Б.Батцэцэг: Дэвжээн дээрээ гарна гэдэг юугаар ч сольшгүй үнэтэй

Д.Тулга / Спорт

battsetsegОдоогоос таван жилийн өмнө Монгол түмний бахархалж болж, Монголын чөлөөт бөхийн ертөнцөд тод од болон гялалзсан охин бол Баатарзоригийн Батцэцэг юм. Гэвч Б.Батцэцэг гэмтэл бэртлийн улмаас барилдаж чадахгүйд хүрч одоогоор чөлөөтийн бөхийн дэвжээгээ орхин Налайх дүүргийн 109 дүгээр бага сургуульд багшилж байгаа. Тиймээс “Баавгай” хочит Батцэцэг маань “Би дэвжээндээ эргэн гармаар байна, залуугаараа гундахыг хүсэхгүй байна” хэмээн Монгол түмнээсээ чин сэтгэлийн тусламж эрсэн юм. Харин одоо Б.Батцэцэг маань УБ Сонгдо эмнэлэгийн алтан гартнуудын буянаар эхний хагалгаагаа амжилттай хийлгэж, Налайх дахь гэртээ гам барьж байгаа.

Ингээд бид Сингапурын олимпын аварга Б.Батцэцэгтэй биеийнх нь байдлын талаар цөөн хором ярилцлаа.

- Биеийнх нь байдал сайн байна уу?

- Сүүлд хийлгэсэн хадаас авах хагалгаа маш амжилттай болсон. Одоогоор биеийн байдал маань сайн байгаа. Ямар ч байсан урьд илэрч байсан зовиурууд байхгүй болж байгаа. Өмнө гэмтэл маань дотроосоо идэгдээд хэцүү, зүгээр явж байхдаа гэнэт өөрийн эрхгүй сөхрөөд суучихна, өвдөг маань мултарч байгаа юм шиг чимээ сонсогддог байснаа гайгүй болж байна.

- Эхний хагалгаа амжилттай болсонд бид маш их баяртай байгаа. Сонгдо эмнэлэг танд энэ саналыг өөрсдөө тавьсан уу?

- Тиймээ. Манай багш руу яриад “Бид Батцэцэгт туслах гэсэн юм” гээд миний дугаарыг багшаас авч надтай холбоо барьсан. Тэгээд “Бид чамтай уулзах гэсэн юмаа, хөлөнд чинь ямар зовиур байгааг үзэж өгье, бидэнтэй ирээд уулзаарай” гэж урьсан. Би дуртайяа саналыг хүлээж авсан. Би ингээд хөлөө эмчлүүлчих юм бол чөлөөт бөхийнхөө дэвжээндээ дахиад гарна шүү дээ.

- Одоо дахиад ямар эмчилгээ байгаа вэ?

- Одоо бол нөгөө яриад байгаа том хагалгаа байгаа даа. Шөрмөсөө залгуулна. Тэр хагалгаанд орохын тулд эхлээд хадаасаа авахуулах хагалгаанд орох шаардлагатай байсан. Сонгдо эмнэлэгийнхэндээ маш их баярлалаа.

battsetseg

- Хагалгааны зардал бүрэн шийдэгдсэн үү? Хэдэн хувьтай явж байгаа бол?

- Одоохондоо шийдээгүй л байна, яг хэдэн хувьтай явж байгааг нь сайн мэдэхгүй юм.

- Дараагийн хагалгаа хийх эмнэлэг бэлэн үү?

- Эмчилгээ хийлгэх эмнэлэг маань бэлэн гэж хэлж болно.

- Чөлөөт бөхийн холбоо ойрдоо жаахан асуудалтай байгаа, тантай холбоо барьж байна уу?

- Шигшээгийнхэн маань миний биеийг асууж утасддаг аа.

- Монголчууд Батцэцэг гэдэг хүнийг мартаагүй гэдгээ харуулж байна. Өмнө та ярилцлагадаа “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэж хэлж байсан?

- Ммм. Маш сайхан байна. Монголчуудынхаа ийм сайхан сэтгэлийн дэм болон итгэлээр тэтгэгдэх надад үнэхээр урам зориг хайрлаж байна. Мэдээж бэлтгэл хийж амжилтанд хүрсэн найман жил гэдэг чамгүй их хугацаа. Миний хувьд дэвжээн дээрээ гарна гэдэг маш их үнэ цэнэтэй, юугаар ч сольшгүй. Дэвжээн дээрээ гарч чадахгүй байх хугацаанд маш их хэцүү байсан. Юм юм бодогддог доо. 2012 онд анх бэртэл аваад барилдахаа болиход хэн ч тоохоо больдог нь үнэн байсан. Гэхдээ одоо сайхан байна. Эмчилгээ хийлгэж байгаа энэ үеэ одоо гэр бүлийнхэн болон найз залуутайгаа даван туулж байна. Цаашид насан туршдаа Монголынхоо ард түмнээрээ манай олимпын аварга, “Баавгай” Батцэцэг шүү дээ гэж дуудуулахыг, ард түмнийхээ аварга ахиад болохыг, дэлхийн дэвжээнд Монголынхоо далбааг дахин мандуулахыг чин сэтгэлээ хүсч байна.

- Хэцүү үед гэр бүлийнхэн л хажууд байсан гэж байсан. Нээрэн та гэр бүлийнхнийхээ тухай жаахан ярихгүй юу?

- Болно оо. Манайх ам бүл тавуулаа. Би айлын том охин, доороо хоёр охин дүүтэй. Бага нас маань Налайхад өнгөрсөн. Би их хөдөлгөөнтэй, зодоонч дүрсгүй хүүхэд байсан даа. /инээв/ Тийм болохоор ч спорт руу орсон байх. Харин одоо тусдаа гараад нөхөртэйгөө хамт амьдарч байна. Манай нөхөр цэргийн хүн бас спортоор хичээллэдэг болохоор намайг маш их дэмжиж түшиг болдог. Намайг хурдан эдгээд 2020 оны олимпод барилдаж чадна гэдэгт итгэлтэй байдаг.

- Мэдээж 2020 оны олимп таны өмнө хүлээж байна шүү дээ.

- Тиймээ. Одоо миний урдаа тавьсан маш том зорилго бол хагалгааны дараа гамаа маш сайн бариад 2020 оны олимпод орж заавал амжилт үзүүлэх болно.

- Тэгэлгүй яахав. Танд амжилт хүсье.

- Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье. Намайг гэсэн бүх хүнд баярлалаа гэж дамжуулаарай.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.