Иргэдийн үйлчлүүлэх соёл дутмагаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emneleg“Эмнэлэгт хэвтэхийн тулд хорь хоног, сар гаруй хүлээх ч энүүхэнд байна. Цахим бүртгэл нь уртаас урт дараалалтай байх юм” гэж иргэд улсын эмнэлгүүдийн үйл ажиллагааны талаар ярьж, ялангуяа I, III эмнэлгүүдэд үзүүлэхэд хүндрэлтэй байна гэцгээж байгаа юм. Өчигдөр өглеө П.Н.Шастины нэрэмжит Улсын нэгдсэн гуравдугаар төв эмнэлэгт очлоо. Дарааллын машинаас дугаар авсан иргэд цахимд бүртгүүлэх гээд сууцгааж байлаа. Амбулаторийн үзлэгийн тасалбар авбал “Таны өмнө 72 үйлчлүүлэгч байна” гэж мэдээлсэн байв. Энэ эмнэлгээр үйлчлүүлэхдээ өөрийн биеэр ийн ирж бүртгүүлж болохоос гадна 70184049 гэсэн утсаар эмчид үзүүлэх цагийг Зөвлөх поликлиникийн цахим бүртгэлийн хэсгээс дугаар авч болдог юм байна.

Хэрвээ утсаар яриад дугаар авчихвал эмнэлэгт өглөө эрт оочерлоод байх шаардлагагүй, товлосон цагтаа ирээд л эмчдээ үзүүлчихнэ. Тус эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзахад “Манай эмнэлэг ачаалалтай байгаа шүү дээ. Та бүхэн харахгүй юу. Ер нь ийм ачаалалтай ажиллаад удаж байна” гэлээ. Өмнө нь монголчууд голдуу хаврын цагт эсвэл бие нь гарцаагүй муудахаар л эмнэлгийн бараа хардаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай иргэд зөвхөн хаврын цагт биш жилийн дөрвөн улирлын турш эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлдэг болсон гэнэ. Үүнийг хүмүүсийн дархлаа сул, бие нь сульдаа, агаарын бохирдол, нийгмийн стрессээс болоод бүгд өвчлөмтгий болсон гэж харж болох ч нөгөө талдаа иргэд өөрийн эрүүл мэнддээ анхаардаг болсонтой холбоотой гэдгийг III эмнэлгийн эмч нар ярьж байлаа.

emneleg

emnelegЗөвлөх поликлиникийн эрхлэгч Ц.Цэрэнхандтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдрийн байдлаар танай эмнэлэг хэр ачаалалтай байна вэ?

-Ачаалал их байгаа. Өвчин гэдэг зүйл цаг улирлаа дагаад уг нь зуны цагт арай гайгүй болдогсон. Тэгтэл сүүлийн дөрвөн жил тэгсэнгүй. Тийм болохоор бид дөрвөн улирлын турш, байнгын ачаалалтай ажилладаг болчихсон. Улаанбаатар хотын суурьшил, өвчин нэмэгдсэнтэй холбоотой мөн хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон нь ийнхүү ачаалал нэмэгдэхэд нөлөөлсөн. Гэхдээ амбулторийн үзлэгийн 30 гаруй хувьд нь татвар төлөгчид хамрагддаг. Үлдсэн 70-аад хувьд нь ажилгүй иргэд, өндөр настнууд үйлчлүүлдэг. Татвар төлөгчид маань ажилтай, завгүй гэдэг шалтгаанаар ер нь эмнэлэгт ханддаггүй. Өвчнөө бүр хүндрүүлээд л нэг юм ирдэг. Үүнд нь бид ихээр эмзэглэдэг. Тиймээс Эрүүл мэндийн даатгалд нь урьдчилан сэргийлэх үзлэгийг нь хамруулаад өгөөч ээ гэдэг асуудал тавьдаг.

-Улсын эмнэлгүүдэд хэвтэх гэхээр “Ор байхгүй”, “Сар хүлээ” гэх мэт хариулт өгч байна гэх юм?

-Гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэх өвчлөл гэж бий. Яг ийм өвчлөлтэй мөртлөө хүлээгдэж буй хүн нэг ч байхгүй. Яаралтай журмаар хэвтүүлчихдэг. Гэхдээ ганц нэг хоног хүлээх тохиолдол гарч болно.

Орон нутагтаа, сум, аймаг, дүүргийнхээ төвд хэвтэн эмчлүүлэх ёстой хүмүүс манай эмнэлэгт ирж хэвтдэг. Энэ нь эмнэлэг, мэргэжилтэн, эмчээ сонгож ирж үйлчлүүлж байгаа хэлбэр. Аль алиныг сонгож байгаа асуудал л даа. Манай нүдний эмчилгээ маш их сонголттой. Хамар хоолойн багаж хэрэгсэл нь маш нарийн болчихсон. Т ийм болохоор энэ чиглэлийн үзлэгт ороход оочер нь сарын өмнө явж байна. Нүдний мэс засал гэхэд урд камерын эмч, арын камерын эмч гээд дотроо ангилагддаг. Маш нарийн болчихсон. Тэгэхээр тухайн эмчдээ үзүүлсэн хүн тэр эмчдээ л дахин ханддаг. Үүнээс болж оочер үүсээд байгаа юм.

Хөдөө орон нутгийнхан хотод ирсэн дээрээ заавал улсын том эмнэлэгтээ үзүүлчихээд явна гэдэг. Та бүхэн ч гэсэн хөдөөнөөс ирсэн ах дүүс хамаатнаа том эмнэлэгт нэг үзүүлчихээд буцаая гэж бодно оо доо. Ийм улсууд ихэнх нь байгаа юм. Зөвхөн тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх шаардлагатай улсууд гэвэл яг үнэндээ оочер байхгүй.

-Тэгэхээр төв эмнэлэгт ирээд байгаа энэ ачааллыг яаж багасгах вэ?

-Дунд шатны, захын эмнэлгүүдийн хүчин чадлыг ихэсгэж, төв эмнэлэгт ирээд байгаа бөөгнөрлийг л тараах ёстой. Т өв эмнэлэгтээ үйлчлүүлэгчид ингээд бөөгнөрөөд байх нь зарим нэг талаар хохиролтой. Мэргэжилтнүүд өсехгүй болчихдог. Нарийн мэргэжлийн эмч дахин цааш бүр нарийн зүйл рүүгээ орж байх ёстой. Тэгтэл өдөржингөө ачаалалд дарагдаад байхаар мэргэжилтэн маань өсөх үү. Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа нэг зүйл манайхны үйлчлүүлэх соёлгүйтэй холбоотой.

Ямар нэг байдлаар бүртгүүлээд эмчдээ үзүүлэх цагаа авчихаад алга болчихдог. Ирж чадахгүйгээ хэлбэл бид дараагийн үйлчлүүлэгчийг оруулна. Гэтэл манайхан эмчид авсан цагандаа ерөөсөө анхаарал хандуулдаггүй. Бас өөрийнхөө цаг завыг тооцоолохгүй байж нэгэн зэрэг хоёр гурван эмчид дугаар авчихдаг. Тэгээд цаг нь өнгөрчихөөр “Танай эмнэлгийнхний буруугаас болоод би үзүүлж чадсангүй” гэж аашилдаг. Зарим нь дугаарын тасалбар өгдөг машинаас хэд хэдэн тасалбар авчихдаг. Энэ мэт манайхны соёлгүй зангаас болоод цахим бүртгэл дээр ачаалал нэмэгддэг гэлээ.

emnelegЦахимд бүртгүүлэхээр сууж байсан С.Дорждагватай уулзлаа. Тэрээр Дорноговь аймгаас ирсэн юм байна. Эхнэр, Улаанбаатарт сурдаг оюутан хүүтэйгээ хамт эмнэлгээр явж байгаа гэлээ. Тэрээр “Би түрүүхэн ирсэн. Цахимд оочертой байгаа ч ажилтнууд нь шуурхай юм шиг харагдаж байна. Ер нь хаа ч иймэрхүү маягаар үйлчлүүлээд явбал болно. Зарим эмчид үзүүлэхэд оочер нь хоёр гурав хоногийн дараа гэж дуулдаж байна. Яах вэ, дугаараа авчихвал боллоо. Хүлээж байгаад үзүүлнэ. Гэхдээ миний урд дугаар авсан хүмүүс ирэхгүй бол надад өгсөнцаг нь урагшилдаг гэсэн” гэж ярив. Улсын эмнэлгүүдийн ачаалал ийнхүү янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад нэмэгдэж байгаа ч манайхны эмнэлгээр үйлчлүүлэх соёл дутмаг байгаа нь гол шалтгаан гэдгийгуулзсан эмч мэргэжилтнүүд ярьж байлаа. Эмчид авсан цаг 1-3 хоногийн дотор байвал бүртгүүлсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь товлосон цагтаа ирж үзүүлдэг юм байна. Эмчид авсан цаг нь 5-7 хоногийн дараа байвал бүртгүүлсэн хүмүүсийн 50 хүрэхгүй хувь нь л цагтаа ирдэг аж. Энэ мэтээр эмчдээ авсан цаг нь хол байх тусам хүмүүс тухайн хугацаандаа ирдэггүй том дутагдалтай гэнэ.

Гадны орнуудад эмчид цаг аваад хэрвээ ирж чадахгүй бол эмнэлэг рүү утасдаж цагаа цуцалж арынхаа хүнийг урагшлуулдаг журамтай. Гэтэл манайд ийм журам баримталдаг ганц ч үйлчлүүлэгч байдаггүй. Хэрэв та ирж амжихгүй болбол эмнэлэг рүү холбогдож учир байдлаа хэлбэл эмч нар таны арын хүмүүсийн цагийг урагшлуулах замаар ачааллаа бууруулах боломжтой гэж эмч нар зөвлөж байна.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

www.DNN.MN

emneleg

emneleg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.