким Чолхун таныг цагдаад ямар үндэслэлээр шалгуулахаар өгсөн бэ?

-Өөрөө хууль бус үйлдэл хийчихээд, түүнийгээ нуун дарагдуулах гэж, түүнтэй нь тэмцэж буй намайг зайлуулах гэж бүх аргаа хэрэглэж байна. 2012 оны 12 сарын 24-ний өдөр гэрчилгээ авснаас хойш цагдаад өгч буй бүх асуудал нь хууль бус, худал гүтгэлэг. Жишээ нь, Баянгол дүүрэг дээр 12 сард очиж өргөдөл өгөхдөө “Би энэ компанийн шинээр томилогдсон захирал. Таня нар нь компанийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэсэн байдаг. Энэ хүнд хуурамч гэрчилгээ, тамга тэмдгээс өөр компанийн үйл ажиллагаатай холбогдох ямар ч бичиг баримт байхгүй. Бүгд надад байгаа.

-Таныг гүйцэтгэх захирал биш, орчуулагч байсан гэж мэдээлсэн?

-Компанийн 2013, 2014 оны санхүүгийн тайланг үзвэл бүх үйл ажиллагаа миний гарын үсгээр баталгаажсан байгаа. Тушаал, албан тоот гээд бүх бичиг баримт Таня гэдэг хүний гарын үсгээр явсан, ирсэн, баталгаажсан. Манай компанийн архивт хадгалагдаж байгаа. Энэ хүн Танягийн нэг ч төгрөг энэ компанид ороогүй, бид энэ компанид хөрөнгө оруулсан гэж байна. Монгол компани байгаагүй бол энэ хүн яаж мөнгө оруулах вэ. Мөнгө оруулаагүй учраас энэ хэн ч биш гэж хандаад байгаа.

-“Газрын хэвлий” компанид хичнээн хүн ажилладаг вэ?

-Би энэ компанийг ажиллуулаад, гадаадын хөрөнгө оруулалт татаж, 20 гаруй хүнийг дунджаар 1 сая төгрөгөөр цалинжуулаад ажиллаж байсан. Энэ оны хоёр сард бил үү, Хувийн бизнес эрхлэгчдийн холбооноос 8-аас дээш ажилчинг тогтмол 1 сая төгрөгөөс дээш цалингаар цалинжуулж, 2-3 жилийн дотор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан гэж шагнасан юм.

-Таны хувьд Ким Чолхуныг айлган сүрдүүлж, заналхийлсэн үйлдэл гаргасан уу?

-Алах гэж заналхийлсэн, компани шилжүүлж өгөхгүй бол ална гэж заналхийлсэн, мөн цагдаа дээр хутга гаргаж гарыг нь зүссэн юм яриад байсан. Гэтэл өнөөдөр хурц иртэй төмрөөр гар хуруу эсгэсэн, хамгаалагчийн хамар хугалсан гэж ярьж байна. Манай компанийн хамгаалагчийг хамгаалагч цохиж, хэрүүл өдөж, нэгийг нь өшиглөж унагахдаа унаж хамраас нь цус гарч босч ирсэн. Хамар нь хугараагүй байсан. Дээр нь Ким Чолхун сэтгэл санааны дарамттай байсан гээд байгаа. Бидний хувьд Ким Чолхунд гар хүрээгүй, айлган сүрдүүлж, заналхийлээгүй.


-БИД 2 ТАМГА, 2 ГЭРЧИЛГЭЭТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ-

-“Gold mountain Korea” компанийн ТУЗ хичнээн гишүүнтэй, хэдэн хүн хувь эзэмшдэг вэ?

-22 хувьцаа эзэмшигчтэй. ТУЗ-ийн дарга 1, гишүүн 3, хяналтын ажилтан 1 байдаг. Ким Чолхун манай компанийн энгийн хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ төлөөлөх, шийдвэр гаргах эрхгүй. Солонгосын хувьцаа эзэмшигчдээс хувь эзэмшлээ тодорхойлсон бичиг хийж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу албан бичиг ирүүлсэн нь энэ (үзүүлэв.сурв). Нийт хичнээн хувьцаа эзэмшигч хэдэн хувь эзэмшиж байгааг явуулсан.

-Хэн хэн хэдэн хувь эзэмшдэг вэ?

-Ким Чолхуны үгүйсгээд байгаа Сун Ки иг гэдэг хүн 38.34 хувьцаа эзэмшиж байна гээд татварын байгууллага нь тодорхойлсон албан бичгийг энэ таван сард гаргаж ирүүлсэн. Түүний аав Сун Бүсү нь 13.40 хувь эзэмшдэг. Энэ хоёр нийлэхээр 51.74 хувь болж байгаа. Түүн дээр Сун Киигийн эхнэр, хүү, эгчийнх нь 2 хүүхэд нийлээд 67.5 хувийг эзэмшиж байгаа. Ким Чолхуны талд орж буй хүмүүсийн хувьцаа 23.4 хувь болдог. Газар хэвлий компани “Gold mining Korea” компанийн хөрөнгө оруулалттай болохоос Ким Чолхуны хөрөнгө оруулалттай биш. Түүний талд орж, хувь нийлүүлсэн 11 хүн “Газар хэвлий” компанид шуудаар хөрөнгө оруулж байсан удаа байхгүй. “Gold mining Korea” компани энэ хүмүүсээс авсан хөрөнгийнхөө тодорхой хэмжээг оруулсанаас биш тус компани ямар үйл ажиллагаа явуулж байгааг би хариуцах ёсгүй. Хөрөнгө оруулсан тухай асуудлаа Солонгостоо ярих ёстой.

-УБЕГ-т хандаж яагаад давхар гэрчилгээ, тамга олгосон талаар тодруулсан уу?

-Бид арга хэмжээ авч өгөөч ээ гэж шат шатны хяналтын газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн дарга, УБЕГ-ын дарга гэсэн гурван шатанд өргөдөл өгсөн. “Энэ хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж үзэхгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн. Энэ дагуу бид УБЕГ-ыг тус шүүхэд өгсөн. Удахгүй шүүх хурал товлогдох байх.

-Одоо танай компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Үгүй. Шүүх, цагдаа, прокуророос үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн бичиг гараагүй. Гэхдээ бид 2 тамга, 2 гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж болохгүй. Аль нь хууль ёсны, хүчин төгөлдөр болохыг шийдэж байж ажлаа үргэлжлүүлэх нь зөв болов уу.

-Хонгор дахь танай уурхай дээр хамгаалалтын албаны залуус хүч түрэн орж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Өнгөрсөн 4 сарын 10-ны өдөр Ким Чолхун уурхай дээр дөрвөн машин 20-иод хүнтэй очин дайрч ороод, өөрийн хамгаалалтын албаны 8 залууг үлдээгээд явсан. Эхнээсээ явсаар одоо 5 залуу байгаа, гэхдээ манай компанид хамааралгүй. Энэ хүмүүсээ буулгаж ав гэхээр шаардлага хүлээж авдаггүй. Тэнд манай компанийн харуулын ахлах, эксковаторын ажилчин, усан буучин гэсэн гурван залуу бий.

-Таня гэдэг хүн их хэмжээний мөнгө идсэн гэсэн гомдол гаргажээ. Мөнгө идсэн асуудал бий юу?

-Байхгүй. “Таня 3.3 кг алт, 500 гаруй сая төгрөг завшсан” гэсэн өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага шалгаад зургаан сар шахуу болох гэж байна. Энэ хугацаанд Танягийн учруулсан гэх гэм хор тогтоогдсонгүй. Тийм учраас компанийг татварын шалгалтаар оруулсан. Одоо аудитын шалгалт үргэлжилж байна. Түүнийг үндэслээд энэ хэргийг шийдвэрлэх юм.

-Та тус компаниас хувьцаа эзэмшдэг үү?

-Эзэмшдэггүй.


-СОЛОНГОСТ ГУРВАН ЖИЛ АМЬДРАХДАА НЭГ Ч ХЭРЭГ ТӨВӨГТ ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙ-

-Ким Чолхуны бие хамгаалагчид уурхайн зам дээр танхайрсан гэжээ. Тэнд чухам юу болсон юм бэ?

-Зам дээр Батдорж гэдэг хамгаалагч залуу таараад компаний бичиг баримт, гэрчилгээг буцааж өгөхийг шаардсан. Ким Чолхунтай ярьж суух үед Батдорж гэдэг залуу манай хамгаалалтын албаны залуусыг өдөж, үг хэлээр доромжилсон байдаг. Манай нөхрийг нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэр залуу манай хамгаалалтын албаны машиныг зам дээр машинаараа санаатайгаар мөргөсөн. 2014 оны 12 сарын 26-ны өдөр Ким Чолхун оффис дээр өмгөөлөгч, орчуулагч, хамгаалагч гээд 10-аад хүний хамт дайрч орж ирсэн. Би энэ компанийн захирал, надад гэрчилгээ, тамга тэмдэг, эд хөрөнгөө хүлээлгэж өг гэсэн. Тамга, тэдгийг хүчээр авахаар бүр сейф онгойлгодог залуу дагуулж ирсэн байсан. Бид гурван удаа цагдаагийн байгууллагад хандаж, ажил тарлаа оффисоос гарна уу гэж байж гаргасан.

-Ким Чолхун Солонгостоо юу хийдэг юм бол?

-Тодорхой эрхэлсэн ажилгүй гэж дуулсан. Монголд асуудал мундахгүй байхад хэдхэн төгрөг оруулсан солонгосчууд жоохон уурхай ажиллуулах гэж улс даяар олон нийтэд цацаж бөөн юм болох шаардлага байхгүй. Тэгэхээр ямар нэг байдлаар тэдний ард хөдлөх хүмүүсийн хөшүүрэг болж байгаа юм болов уу гэж хардаж байгаа.

-Өөрийг тань Солонгос даяар эрэн сурвалжилж байгаа гэдэг үнэн үү?

-Хүмүүс надаас ингэж асуусан. Тэгэхээр нь, намайг шалгаад үзчих ээ. Би Солонгос руу гурван жилийн өмнө 3 сартай хүүгээ дагуулаад яваад ирсэн. Хэрэг тарьсан бол цагдаа, интерпол бариад авах шүү дээ. Би ямар хэрэг тарьснаа ч мэдэхгүй юм. Солонгост гурван жил амьдрахдаа хэрэг зөрчил гаргаагүй. Сургуульд сурах гэж хөөцөлдөөд, хугацаа хэтрээд харласан удаа бий. Тэрнээс өөрөөр Солонгос Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй.

-Мандалын цагдаа нарт сахилгын хариуцлага тооцож буй мэдээлэл байна?

-Зүүнхараагийн замд болсон зодооны хэрэг дээр Мандалын цагдаа нар нэг талыг барьж ажилласан. Бидний өргөдөл гомдлыг ерөөсөө ойшоохгүй байсан. Намайг давтан гэмт хэрэг үйлдсэн гэдэг шалтгаанаар гурав хоног саатуулсан. Давтан гэдэг нь, компанийн их хэмжээний мөнгө идсэн хэргээр шалгагдаж байгаа гэж. Зүүнхараа, Сэлэнгийн цагдаа нарыг ЦЕГ-аас шалгаж, Сэлэнгэ аймгийн цагдаад сахилгын арга хэмжээ авахаар болсон.


-КИМ ЧОЛХУН МОНГОЛ УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭНД ТААРУУЛЖ ҮЙЛДЭЛ ГАРГААД ДАВРААД БАЙНА-

-Энэ хүн Солонгосын консул руу утасдаж, амь аврахыг гуйсан гэсэн. Үнэн үү?

-Ким Чолхун Цагдаагийн хэсгийн гадаа байхдаа Солонгосын консул руу “Намайг монголчууд алах гээд барьцаалаад байж байна, туслаач ээ” гэж ярьсан байдаг. Солонгосын консул ЦЕГ-ын гадаад харилцааны хэлтэст утсаар хэлээд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга руу утасдаад, өндөр авахуулсан. Сэлэнгийн цагдаа нар болсон үйл явдлыг харсан. Дээрээс дарга хэлсэн. чи болон чиний хүмүүс буруутай. Ингэх ёсгүй. Энэ солонгос дураараа аашилж л байг. чи юу юм гэсэн хандлагатай.

-Магадгүй энэ бүхний цаана мөнгө үйлчилж байгаа байх?

-Мөнгө л дөө... Энэ дээр УБЕГ-ынхныг мөнгө аваад хийчихсэн юм болов уу гэж хардаж байгаа. Дарга цэрэг нь ялгагдахгүй болчихсон газар юм билээ. УБЕГ хүний өмч хөрөнгө, өмчлөхтэй холбоотой бүхий л асуудлыг шийддэг. Шалгавал энэ дотроос их юм гарч ирж магадгүй.

-Таныг Зүүнхараад гурав хоног саатуулсан гэж сонслоо. Яагаад саатуулсан хэрэг вэ?

-Би энэ солонгосыг гүтгээд элдвээр хэлээд байж чадна. Гэхдээ би тэгэхгүй. Энэ хүн Монголд амьдрах боломжгүй гээд яваад өгч болно. Гэтэл Таня гэдэг монгол хүн. Насаараа амьдрах миний эх оронд намайг ор үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдэж, олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь миний хувийн амьдралд маш ноцтойгоор нөлөөлж байна. Гурав хоног Зүүнхараад суухдаа би ганц таваг ч хоол идээгүй, ганц балга ч ус уугаагүй. Ходоодны үрэвсэл хүндрээд, нүүрээр битүү юм гарч, нүүр царай гундуу болсон. Дээр нь сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч байна. Хөрөнгө мөнгө маш их гарч байна. Өдөрт 1-2 удаа цагдаагийн байгууллагаар байнга очиж байна. Ажилчдаа амраасан, орлогогүй, компанийн үйл ажиллагаа зогссон зэрэг бодит хохирол гарсан.

-Гадныхан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол хууль дүрмийг чанд сахих ёстой?

-Гадны энэ иргэнийг битгий ингэж давраагаач ээ. Хууль зөрчсөн үйлдлийг нь дор дор нь хурдан шуурхай шийдвэрлээд өгөөч ээ гэж бид хуулийн байгууллагаар явж байгаа. Минийх, чинийх зөв гэж маргаад байгаа энэ асуудал дээр манай хуулийн байгууллага интерполоор дамжуулаад Солонгос талаас бичиг авчихад л шийдэгдэх юм. Ким Чулхон гүжирдсэн гүтгэсэн үйлдлээрээ Монгол улсын хууль, хуулийн байгууллага, иргэдийг доромжилж байна. Надад мөнгө байхад та нар яршиг байна гэдгийг энэ хүн үзүүлээд байна. Консулаараа дамжуулаад Монголын иргэнийг гурван хоног суулгаж чадаж байна уу, чадаж байна. Улсын бүртгэл дээр очоод бүртгэлтэй гэрчилгээг байхгүй гэж хэлээд гаргуулаад авчихаж байна. Түүнийг хэрэг үйлдчихээд байхад цагдаа нар тууштай шалгаж өгөхгүй байна. Энэ хүн монгол Улсын хэм хэмжээнд тааруулж үйлдэл гаргаад давраад байна шүү дээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.