Г.Шийлэгдамба: 7.8 тэрбум төгрөгийн өрийн асуудал шийдэгдлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

shiilegdamba

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Эмийн төсвийн асуудлыг шийдвэрлэлээ. Өнгөрсөн оны төсвийг энэ оныхтой харьцуулбал ямар үр дүн ажиглагдав?

-2015 оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмэгдүүлэн оруулах замаар шийдвэр гаргасан. Өнгөрсөн 2014 оны төсөв 68 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 60 тэрбум төгрөгөөр батлагдсан байсан. Бид энэ төсвийг өчигдөр 13.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр өнөөдрийн нөхцөлд үүсээд байгаа 7.8 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлээд, цаана нь хэрэгцээтэй эмийн төсвийг шийдвэрлэх боломжтой болсон. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш, 2015 оны нийт эмийн шаардлага хэрэгцээг бүрэн хангахуйц зохицуулалт хийгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ ганцхан энэ төсвийн зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг үндэслэн эмнэлгүүд дээрх эмийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг цаашдаа сайжруулах ажил гарч ирлээ. Үүнийхээ дагуу бид дотоод аудит хяналт шалгалтын тодорхой үүрэг даалгавар бүхий ажлын хэсгийг ажиллуулахаар төлөвлөж байна.

-Энэ он дуустал эмнэлгүүдэд эмийн хомсдол үүсэхгүй гэж ойлгож болох уу?

-Эмийн төсөвтэй холбоотой тулгамдсан асуудал шийдэгдсэн. Үүний хажуугаар бидний анхаарах ёстой асуудал бол иргэд маань өөрсдөө эрүүл мэндийн байгууллага дээрх зохистой бус ачаалал, зохистой бус эмийн хэрэгцээг бий болгож байна. Тийм учраас иргэд эрүүл мэндийн байгууллага дээрх эмийн хэрэглээг зөвхөн эмчийн зааврын дагуу нарийн хяналтаар хэрэглэх асуудлыг дэвшүүлж байгаа.

-Яармаг дахь дөрөвдүгээр төрөх хүлээлтээс гарч мөнгө нь шийдэгдчихлээ. Зогсоод байгаа барилгын ажил нь яг хэзээ эхлэх вэ?

-Яармаг дахь 300 ортой эх хүүхдийн эмнэлэг үндсэндээ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн концессын шууд гэрээгээр явагдана. Барьж дуусаад тодорхой хугацаанд эх хүүхдийн эмнэлэгт зориулалтын дагуу ашиглаад, эргээд улсад хүлээлгэж өгөх ийм гэрээний нөхцөлтэйгөөр ажиллаж байгаа. Хугацааны тухайд өчигдөр Ерөнхий сайдтай уулзах ажлын хэсгийн уулзалтаар ойрын хугацаанд ТЭЗҮ болон бусад асуудлыг боловсруулж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу холбогдох байгууллагууд ажиллана байх гэж найдаж байна.

-Хэдэн тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн бэ?

-ТЭЗҮ нэгдсэн байдлаар бидэнд ирээгүй байна. Урьдчилсан байдлаар бүгдийг нь давхардуулбал 40 орчим тэрбум төгрөгөөр 100% барилгын болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэл хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Цаана нь 4 тэрбум төгрөг дэд бүтцийн асуудалд зарцуулагдана. Нийтдээ 44 тэрбум төгрөгөөр гүйцэтгэгдэнэ. Үүний дагуу хийгдэх графикийн ажлуудыг бид удахгүй танилцуулна.

-Энэ удаа ямар барилгын компани ажиллах вэ? Өмнө нь ажил гүйцэтгэж байсан “Нийслэл Өргөө” компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон?

-Концессын гэрээгээр санал ирүүлсэн нэр бүхий байгууллагууд байгаа. “Нийслэл өргөө” буюу өмнөх гүйцэтгэгчтэй гэрээгээ цуцалсан. Тухайн байгууллагатай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шийдэгдэнэ.

-Яамдын барилгыг хүүхдийн эмнэлэг болгох асуудал яригдаж байсан. Яг аль барилгыг эмнэлэг болгох вэ?

-Хүүхдийн эмнэлгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг гаргаж, янз бүрийн олон боломжийг судлаж үзэж байсны нэг нь Зам тээврийн яамны байрлаж байгаа байр. Гэхдээ дээрх байр эмнэлгийн зориулалтаар ашиглах стандартын шаардлага хангахгүй байсан учир бид Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилгыг дуудлага худалдаагаар худалдсан. Түүнээс бүрдэж байгаа 6.8 тэрбум төгрөгийг мөн эмнэлгийнхээ нөхцөл байдлыг сайжруулах, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулах асуудалд зарцуулж байна. Эх хүүхдийн үндэсний төвийн тодорхой барилгыг үйл ажиллагаанд оруулах зэрэг өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр хөрөнгө оруулалт байдлаар шийднэ. Харин концессийн гэрээгээр Эх хүүхдийн шинэ эмнэлэгтэй болох асуудлыг шийдвэрлэсэн.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.